Т.Батцогт: ЖОЛООЧИД нь заавал мэдэгдэж, таван минут хүлээсний дараа машиныг нь АЧДАГ байхаар зохицуулна
З.Батхуяг
Ярилцлага
/
2 долоо хоногн өмнө

Улстөрч.мн сайтын ярилцлагын зочноор НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт уригдлаа. Тэрбээр БЗД-ээс НИТХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгч юм.

Нийслэлийн эрх баригчид бүрэн эрхээ хэрэгжүүлээд яг нэг жил болж байна. Энэ хугацаанд хэрхэн ажилласан гэж та дүгнэх вэ?

Д.Сумъяабазар даргын удирдлагын баг бүрэн эрхээ хэрэгжүүлээд нэг жил орчим болж байна. Мэдээж дэлхий нийтээр Ковидын хүнд үеийг даван туулахад бүх анхаарлаа төвлөрүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө байдаг хүчээ дайчиллаа. Манайд ч бас. Цаг хугацааны хувьд амаргүй мөчлөг таарсан учраас ажил хийсэнгүй гэж шүүмжлэхийг урьтал болгоод яахав. Шинэ баг бүрэлдэхүүнд бас эвлэрэх, учир зүйгээ, ажлын арга барилаа олоход тодорхой хугацаа өгөх ёстой. Энэ өнцгөөс нь харах хэрэгтэй байх.

Харин таны хувьд сонгогдсон тойрог хороондоо ковидын үед хэрхэн ажиллав?

Иргэдтэйгээ уулзах нь бүү хэл ганцаараа гадуур явахад ч бас хүндрэлтэй, хязгаартай он цагийг өнгөрөөлөө. Гэхдээ яахав УОК, НОК-оос гаргасан шийдвэр, дүрэм журмын дагуу л ажиллаа. Зорилтод бүлгийн өрхүүдэд хувиасаа хүнсний тусламж олголоо. Эрүүл мэндээ дэмжиж, дархлаагаа нэмэгдүүлэх болон Засаг төрөөс хэрэгжүүлж буй вакцинжуулалтад иргэдээ хамруулахад тус болох үүднээс нэлээд идэвхжүүллээ. Ерөнхийдөө ийм хэлбэрээр л оролцлоо. Ор тас зүгээр суусангүй.

Таны сонгогдсон тойргийн дийлэнхийг нь гэр хорооллын айл өрх эзэлдэг. Баянзүрх дүүргийн гэр хорооллын айл өрхөд тулгамдсан, нэн даруй шийдэх асуудал юу байна вэ?

Бараг 70 орчим хувь нь гэр хорооллын айл өрх байдаг. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ дутмаг, харанхуй, шороон замтай, золбин нохой муур ихтэй гээд анхаарах ёстой асуудал их бий. Нийслэлийн төлөөлөгчийн хувиар гэр хорооллын гудамж талбайн гэрэлтүүлэгтэй болгоход онцгойлон анхаарч байгаа. Энэ бол нийслэлийн хэмжээнд шийдэх ажил. Харин дүүрэг, хорооны төвшинд зам харгуйг тэгшлэх, сайжруулах, ядаж л хог хаягдлыг цаг нь ачиж цэвэрлэх, хашаа хороог тэгшлэх гээд шийдэж болохоор зүйлийг хийхгүй байгаад харамсдаг. Ковид нэг талдаа хүндрэл дагуулж байгаа ч нөгөө талдаа эрх баригчдад ажил хийхгүй байх сайхан шалтаг, далим болж байгаа нь нууш биш боллоо.

Та чинь бас дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр соногдсон байх аа. Дүүргийн эрх баригчдын ажилд хяналтаа хэр тавьж байна вэ?

