С.Амарсайхан: ОХУ-ын зүгээс Эгийн голын УЦС-ын төсөлд ОРОЛЦОХГҮЙ гэсэн
З.Батхуяг
Үйл явдал
/
1 сарын өмнө

ОХУ, Монгол Улсын Засгийн газар хооронд хийсэн уулзалтаар хөндөгдсөн асуудлаар Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан тайлбар өгч байна.


Тэрбээр “ОХУ, Монгол Улс Засгийн газар хоорондын комиссын хуралдаан жил бүр болдог. Уг хуралдаанаар хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ төсөл хөтөлбөрүүд, мөн худалдаа эдийн засгийг өргөжүүлэх, эдийн засаг соёл, боловсрол шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс хамтын ажиллагааны комиссын хуралдааныг энэ оны гуравдугаар сарын 12-ны өдөр цахимаар хийсэн. Энэ удаагийн хуралдаанаар  айлчлал, хурлын бэлтгэл ажил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д ирэх сард хийх айлчлалын бэлтгэлийг хангах, хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хэрэгжүүлэх арга хэмжээ, ирээдүйн зорилтыг тодорхойлох, эдийн засгийн төсөл хөтөлбөрийг ярилцсан.

Тухайн үед ОХУ-ын Засгийн газрын орлогч, миний бие мөн хурлын үйл ажиллагааны мэдээллийг өгч байсан. Хэд хэдэн асуудал яригдсан.

  • Эрчим хүчний асуудал яригдаж, гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийг хамтдаа хийх, ТЭЗҮ хийгдээд дуусч байна. Өргөтгөх ажил ирэх жил эхэлнэ.
  • Төмөр замыг салбарыг шинэчлэх хүрээнд төмөо замын тарифыг шинэчлэх хүрээнд хоёр тал тохиролцсоны үндсэн дээр 2025 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх шинэчлэлийг хийх,
  • Газрын тосны бүтээгдэхүүн ялангуяа газрын тосны бүтээгдэхүүний хангалт нийлүүлэлт, шинэ нисэх онгоцны буудлын агаарын тээврийн шатахууныг нийлүүлэх тухай,
  • Мөн байгаль орчин экологийн салбарт хамтарч ажиллах, хөдөө аж  ахуйн салбарт ажиллах, Евро-Азийн холбоонд хэрхэн цааш нь оролцоогоо хангаж явах боломжтой эсэх талаар,
  • Хийн хоолойн төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцсэн.

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Эгийн голын усан цахилгаан станцын асуудлын талаар тодруулахгүй юу?

-Монгол Улс хөрш орнуудтайгаа эдийн засгийн харилцан өгөөжтэй хамтарч ажиллах бодлогыг барьж ирсэн. Энэ хүрээнд Эгийн голын УЦС, эрчим хүчний бусад цогцолборыг өргөтгөх талаар олон талаас нь ярилцсан. Эгийн голын УЦС-ын асуудлаар иргэд мэдээлэлтэй байгаа байх. Хэрэгжүүлэх тал дээр хоёр тал байр сууриа харилцан адилгүй илэрхийлж ирсэн. Манай талаас дунд болон их оврын цахилгаан станцыг барьж байгуулах, байгаль орчин, экологийн тэнцвэртэй байлгах, эдийн засгийн үр өгөөжийг бодолцож хамтарч хэрэгжүүлэх санал тавьж буй. Хил орчмын гол горхины урсацийг хадгалах, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх асуудал хаа сайгүй яригддаг. Тэр хүрээнд ОХУ-ын зүгээс Эгийн голын УЦС-ыг барьсан тохиолдолд байгаль орчинд тодорхой сөрөг нөлөө үзүүлж болзошгүй учраас энэ төсөлд оролцоно гэдгээ хэлэх боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлж буй. Тиймээс хоёр тал цаашдаа байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүйгээр хамтарч судалъя гэдэг байр суурь илэрхийлж байгаа. Нэг нь сөрөг байр суурьтай байгаа зүйл байхгүй. Гэсэн хэдий ч бид Эрдэнбүрэнгийн УЦС, Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийг үргэлжлүүлж буй. Айхтар ноцтой үл ойлголцох зүйл байхгүйг хэлье.

Эгийн голын УЦС сэдвийн хүрээнд ОХУ, манай улс ч тэр ялгаагүй хаа хаанаа эцэслэн байгаль орчны сөрөг эерэг үр дагаврын талаар нэгдсэн судалгаа тооцооны үр дүнг гаргах ёстой гэж үзэж байна. Франц улсын зарим компаниуд судалгааг хийгээд эхэлсэн.

