Г.Даваажаргал: “Шивээ-Овоо” ХК уурхайн хэмжээнд “Аюулгүйн бүс” тогтоон ажиллаж байна
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө

Цар тахлын энэ хүнд үед Монгол Улсын төвийн бүсийг эрчим хүчний нүүрсээр хангах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг “Шивээ-Овоо” ХК-ийн ХАБЭА-н хэлтсийн ахлах инженер Г.Даваажаргалаас тодрууллаа.

 

-Цар тахлын дэгдэлтээс хамгаалах зорилгоор нийслэлд болон зарим аймагт хөл хорио тогтоосон. Танай компанийн үйл ажиллагаа явуулдаг Говьсүмбэр аймагт өнөөдрийн байдлаар батлагдсан дөрвөн тохиолдол бүртгэгдсэн юм байна. Энэ нь уурхайн үйл ажиллагаанд нөлөөлж байна уу?

-Говьсүмбэр аймгийн төв Сүмбэр суманд 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн хооронд COVID-19 вирусын халдварын батлагдсан дөрвөн тохиолдол илэрсэн. Манай аймагт ийм нөхцөл байдал үүссэн нь хэдийгээр хүндрэлтэй байсан боловч бид шуурхай арга хэмжээ авч, Сүмбэр сумаас ажилдаа явдаг 32 ажилтныг өөрсдийгөө гэртээ тусгаарлах, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлуулах зөвлөмж өгөн, хяналт тавьж ажилласан юм. Ямар ч нөхцөлд бид үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, доголдолгүй ажиллуулах үүрэгтэй тул уурхайн хэмжээнд “Аюулгүйн бүс” тогтоон COVID-19 вирусын илрүүлэх шинжилгээнд бүх ажилтнуудаа хамруулан урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах төлөвлөгөө, аюулгүйн бүс тогтоох төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж үйлдвэрлэлийг хэвийн явуулсан.

Аймагт цар тахлын батлагдсан тохиолдол илэрсэнтэй холбоотой үүссэн гол хүндрэл бол сэлбэг, материал, тос, тосолгооны материал, түлш татан авахад хүндрэл үүсэж байсан ч бид цар тахалтай холбоотой гарсан тушаал, журам, шийдвэрийн дагуу шаардлагатай эд, материалыг татан авах ажиллагааг хамгийн боломжит хэлбэрээр зохион байгуулснаар өвлийн ид ачаалал, хүндрэлтэй цаг үеийг даван гарч байна. Одоогийн байдлаар орон нутгийн хэмжээнд халдваргүй ногоон бүс болсон боловч нийслэлд халдварын тархалт бүрэн хумигдаагүй хэзээ ч, хэдийд ч халдвар орж ирэх эрсдэлтэй байгаа тул Монгол Улсын төвийн бүсийг эрчим хүчний нүүрсээр тасралтгүй хангах зорилгоор “АЮУЛГҮЙН БҮС”-ийн төлөвлөгөөгөө үргэжлүүлэн хэрэгжүүлж халдвар, хамгааллын онцгой дэглэм тогтоон ажиллаж байна.

-Уурхайчид болон бусад ажилтнуудаа цар тахлаас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор ямар ажлууд хийж байна вэ?

-2020 оны хоёрдугаар сараас эхлэн байгууллагын Гамшгаас хамгаалах шуурхай штаб, мэргэжлийн ангийн аврах бүлгийн гишүүдийн бэлэн байдлыг хангуулан, COVID-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон ажил төлөвлөн хэрэгжүүлсэн. Үүнд Улсын онцгой комиссоос гаргасан тогтоолын дагуу бага насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, жирэмсэн эх, 50-с дээш насны архаг, хууч өвчтэй ажилтнуудыг цалинг нь бүтэн олгож, гэрт нь байлгасан.

