Д.Ганбат: Гэмт хэрэгт БАРЬЦААЛАГДСАН Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар арьсаа хамгаалах гэж бүлэг рүү орж ирсэн
З.Батхуяг
Үйл явдал
/
4 сарын өмнө

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийлээ.  Бүлгийн дарга Д.Ганбатаас АН-ын бүлгийн хуралд өнөөдөр хэдэн гишүүн оролцсоныг тодруулахад, “2022 оны нэгдүгээр сарын 1-нээс УИХ-ын гишүүдийн Ёс зүйн шинэ дүрэм үйлчилж эхэлсэн. Энэ хуулиараа АН-ын бүлгийн гишүүд хуралдаа суух ёстой. АН-ын бүлэг албан ёсоор найман гишүүнтэй байгаа. Өнөөдрийн хуралд миний бие, Б.Пүрэвдорж гишүүний хамт хуралдаа суусан. Д.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа гишүүн нар гадаадад ажиллаж байгаа, А.Адъяасүрэн гишүүн эрүүл мэндийн чөлөөтэй байна. Ирцийн хувьд ийм байна” гээд намын гишүүдийн асуудлаар мэдээлэл өгөхийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяраас хүсэв.

Ч.Өнөрбаяр, Хэвлэлийн хурал хийсэн гишүүдийн нэлээд хэд нь АН-ын гишүүн биш хүмүүс байна лээ. Н.Алтанхуяг, С.Ганбаатар гишүүн нар АН-ын бүлгийн гишүүн биш. Сонгуулийн үр дүнгээр наймаас дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулдаг. Энэ зарчмаар АН-ын бүлэг байгуулагдсан. Бүлгийн даргыг сонгож, УИХ-ын даргад уншиж сонсгодог. Энэ зарчмаараа явж ирсэн. Түүнээс дараа бүлгийн даргыг огцруулж, шинэ дарга сонсгоно гэж байхгүй. Хуулийг янз бүрээр тайлбарладгаа болимоор байна. Дур дураараа бүлэг байгуулж болдог бол МАН-ын 65 гишүүн хэд хуваагдаад бүлэг байгуулж болох нь ээ. Ийм замбараагүй байж болохгүй. Бидэнд үүнээс чухал шийдэх асуудал асар их байна гэлээ.  

-Бүлгийн хуралд хоёр гишүүн оролцож, гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болох уу?
УИХ-ын гишүүн Д.Ганбат, Бүлгийн хурлаар ямар нэг шийдвэр гаргаагүй. Хуулийн талаар мэдээлэл сонссон. Бүлгийн гишүүдийн хоёр нь гадаадад, нэг нь эмнэлэгт байгаа. Үлдсэн нь хуралдаа орсон. Бүлгийн гишүүн Б.Бейсен, О.Цогтгэрэл нар Ордонд байсан атлаа хуралдаа орохгүй хэвлэлийн хурал хийгээд явж байна. Энэ бол танил технологи шүү дээ. Гэмт хэрэг барьцаалагдсан нөхдүүд намын бүлэг рүү дураараа орж ирдэг. 2016-2020 оны Парламентын үед ийм маягаар АН-ыг бүлэггүй болгосон. Ийм технологи яваад байгаа юм.

С.Ганбаатар гишүүн МАХН-аас, Н.Алтанхуяг гишүүн бие дааж сонгогдсон. Тэдэнд АН огт хамаагүй. Манай намын нэрийг бариад, хэвлэлийн хурал хийж бусдыг дарамтлах гээд яваад байгаад харамсаж байна. Ёс зүйн дүрмийн дагуу уучлалт гуйх байлгүй дээ. Энэ асуудлыг УИХ-ын Ёс зүйн хороонд тавина гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.