-Хил хаасан талаар мэдээлэл өгөхгүй юу. Одоо ямар байдалтай байна вэ?

Хил нээх асуудлыг хойшлуулсан, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаа шиг бүх тээвэрлэлт хаагдсан гэдэг нь албан бус мэдээлэл. Ийм эцсийн шийдвэр Монгол Улсын талаас, Хятадын талаас ч гараагүй. Хэрвээ тийм шийдвэр гарсан бол Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамдаар дамжуулаад албан ёсны дипломат шугамаар мэдээлэл өгдөг зарчимтай.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд болон хил гаалийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байгааг та бүхэн мэдэж буй. Төмөр замын ачаа тээвэр хэвийн явж байгаа. Өнгөрсөн хугацаанд Хятадын талтай тохиролцсоноор авто тээврийн татан авалтуудаа нээх шийдвэр гаргасан. Гурав хоногийн дараагаас эхлээд үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлнэ. Монгол Улс, Хятад хоёрын хооронд хилийн нойл цэг дээр ачаа бараагаа солилцоно. Контейнер чингэлэг тээврээр ачаагаа явуулна. Манай талаас бэлтгэлээ хангаад дууссан. Хятадын талаас бэлтгэл хангагдсан. Хил орчмын хяналтын үйл ажиллагааг уялдуулах, Зам тээврийн яамнаас хариуцсан ажлын хэсэг гарч, газар дээр нь очиж ажиллаж, тээвэрлэлтэд оролцох жолооч, чингэлэг ачиж буулгадаг каран гэх мэт бүгдийг нь чиглүүлэх ажилд орсон явж байгаа.

Ингээд ойрын өдрүүдэд Замын-Үүд боомт авто машинаар чингэлэг тээврээр ачаагаа авах боломж бүрдэнэ. Энэ бол бүр илүү боломжтой нөхцөл бүрдэж байна гэж бид үзэж буй. Хүний оролцоогүйгээр шууд ачаа тээврийнг хилийн нойл цэг дээр солилцоно гэдэг нь цаашаа эргэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Өмнө нь жолооч нараа цаана гаргаж тусгаарладаг, жолооч хүрэлцдэггүй эрсдэлтэй байдал үүсдэг байсан бол тээвэрлэлтийг каранаар хүний оролцоогүйгээр хийснээр илүү тогтвортойгоор явна. Давуу байдал хаа, хаанаа үүсч буй. Эхний ээлжид хэдэн зуугаар нь оруулаад ирэх боломжгүй. Цаад талаас санал болгож буй хүрээнд зохион байгуулалтаа хийж, цааш нь жигдрүүлэх асуудал шийдвэрлэгдээд явна.

-Төмөр замын тарифыг хэдэн оноос эхлэн нэмэх юм бэ?

-Төмөр замын тарифыг нэмэгдүүлэх асуудлыг ОХУ-ын талаас тавьсан. Бид ч мөн байр суурь нэг байгаа. Гэхдээ үе шаттай нэмэгдүүлнэ. 2030 он хүртэл УБТЗ-ын өргөтгөл шинэтгэл, технологийн байгууламжуудыг сайжруулах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэхтэй холбоотой вагон чиргүүлийн тоог нэмэгдүүлэх, хос замтай болох гэх мэт олон асуудал яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд төмөр зам шинэчлэгдээгүй, тарифыг удаан хугацаанд нэмэгдээгүй нэг түвшинд барьж ирсэн. Тиймээс зарим ачаа барааг тарифыг нь үе шаттай нэмэгдүүлэх асуудал яригдсан. Хоёр улсын зам тээврийн яамд харилцан тохиролцож ямар барааг, ямар тарифаар явуулах вэ гэдгээ шийдвэрлэж төмөр замын ерөнхий хороогоор эцэслэх юм.

-Хоёр улсын хамтарсан хийн хоолойн төслийн ТЭЗҮ ямар шатандаа явна вэ?
 
-Хийн хоолойн дамжуулах асуудал ТЭЗҮ хийгдээд дууссан. Цаашдаа ОХУ-ын талтай хамтраад инженер техникийн нарийвчилсан зураг төсөлд орно. Хоёр жилийн хугацаанд зураг төслийн ажил хийгдэх ёстой. Үнэ тариф, түрээсийн төлбөр, төсөвт төвлөрөх орлогын талаар нарийвчлан тоо хэлэх боломжгүй. ОХУ, Хятад улстай хамтарч дараагийн шатанд орох ёстой нарийн гэрээ хэлэлцээрүүдийн үе шат явагдана. Энэ асуудал Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нарийвчилж яригдах төлөвтэй байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.