Малын үр үйлдвэрлэлийн лабораторийг мал зүйч агсан Я.Оюунбилэгийн нэрэмжит болголоо
.
Үйл явдал
/
4 сарын өмнө

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байрлах Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолбор нь малын генийн санг хамгаалах, үр үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, Монгол Улсын 21 аймгийн малчид, фермерүүдэд дэлхийн жишигт нийцсэн мал үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээ үзүүлэх, мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. 

Тус цогцолбор нь үр, азот, ээмэгний үйлдвэрлэл, хөврөл үр шилжүүлэн суулгах иж бүрэн лаборатори, малын генийн санг хадгалах зориулалтын байр, сайн чанарын хээлтүүлэгч бойжуулах малын байр, тэжээл боловсруулах цех, сургалтын байр, мал эмнэлгийн үйлчилгээний цэг зэрэг 10 гаруй объектоос бүрддэг.  

 

Тариалангийн бүс нутгийн мал сүргийг эрчимжүүлэх, чанаржуулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэхүү цогцолборыг анх байгуулагдахаас эхлээд зураг төсөл, техник тоног төхөөрөмжийг сонгох, олон улсын жишигт нийцүүлэх, Монгол Улсад нутагшуулахад зөвлөх мал зүйч агсан Ядамсүрэнгийн Оюунбилэгийн оруулсан хувь нэмэр асар их юм. Тиймээс тус цогцолборын үр үйлдвэрлэлийн лабораторийг Монгол Улсын зөвлөх мал зүйч агсан Я.Оюунбилэгийн нэрэмжит болголоо. 

 

Тус үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн, Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Ч.Энхбат, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Ганболд, Монгол Улсын зөвлөх мал зүйч Г.Сувдаа болон Я.Оюунбилэг агсны гэр бүлийнхэн оролцож, цогцолборын үйл ажиллагаатай танилцсан юм. 

 

ХХААХҮЯ-ны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн: 
Монгол Улсын мал аж ахуйн салбарт Я.Оюунбилэг агсны хийсэн бүтээсэн зүйл их. Мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа эрдэмтэн, судлаачид, мал аж ахуй эрхлэгчдийн цаашдын үйл ажиллагаа тэгш зөв, дүүрэн байх замыг энэ хүн тавьж өгсөнд баяртай байна. Тэрбээр мал зүйч мэргэжлийг эзэмшсэнээс хойш амьдралынхаа цаг мөч бүхнийг ажилдаа зориулсан төдийгүй энэ сайхан цогцолборыг барьж бүтээхэд нөр их хөдөлмөрөө зарцуулсан. 

 

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Ч.Энхбат: 
Түүний өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд нь Дархан-Уул аймгийн хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан. Энэ утгаараа аймгийн Засаг даргын тамгын газар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын зүгээс хүндэтгэл үзүүлж, тус лабораторийг Я.Оюунбилэг агсны нэрэмжит болгох хурлын тогтоол гаргасан. 

 

Монгол Улсын малын удмын сангийн үндэсний төв 1963 онд байгуулагдсан бөгөөд түүнээс хойш мал сүргийг чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж ирсэн. Монгол Улсад 58 үүлдэр, омгийн малыг бий болгоход энэ байгууллагын оруулсан хувь нэмэр, хүчин зүтгэл их юм. Мөн тус төвийн үр үйлдвэрлэлийн лабораторийн багаж тоног төхөөрөмж нь орчин үеийн дэвшилтэд технологиор бий болсон. Дэлхийн технологиор үр үйлдвэрлэх боломжтой бөгөөд өдөрт 2500 үрийг стандартад нийцүүлэн хадгалж, савлан, бүртгэлжүүлдэг. Анх байгуулснаас хойш жил бүр үр үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн жил 15.8 мянган үр үйлдвэрлэсэн байна. 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.