Гэрээсээ онлайнаар ажлаа хийх боломжтой ажилтнуудыг ажиллах нөхцөлөөр хангасан. Цар тахлын үед ажилтан бүрд дархлаа дэмжих витаминжуулалт хийн, хоолонд орох үед халуун аарц, чацаргана олгож байна. Ажилтан бүрд амны хаалт, гар ариутгагч, гарын шингэн саван, нүүрний хаалт, нэг удаагийн резинэн бээлий зэргийг тогтмол олгож, хэрэглээнд хяналт тавьж байна. Хоолонд орох үед бөөгнөрөл үүсгэхгүй байхаар цагийн хуваарь гарган зохион байгуулж, хоолны ширээ бүр дээр тусгаарлах хаалт хийн, биеийн халууныг хэмжин, гарыг ариутгуулан, гадуур хувцсыг тайлуулж, хоорондын зайг бариулан оруулж байна. Ажилдаа гарах бүрд нь эрүүл мэндийн үзлэг хийн, биеийн халууныг хэмжин, гарыг ариутган, шинээр амны хаалт олгон, хуваарьт автобусанд суулгаж байна. Автобусыг хүн тээвэрлэхээс өмнө, тээвэрлэсний дараа тогтмол ариутгаж, халдаргүйжүүлж байна. Байгууллагын хэмжээнд “COVID-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө”, “COVID-19 вирусын халдвар илэрсэн үед шуурхай хариу арга хэмжээ авах төлөвлөгөө”, “Уурхайн аюулгүйн бүс тогтоох төлөвлөгөө”, “COVID-19 вирусын шинжилгээнд бүх ажилтнуудыг хамруулах, тусгаарлалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлж байна. Ажлын байр, өрөө тасалгаа, ариун цэврийн өрөө, ахуйн байруудын халдваргүйтгэл, ариутгал, цэвэрлэгээ хийх заавар, зөвлөмж боловсруулан хэрэгжилтэнд хяналт тавьж байна. Аюулгүй ажиллагааны сургалтыг онлайнаар болон видео шторк хэлбэрээр явуулдаг. Нийт ажилтандаа COVID-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах зөвлөмж, батлагдсан мэдээллийг сошиал орчинд болон дотоод сүлжээ, хэвлэмэл хэлбэрээр гарган байнга танилцуулж байна.

-Нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнуудынхаа ар гэр болон аймгийн Онцгой комисс, Төрийн тусгай чиг үүрэгтэй (эмнэлэг, цагдаа) байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-“Шивээ-Овоо” ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Говьсүмбэр аймгийн Онцгой комисс, Шивээговь сумын Онцгой комисстой идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин  таван сая төгрөгний тусламж, 59.9 тн нүүрсний тусламж, нэг удаагийн амны хаалт, хамгаалалтын хувцас зэрэг эд материалын тусламж үзүүлсэн. Шивээговь сумын хяналтын нэг постыг хариуцан, үйл ажиллагааны зардлыг нь дааж, байгууллагынхаа мэргэжлийн анги, аврах бүлгийн гишүүдийг цагдаа, Онцгой байдлынхантай хамтран жижүүрээр ажиллуулж байна.

-Эдийн засгийн байдал хүндэрч байгаа энэ үед танай компани зардлаа танах, нэн шаардлагатай ажилтнууддаа эдийн засгийн дэмжлэг үзүүлэх ажил зохион байгуулсан уу?

-2020 онд зардлаа танах, тэвчиж болох зардлуудыг хасах зорилгоор худалдан авалтын төлөвлөгөөг тодотгон 12 ажлын 1.6 тэрбум төгрөгөөр бууруулсан. Эдийн засаг хүндэрч, хорио цээрийн дэглэмд шилжсэн хэдий ч ажилтнуудынхаа нийгмийн халамж, цалингийн хэмжээг бууруулахгүй байх зорилгоор нүүрс олборлолт, борлуулалтын төлөвлөгөө, ажлын үүрэг даалгаврын биелэлт, ХАБЭА-н зөрчил дутагдалгүй ажилласан гүйцэтгэлээс хамааруулан сар бүр үр дүнгийн урамшуулал олголоо. 2021 оныг байгууллагын хэмжээнд оновчтой төлөвлөлт, хэмнэлтийн жил болгон зарлаж, өртөг бууруулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Одоогийн байдлаар хэчнээн уурхайчин ямар ээлжээр ажиллаж байгаа вэ?

-2021 оны нэгдүгээр сарын байдлаар уурхайн хэмжээнд нийт 553 хүн ажиллаж байгаа. Үүнээс 3-4 ээлжээр 333, өдрийн найман цагаар 220 ажилтан хэвийн ажиллаж  байна. Манай уурхайн хувьд росторын системээр ажилладаггүй, ажилтнууд нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумандаа жилийн дөрвөн улирал ажиллаж, амьдардаг тул өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед шилжилт, хөдөлгөөн багатай, гаднаас болон бусад аймаг, орон нутгаас халдвар орж ирэх эрсдэл бага байгаа нь үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад давуу тал болж байгаа юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.