ОХУ-тай хиллэдэг ТАВАН боомт хэвийн ажиллаж байна
.
Үйл явдал
/
4 сарын өмнө
ОХУ-тай хиллэдэг байнгын ажиллагаатай 10 боомтоос тав нь ажиллаж байгааг Хил хамгаалах ерөнхий газар мэдээллээ.

Сүхбаатар болон Эрээнцав төмөр замын боомт, мөн Алтанбулаг, Боршоо, Цагаан нуур гэсэн авто замын боомтууд ажиллаж байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор бусад боомт ажиллахгүй байгаа юм.

2021 оны 12 дугаар сард 1994 оны хилийн боомт болон Монгол Улс-ОХУ-ын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Энэ хүрээнд хоёр улсын хооронд бүртгэлтэй 29 боомтоос 13-ыг нь хасаж 16-г нь үлдээхээр болсон байна. Үйл ажиллагаа хийгддэггүй, дэд бүтэц байхгүй, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоогүй 13 боомтыг жагсаалтаас хасаад байгаа юм.

Харин БНХАУ-тай хиллэдэг 13 боомтоос Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд авто замын боомтууд, мөн Замын-Үүд төмөр замын боомт ажиллаж байна.

Замын-Үүд авто замын боомт өнгөрсөн оны аравдугаар сарын 13-наас нэгдүгээр сарын 11-ний өдөр хүртэл хаалттай байсан юм. Боомтын үйл ажиллагаа сэргэж, одоогоор цаанаас ачаа бараа татан авах ажил хийгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт 301 чингэлэг бүхий 5200 орчим тонн ачаа бараа хилээр нэвтрээд байна.

Харин Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс тээврийн 100 автомашин, зэсийн баяжмалын 16 тээврийн хэрэгсэл гарч байна. Хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоо “коронавирус”-ийн халдварын нөхцөл байдлаас шууд хамаарч байгааг Гадаад харилцааны яам мэдээлсэн юм.

Монгол Улсад халдварын тохиолдол бүртгэгдэхгүй долоо хоноход өдөрт нүүрс тээврийн 500 автомашин нэвтрүүлэхэд бэлэн байгаагаа БНХАУ-ын тал илэрхийлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.