Түрүүн хэлсэн. Тэдэнд ч бас ажил хийх боломж, хугацаа хэрэгтэй. Би ч бас өмнө нь дүүргийн Засаг даргын орлогч гээд төрийн ажил хийж үзсэн. Ажил хийх хугацаа боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Сөрөг хүчин гэхээрээ л бүгдийг харлуулж, эсэргүүцэж шаарддаг зүйл бас биш. Цаг үе, нөхцөл байдлыг нь дүгнэсэн ч тэдэн хугацаа шаардлагатай байна. Баянзүрх дүүргийн зарим хороодын дарга нар одоо л ажилдаа дасаж, хороогоо судалж байна ш дээ.. Тэгэхээр чинь шахах нь утгагүй. Ядаж хоёр жил болчихвол, бас шүүмжилж болмоор.

Гэхдээ саяхан болсон Баянзүрх дүүргийн ИТХ-ын хурал дээр бөөн юм болсон. Хороодыг хувааж 43 болгоё гэж баахан хэрэлдсэн. Энэ чинь танай намыг Засаг барьж байхад л яригдсан хувилбар шүү дээ?

2016-2020 онд байсан НИТХ, Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд энэ хувилбарыг ярьж, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул зэрэ дүүргүүдийн хүн ам ихтэй хороодыг хувааж, засаг захиргааны анхан шатны нэгжүүдийг бий болгосон. Манай дүүргийн хувьд хүн амын нягтаршил ихтэй зургаан хороог хуваая гэдэг шийдвэрийг өмнө нь гаргаж байсан. Харин дүүргийн ИТХ дахь олонхийн бүлэг хүч түрж 28 хороог бүгдийг нь хуваах санал гаргасан. Байж болохгүй зүйл. Ковидоос үүдэж улсын эдийн засаг хямарчхаад байхад татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар үрж, 2024 оныхоо сонгуулийн төсвийг босгох гэж байна. Бод доо, манай дүүргийн ИТХ 43 төлөөлөгч байдаг. МАН-ынхан 2024 онд 43 хүнийг дүүрэгт нэр дэвшүүлэхийн тулд тэнд хүний нөөцөө бүрдүүлэх санаа юм. Ийм зүйл байж болохгүй.

Гэхдээ л нийслэлд ч, дүүрэг ч тэр дорвитой ажил хийгээгүй байж, төсвийн мөнгийг үр ажиггүй зүйл зарцуулсаар л байна шүү дээ. Анхаарах л ёстой биз дээ?

Үнэн. Чамлалттай байгаа. ядуурал, ажилгүйдэл, халамж, авлигал, тансаглал, халаа сэлгээ, түгжрэл гээд дээд цэгтээ тулсан уу гэвэл тулчихсан. Харин эрх баригчид өдөр шөнөгүй л хуралдаж, цуглах юм. хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол гэж нэг цонх үеийг бий болгочихлоо. Д.Сумъяабазар дарга ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДЭХ МЭРГЭН АРГА надад бий гэж хэлснээс хойш бүтэн нэг жил өнгөрч байхад хотод гурван удаагийн нам гацалт болсон. Шийдэл олж харахгүй л байна. Э.Бат-Үүл даргын үед олны шүүмжлэл дундуур бид бэлэн мөнгийг автобусны хэрэглээнээс халж, цахим картыг нэвтрүүлсэн. Одоо үүн шиг том дэвшил сүүлийн таван жилд хийгдээгүй. Ингээд бодохоор эрх баригчид хэл амнаас айгаад олигтой зүйл хийхгүй байна гэж дүгнэж болохоор. Зориг дутаж байна. Сөрөг хүчний төлөөлөл гэхээр өрвөлзөөд, өө хайгаад шүүмжлээд байхыг илүүд үздэггүй. Шүүмжлэх нь бидний ажил биш. Харин ажил хэрэгч санал, шийдлүүдийг танилцуулж, баг болоод хамтраад явахыг чухалчилдаг. Энэ бодлогын хүрээнд ч олны анхаарлын төвд байдаг нэг чухал ажлыг миний бие шийдэхээр саяхан ажлын хэсэг ахлаад шийдэл хайж, НИТХ-ын тогтоолын төсөл боловсруулж байна.

