Б.Одсүрэн: Буруу рультэй автомашин хөдөлгөөнд ХЭВЙИН ОРОЛЦОНО. Буруу мэдээлэл цацагдсан байна лээ
З.Батхуяг
Ярилцлага
/
3 долоо хоногн өмнө

Олон нийтийн сүлжээнд буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэх мэдээлэл гарсан. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээс энэ талаар тодрууллаа.

-Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Арваннэгдүгээр сарын 4-нд Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, хотын төвлөрлийг задлах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдсан. Тус хуралдаанаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээ болоод зорилгоо танилцуулсан. Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг бол худал, ташаа мэдээлэл. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо 652 мянгад хүрсэн. Он гарахад энэ тоо ойролцоогоор 700 мянгад хүрэх тооцоо бий. Зохицуулалт хийхгүй энэ байдлаараа үргэлжлэх юм бол Улаанбаатар хотын автомашины тоо гурван жилийн дараа 900 мянгаас нэг саяд хүрэх төлөв ажиглагдаж байна Автомашины тоо нэмэгдэж байгаагаас үүдэн замын хөдөлгөөний дундаж хурд 2019 онд 13 км цагийн хурдтай байсан бол саяхан тооцоо хийж үзэхэд 10 км цагийн хурдтай болж буурсан байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд 2028 оноос эхлэн баруун гарын дүрэмд 100 хувь шилжье гэсэн саналыг оруулж байна.  Тэр болтол автомашинууд замын хөдөлгөөнд хэвийн байдлаар оролцоно. Импортоор орж ирж буй автомашины 90 гаруй хувь нь долоогоос дээш жилийн насжилттай байдаг. Тиймээс эдгээр автомашины татварыг нэмэх талаар ярьж байгаа. Мэдээж дээрх асуудлуудаар иргэдээс санал, асуулга аван, уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлэнэ.

 

-Хотын төвлөрөл, замын ачааллыг бууруулахын тулд 420 тэрбум төгрөг төсөвлөж байгаа. Ямар ажлууд хийж, мөн хийхээр төлөвлөж байна вэ?

-420 тэрбум төгрөгийг хотын түгжрэлийг цогцоор нь бууруулахад зарцуулах тухай шийдвэр Засгийн газрын 146 дугаар тогтоолоор гарсан. Уг төсвийн хүрээнд нийт 12 төсөл, хөтөлбөр хэрэгжинэ. Тухайлбал, Яармагийг “ТЭЦ-4”-ийн замтай, цаашаагаа Энхтайваны гудамжтай холбох 650 метр урттай гүүр нийтийн тээврийн сүлжээ, төлөвлөлтийг нэмэгдүүлэх зорилготой гол гудамж, замуудын төсөл, ажлуудыг  хийнэ. Түүнчлэн явган болон дугуйн зам, нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой ажлуудыг төлөвлөсөн.

-Яармаг орчмын түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийх вэ?

-Яармагаас хотын төв рүү чиглэх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлөх судалгааг хийж дууссан. Дараагийн долоо хоногт Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна. Эхний ээлжид нийтийн тээврийг чөлөөтэй явуулах шийдэл гаргахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.