Хүзүүвчний тусламжтайгаар зээр болон бусад амьтдын нүүдлийг хянаж байна
.
Үйл явдал
/
5 сарын өмнө
Хиймэл дагуулын дамжуулагчтай байршил тогтоогч хүзүүвчний тусламжтайгаар хар сүүлт, зээрийн нүүдлийн хөдөлгөөнийг судалж эрсдэлд орохоос сэргийлэх зорилгоор төмөр зам дагуух нүүдлийн гарцуудыг судалж гарц гаргахаар  ажиллаж эхэлсэн талаар “Оюу толгой” компанийн Байгаль орчин, биологийн олон янз байдлын багаас мэдээлэл өгөхдөө онцолж байсан юм.  Ингэснээр эдгээр амьтад төмөр зам дагуу болон хилийн торон хашааг нэвтрэхэд саадгүй болох ажээ. Нүхэн гарцгүйгээс жилд 4000-5000 цагаан зээр  торон хашааг нэвтрэх гэж үхдэг талаар энэ үеэр мэдээлсэн юм.
 
 
сонин mn
 
2021 оны байдлаар манай улс 73 мянган хар сүүлт, 57 мянган хулан бүртгэсэн. Дэлхий дээрх нийт хулангийн 95, хар сүүлтийн 80 хувь нь Монголд амьдардаг. Төв Азид эдгээр амьтад байдаггүй юм байна. АНУ-д төвтэй “Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг” ТББ-аас эдгээр амьтдыг хамгаалах үүргийнхээ хүрээнд 2012 оноос амьтдын хүзүүнд сансрын дохиололтой хүзүүвч зүүж, нүүдэлтэй холбоотой мэдээллийг цуглуулсаар иржээ. Манай улсын говь хээрийн бүс 900 мянган хавтгай дөрвөлжин нутгийг хамардаг. Энд амьдардаг амьтад нь өргөн уудам нутагт тархан амьдардаг онцлогтой. Жишээлбэл, нэг хулан адуу жилд 70 мянган хавтгай дөрвөлжин нутагт, цагаан зээр 30 мянган хавтгай дөрвөлжин нутагт нүүдэллэн амьдарч, үрждэг ажээ. 2012 оноос хойш туурайтан амьтдын (хулан, хар сүүлт) тоо толгой, нүүдэл шилжилт хөдөлгөөнийг “Оюу толгой” уурхайн орчим буюу хоёр аймагт  ШУА-ийн Биологийн хүрээлэн, их сургуулийн профессор, судлаачдаас бүрдсэн баг нийт 3500 км км туулж  2012 оноос өнөөдрийг хүртэл  онд судалгаа хийжээ. Хулан уснаас ихээхэн хамааралтай ч тэдний уст цэгүүд хамгаалалтгүй буюу улсын тусгай хамгаалалттай газар болох  говийн дархан цаазтай газрын гадна оршдог юм байна. Тус нийгэмлэг амьтдаа хамгаалахын тулд газар нутгийг хамгаалах шаардлагатай болж ийнхүү “Оюу толгой” уурхай болон хамааралтай аймгынхантай хамтарч ажилласны үр дүнд 2013 оноос хойш эдгээр амьтдын тоо толгой өсөөд байгаа талаар ярьж байв. Гэвч  хулан, цагаан зээрийн нутаг зүүн бүсэд барьж буй шинэ төмөр замаар хуваагдах эрсдэлтэйг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгээс анхааруулаад байгаа юм. Хэрэв төмөр замын хоёр талаар тор татвал хулан, хар сүүлтийн нутгийг хуваах эрсдэлтэйг хэлж буй. Гэхдээ тус байгууллагаас  амьтдад ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд  2017 оноос УБТЗ-ын Сайншанд дагуух торон хашааг хэсэгчлэн авч, заримыг нь БОАЖЯ, ЗТХЯ-тай хамтарч буулгасан байна.  Ингэснээр хулан анх удаа төмөр замын баруунаас зүүн тийшээ нэвтэрч байжээ. Гэвч энэ онд халдварт өвчин гарсан тул хашааг буцаан хаажээ. Гэхдээ зарим хэсэгт цагаан зээрэнд ээлтэй болгохын тулд торыг өөрчлөн, торны доогуур гаргах боломжтой болгосон байна. Хэдийгээр тороо дор бүр нь  засдаг ч Хятадын хил мөн тортой тул нэг ч амьтан хил давдаггүй гэнэ. Цаашдаа ч иймэрхүү зохицуулалтыг хийх талаар тус ТББ, “Оюу толгой” компанийн судалгааны багийнхан ярьж байв.
 
 
сонин mn
 
Байгаль хамгаалагчдыг  ухаалаг гар утсаар ханган, утасных нь тусламжтайгаар байгаль хамгаалагчдын явсан маршрутыг алсаас хянаж байгаа тухай хэллээ. Үр дүнд нь хууль бус ан агнуурыг ил болгоход хувь нэмэр оруулж энэ онд гэхэд хулгайн 3-4 ан илрүүлжээ. Хулгайн антай тэмцсэний үр дүнд амьтдын тоо толгой өссөн аж.  2014 оноос өнөөг хүртэл говийн бага дархан цаазтай газартай хамтран байгаль хамгаалагчдыг сурган мэргэшүүлжээ. Хяналтын энэ системийг дэлхийн 60 гаруй улсад 30-аад хэл дээр хөрвүүлэн ашигладаг. 2020 оны эргүүл хяналтын мэдээгээр байгаль хамгаалагчид 32 мянган км зам туулж, 132 удаагийн шалгалт явуулжээ. Энэ бол зөвхөн Өмнөговь аймгийн нэр бүхий сумдын байгаль хамгаалагчдын мэдээлэл юм. Цаашид Өмнөговь, Дорноговь аймгийн сумдад энэ системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэлээ.  МХЕГ, аймгийн байгаль орчны газар, тагнуул, Экологийн цагдаа гэх мэт олон байгууллага  үүнд хамтарна гэв. Цаашид нөхөн сэргээлт, гүний усны нөөцийг бага байлгахад анхаарч судалгаа шинжилгээг үргэлжлүүлж байгаа талаар мэдээлсэн юм. “Оюу толгой” компанийн Байгаль орчин, биологийн олон янз байдлын багаас ийнхүү тодорхой үр дүнд хүрсэн байна.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.