Төрийн  албан хаагчийг улс төрийн намын үйл ажиллагаанд ОРОЛЦУУЛАХЫГ хориглоно
З.Батхуяг
Үйл явдал
/
5 сарын өмнө

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан ““Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны 5.4 дэх зорилтод “Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлнэ.” гэж заасан. Мөн Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн суурийг тэлэх, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолд "Шинэ сэргэлтийн бодлогo"-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалтыг баталсан.

Уг жагсаалтаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан юм. Улсын Их Хурлаас 2017 онд баталсан Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна.

Монгол Улсын хэмжээнд уг хуулийн хүрээнд 2021 онд төрийн захиргааны удирдах албан тушаалын 441 сул орон тоо зарлагджээ. Үүнээс 343 иргэн томилогдож, 98 орон тоо нөхөгдөөгүй байна. Мөн төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын 2802 сул орон тоо зарлагдсан боловч 1651 иргэн томилогдож, 1151 орон тоо нөхөгдөөгүй, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн 252 сул орон тоо зарлагдсанаас 143 иргэн томилогдож, 109 орон тоо нөхөгдөөгүй байна.

Дээрх тоон мэдээллээс үзвэл төрийн захиргаа, тусгай, үйлчилгээний албан тушаалын зэрэглэл хоорондын уялдаа, харилцан адилтгах албан тушаалын ангиллыг хуульд тодорхой зохицуулаагүйгээс тухайн албан тушаалд шатлан дэвшүүлэх нь зөвхөн нэг ангиллын албан тушаал дотроо хэрэгжих зохицуулалттай, тухайн албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөх бүрт төрийн жинхэнэ албаны тусгай шалгалтыг авдаг, байгууллага дотроо төрийн жинхэнэ албан хаагч тусгай шалгалтгүйгээр шилжин ажиллаж болох зохицуулалтгүй, тухайн төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх боловсрол, мэдлэг, чадвар, туршлагатай боловч төрийн захиргааны алба хааж байгаагүй иргэнийг ажиллуулах хууль зүйн боломжгүй, төрийн захиргааны албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэт өндөр зэргээс шалтгаанаас үүдэн Төрийн албаны тухай хуулийг хэрэгжилт хангалтгүй байгааг төслийн танилцуулгад дурджээ.

    Иймд хуулийн төсөлд,

    -Төрийн тусгай албан тушаал болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн албаны төв байгууллага батлах;

    -Төрийн жинхэнэ албаны тусгай шалгалтыг Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалаас төрийн захиргааны удирдах албан тушаалд шилжих тохиолдолд авах;

    -Иргэний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагыг харгалзан ажлын тодорхой чиглэлээр төрийн албаны захиргааны удирдахаас бусад албан тушаалд 1 жил хүртэл хугацаагаар холбогдох гэрээгээр ажиллуулж болохоор болон үүнтэй холбоотой бусад асуудал;

    -Байгууллага дотроо төрийн жинхэнэ албан хаагч тусгай шалгалтгүйгээр шилжин ажиллаж болох;

    -Улс төрийн албан хаагчаас бусад төрийн  албан хаагчийг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанд дайчлах, чиг үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглох;

    -Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болох;

    -Төрийн захиргааны албан тушаалд тавигдах тусгай шаардлагын хугацааг тодорхой хэмжээгээр бууруулах;

    -Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх журамд холбогдох өөрчлөлт оруулах зэрэг зохицуулалтыг тусгажээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.