Ямар асуудлыг яаж шийдэхээр болов. Сонирхол татаж байна шүү?

Та бүхэн бүгд мэднэ. Нэгдүгээр эгнээнд машинаа тавиад ажил амжуулах хойгуур машиныг нь ачаад явчихдаг энэ тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж байна. Ажлын хэсэг гарчихсан, шийдлээ ярилцаж байна.

Жолооч нарт тулгамдсан асуудал мөн. За ямар шийдэл гаргаж байна вэ?

Зогсоолгүйн улмаас ийм асуудал үүсдэг. Үүнийг зохицуулахын тулд ажлын хэсэг дээр олон санал гарч байна. Тухайлбал, нэгдүгээр эгнээнд машинаа тавьсан машиныг ачихаас урьтаж ЖОЛООЧИД нь заавал мэдэгдэнэ. Гурваас таван минут хүлээнэ. Хамгийн сүүлд ачдаг байх нь зөв гэж үзсэн. Бас нэгдүгээр эгнээнд машинаа тавьсан жолоочид зөрчлийн хуулиар өндөр торгууль ногдуулдаг байх, эзэнд нь мэдэгдэлгүй машин ачвал тухайн байгууллагад хариуцлага тооцдог болох, машин ачилтын компаниуд нийслэлд татвар төлдөг байх, машинаа ачуулсан жолоочид таны тээврийн хэрэгслийг тэнд байрлах, тэд дүгээр цэгт аваачсан гэдэг мэдээллийг тодорхой болгох гээд олон санал гаргаж байгаа. Хамгийн чухал нь жолооч нар нэгдүгээр эгнээнд машинаа тавьдаггүй болох нь чухал. Тэгэхээр жолооч нарыг ч бас хариуцлагжуулж, удаа дараа ийм зөрчил гаргавал оноо хасдаг болгох тогтолцоо ч байж болох юм гэж ярилцсан.

Боломжийн хувилбарууд байна. Гэхдээ зарим нь НИТХ-ын эрх хэмжээнээс хэтэрсэн хувилбарууд байна шүү?

Тийм. Тухайлбал, Зөрчлийн оноо хасдаг болох, торгуулийг нэмэгдүүлэх гээд энэ хувилбарууд чинь УИХ-аар шийдэх юм. Тэгэхээр хууль тогтоогчдод санал өгөх боломжтой. Энэ мэтээр эрх баригчдын хийж, санаачилж чадаагүй ажлыг хийх нь сөрөг хүчний үүрэг шүү дээ.

2022 оны нэгдүгээр сарын 01-нээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. НИТХ-аар олон жил хэлэлцүүлж байж батлууллаа. Үүнд та ямар бодолтой байна вэ?

Олон жил ярьсан зүйл маань хууль болж гарсанд баяртай байна. Энэ хууль сайн хууль болсон. Нийслэл өөрөө 420 тэрбумын хангалттай төсөвтэй болчихлоо. Одоо ажлаа сайн хийх л үлдлээ. Мөнгөгүйн зовлонг эрх баригчид тоочвол ичгэвтэр. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжсэнээр нийслэл өөрийн гэсэн татварын орлоготой, дагуул хотуудтай болж, төвлөрөл нь саарах, эдийн засаг дэл бүтцийн хувьд хөгжинө гэж үзэж байгаа. Энд нэг зүйлийг хэлэхэд Сонгинохайрхан, Баянзүрх гэсэн хүн ам ихтэй хоёр дүүргээ дагуул хот гэж үзэх ёстой. Энэ мэт анхаарах зүйл бий. Одоо цаашдаа хуулийн хэрэгжилтийг хангахад хяналт тавиад явна гэж бодож байгаа.

Ярилцсанд баярлалаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.