Сонгинохайрхан дүүрэг ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ боллоо
Д.Лхам
Үйл явдал
/
2 сарын өмнө
Сонгинохайрхан дүүрэгт “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг байгуулах санаачлагыг анх өнгөрсөн гуравдугаар сард гаргаж бэлтгэл ажлыг хангаж ирсэн. Энэхүү эрэгтэйчүүдийн хөгжлийн төвийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо.
 
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны гэр бүлийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар болон бусад албаны төлөөллүүд болон иргэдийн хамтаар оролцлоо.
 
Тус төв нь эрэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жендэрийн тэгш байдлыг хангах, нийгэм дэх эрэгтэйчүүдтэй холбоотой сөрөг үзэгдлийг хамтын оролцоо, нөлөөллийн аргаар бууруулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулна.
 
Одоогийн байдлаар 20 хүнийг байнгын ажлын байраар хангасан бөгөөд үйлдвэрлэл эрхлэгч 32 иргэний 80 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг борлуулалт, үйлчилгээний хэсгээр дамжуулан худалдаалж өрхийн бизнесийг дэмжиж байна. Мөн үйлдвэрлэл сургалтын хэсэг болох Гар урлал, Модон эдлэл, Алт мөнгөний дархан, Оёдол, эсгүүр, Гар утасны засвар зэрэг мэргэжлийн сургалтад иргэдийг хамруулж нэг жилийн хугацаанд 252 хүнийг сурган ажлын байранд зуучлах юм.
 
Эрэгтэйчүүдийн хөгжлийн төвийн үйлдвэрлэл, сургалтад амжилттай хамрагдсан иргэд өөрсдийн үйлдвэрлэлийг эхлүүлэх бүрэн боломжтой ба бараа бүтээгдэхүүнээ тус төвөөр дамжуулан зах зээлд гаргах нөхцөлөөр хангагдана. Иргэд энэхүү төвд гишүүнчлэлтэй болсноор өөрсдийн ур чадварыг хөгжүүлэн, оролцооны клубүүдэд нэгдэх, баг хамт олонтой болох, соёл, спортын арга хэмжээнд оролцох, гарааны бизнесийг дэмжих төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах зэрэг хэд, хэдэн чиглэлээр нийгмийн оролцоогоо сайжруулах боломжтой.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.