Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно
.
Үйл явдал
/
9 сарын өмнө

"Эрдэнэс Монгол" ТӨХК-ийн охин компани болох "Мон-Атом" ХХК нь Францын "Орано Майнинг" компанитай хамтран "Бадрах Энержи" ХХК-ийг байгуулсан. "Бадрах Энержи" ХХК нь Дорноговь аймгийн нутагт орших Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж байгаа юм. Зөөвч-Овоо нь 93 мянга 291 тонн ураны нөөцтэй Монгол дахь хамгийн их нөөцтэй ураны ордуудын нэг бөгөөд 2021 оны долоодугаар сард үйлдвэрлэлийн туршилтаа эхэлжээ.

Энэ талаар Д.Далайжаргал "Юун түрүүнд бид жилд хэдэн тонн уран олборлож чадах, хэдэн төгрөг зарцуулах зэргийг судлан үйлдвэрээ бэлтгэж байна. Үйлдвэр нэгэнт эхэлсэн бол зогсож болдоггүй тул доголдолгүй ажиллах нөхцөлийг хангах шаардлагатай. Үйлдвэр зогсвол маш их алдагдал хүлээдэг. Тиймээс эхний жилдээ үйлдвэрээ туршаад ашиг орлогын тооцоолол гаргасны дараа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. Үйлдвэрийн туршилт 2022 оны сүүл гэхэд дуусна. Тэр үед нь хөрөнгө оруулалтын гэрээгээ амжилттай байгуулбал Монгол улсад анх уран олборлож эхэлнэ. Үйлдвэр ажиллаад эхэлбэл 800-1200 хүн ажлын байртай болно. Дэлхий дээр ураны нөөцтэй 16 улс байдгийн нэг нь Монгол. Манай улсад дэлхийн нийт ураны нөөцийн 2 хувь нь оршдог. Эдгээр улсууд ураныг олборлох явцад шар нунтаг гэх бүтээгдэхүүн гаргаж авдаг. Тухайн шар нунтгийг цөмийн эрчим хүчний түлш болгон хувиргадаг, боловсруулах үйлдвэр нь таван улсад л бий" гэв.

 

Уран олборлолтын эцсийн бүтээгдэхүүн буюу шар нунтаг нь хүн, амьтны эрүүл мэндэд хорт нөлөө үзүүлэхүйц цацраг идэвхгүй

 

Уран олборлолтын эцсийн бүтээгдэхүүн буюу шар нунтаг нь хүн, амьтны эрүүл мэндэд хорт нөлөө үзүүлэхүйц цацраг идэвхгүй

 

Зөөвч-Овоо ордын ТЭЗҮ-г 2015 онд баталж дараа жил нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон ба Ашигт малтмал, газрын тосны газартай орд ашиглах гэрээ байгуулжээ. Улмаар 2018 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын барилгыг 2019 онд ашиглалтад оруулсан байна. Ордын судалгаа үйлдвэрлэлийг хариуцах "Бадрах Энержи" ХХК-ийн 34 хувийг "Мон-Атом" ХХК буюу төр эзэмшдэг бөгөөд үлдсэн 66 хувь нь Францын "Орано Майнинг" компанид харъяатай. Зөвхөн 2020 онд дэлхий даяар 6529 тонн уран олборлосон, туршлагатай "Орано Майнинг" нь Канад, Нигер, Казахстан зэрэг улсад уран олборлодог байна. Дэлхийн уран олборлох үйлдвэрүүдийн 57 хувь нь ашиглаж буй ГДУО (Газрын доор уусган олборлох) аргыг Зөөвч-Овоо ордод хэрэглэх аж. Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж олборлолт эхэлбэл дараагийн 35 жилийн турш үргэлжлэх уг төсөл нь "уул уурхайн хөгжлийн шинэ шат" гэж Д.Далайжаргал хэлсэн юм.

Эх сурвалж: Gogo.mn


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.