Засгийн газрын гишүүд хуулийн төслүүд өргөн барилаа
З.Ханд
Үйл явдал
/
9 сарын өмнө
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2022.04.14) Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар хуулийн төслүүд өргөн мэдүүллээ.

Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг  хөнгөвчлөх ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг  хөнгөвчлөх ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай  хуулийн төслийг өргөн барилаа.

Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 72 дугаар чуулганаар баталсан. Энэ нь хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх анхны бүс нутгийн хэлэлцээр болсон юм.

    Хэлэлцээрийн зорилго нь олон улсын худалдааны хэлцлийг илүү үр ашигтай, ил тод болгохын зэрэгцээ хууль, дүрэм журам сахих явдлыг сайжруулах үүднээс худалдааны холбоотой цахим өгөгдөл, бичиг баримтыг харилцан хүлээн зөвшөөрч, солилцох нөхцөлийг бүрдүүлэн хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих, үндэсний болон дэд бүс нутгийн нэг цонхны үйлчилгээ болон бусад цаасгүй худалдааны системийн харилцаа холбоо, уялдааг хангахад оршино. Цаасан хэлбэрээс цахим өгөгдөл, мэдээлэл солилцох хэлбэрт шилжих нь олон улсын худалдааг илүү хялбар, ил тод, үр дүнтэй, хүртээмжтэй болгоно.

    Энэхүү Ерөнхий хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсноор экспорт, импортын бичиг баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, худалдааны горимоо хөнгөвчлөх, транзит тээврийн хугацааг богиносгох замаар худалдааны зардлыг бууруулахын зэрэгцээ санхүүгийн хууль бус урсгал, татвараас зугтах, худал мэдүүлэх зэрэг явдлыг багасгахад ач холбогдолтой.

    Монгол Улсын нэгдэн орсон ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх, мөн энэхүү Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд боловсруулсан техникийн болон эрх зүйн загвар баримт бичиг, зааврыг үндэслэн хил дамнасан цаасгүй гадаад худалдааг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.

Олон улсын автотээврийн гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Олон улсын автотээврийн гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

    Нэгдсэн Үндэстний Байгууллагын 59 конвенц, гэрээ, хэлэлцээрийн нэг болох жолоочийн ажил, амралтын горимыг мөрдөх, хөдөлмөрийн нөхцөлийг хангах “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр (AETR)” нь НҮБ-ын Европын Эдийн засгийн комиссын ивээл дор 1962 онд анх боловсруулагдаж, 1976 оны нэгдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон.

    Уг хэлэлцээрт ЕХ-ны гишүүн улсууд, ОХУ, Казахстан, Албани, Армен, Тажикстан, Турк, Туркменистан, Узбекстан зэрэг 50 гаруй улс нэгдсэн бөгөөд  хэлэлцээрийн зорилго нь тахографын төхөөрөмжөөр тээврийн хэрэгслийн жолоочийн ажил, амралтын цагийг тодорхойлох дүрэм, журмын дагуу олон улсын ачаа, зорчигч тээврийн замын хөдөлгөөнд учирч буй аюул, осол, саад бэрхшээлийг бууруулах явдал юм. Хэлэлцээрээр мэргэжлийн жолооч нарын ажил, амралтын цагийг зохицуулах бөгөөд жолоочийн ажил, амралтын цагийг хянах төхөөрөмжийг тээврийн хэрэгсэлд суурилуулах, угсрах, турших, хянах техникийн шаардлагуудыг тогтоож, хэрэгжүүлэгч байгууллагуудын жолоочийн ажлын цагийг шалгах шаардлагуудыг тодорхойлсон.

    Хэлэлцээрт нэгдэн орсноор олон улсын болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хууль, эрх зүйн орчин сайжрах, олон улсын болон үндэсний хэмжээнд ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн жолооч, тээвэрчдийн ажил, амралтын дэглэм мөрдөгдөж, хөдөлмөрийн нөхцөл, шаардлагыг ханган ажиллах боломж бүрдэж, жолоочийн ядрах, сульдах зэрэг бие физиологийн байдлаас үүдэлтэй зам тээврийн осол, зөрчил буурч, гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн таатай нөхцөл бүрдэх  зэрэг олон талын ач холбогдолтой.

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай болон Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.

Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл

    Хүний эрүүл мэнд болон хүнс хоорондын хамаарлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тогтоох судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд “зохицуулах үйлчлэлтэй” гэсэн тодотголтой шинэ нэр төрлийн хүнс бий болж байна. Дэлхий дахинаа энэ төрлийн хүнсний үйлдвэрлэл, хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, 2017 онд дэлхийн хэмжээнд “зохицуулах үйлчлэлтэй” хүнсний борлуулалт 147 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ үзүүлэлт 2024 он гэхэд 253 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгааг олон улсын судалгаануудад дурдсан байна.

    Манай улсын хүн амын нас баралтад амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар болон хоол боловсруулах тогтолцооны өвчин зонхилох болж, статистик мэдээгээр 2016 онд нас баралтын шалтгааны 66.4 хувийг эдгээр халдварт бус өвчин эзэлжээ. Манай улсад энэ төрлийн хүнсийг тодорхой хэмжээгээр импортолж, дотоодын үйлдвэрүүд зохицуулах үйлчлэл бүхий хүнсний чиглэлээр судалгаа хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа. Гэвч тухайн хүнс хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталгаажуулсан байдал нь харилцан адилгүй байна.

    Түүнчлэн “зохицуулах үйлчлэлтэй хүнс” гэсэн нэр томьёог албан ёсоор тайлбарласан, уг хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн зохицуулалтгүй байгаагаас нэг талаас хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, эрүүл мэндэд нь эрсдэл үүсэх, эдийн засгийн хувьд хохирох, нөгөө талаас үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүн хөгжүүлэхтэй холбоотой тодорхойгүй байдал, хүндрэл чирэгдэл бий болох нөхцөл, шалтгаан болж байна.

    Иймд зохицуулах үйлчлэлтэй хүнсний талаар нэгдмэл ойлголтод хүрч, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үүднээс энэ төрлийн хүнсний судалгаа шинжилгээ, баталгаажуулалт, үйлдвэрлэл, худалдаанд тавигдах шаардлага, баримтлах зарчмыг тодорхойлж, оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг тогтоох зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ.

Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл нь 4 бүлэг 15 зүйлтэй.

Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

    Манай улсын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2021 оны жилийн эцэст 67.3 сая толгойд хүрчээ. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарц нэмэгдэж байгаа хэдий ч бэлчээрийн хүрэлцээ, усны хомстол, газрын доройтол, цөлжилт эрчимжиж, улмаар малын ашиг шим, бүтээгдэхүүний гарц буурах шалтгаан болж байна.

    Монгол Улсын Их Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталсан.

    Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.1 дэх хэсэгт “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна” гэж заасан ч татварын хэмжээг үл харгалзан газар тариалангийн бүс нутагт уламжлалт бэлчээрийн мал сүргийн тоо жил бүр өсөж, бэлчээрийн даац хэтэрч байгаа нь тариалангийн талбайн хөрсний үржил шимийг бууруулах, элэгдэл эвдрэл үүсгэх, тариалангийн технологи нэвтрүүлэх боломжийг алдагдуулж байна.

    Мөн тариалангийн талбайд мал сүрэг олноор орсноор ургацад их, бага хэмжээний хохирол учруулж, малчид, тариаланчдын хооронд зөрчил үүсгэж байгаа тул газар тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг бусад бүс нутгаас өөрөөр тогтоох шаардлага үүсээд байна.

    Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой явуулах зорилгоор Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах үүрэг, чиглэлийг өгсөн.

Иймд Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, тариалангийн бүс нутагт нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-10000 төгрөг хүртэл байхаар тусгажээ.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

    Монгол Улсын Их Хурлын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан ““Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны 5.4 дэх зорилтод “Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлнэ.” гэж заасан.

    Мөн Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн суурийг тэлэх, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолд "Шинэ сэргэлтийн бодлогo"-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалтыг баталсан.

    Уг жагсаалтаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан юм.

    Улсын Их Хурлаас 2017 онд баталсан Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна.

    Монгол Улсын хэмжээнд уг хуулийн хүрээнд 2021 онд төрийн захиргааны удирдах албан тушаалын 441 сул орон тоо зарлагджээ. Үүнээс 343 иргэн томилогдож, 98 орон тоо нөхөгдөөгүй байна. Мөн төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын 2802 сул орон тоо зарлагдсан боловч 1651 иргэн томилогдож, 1151 орон тоо нөхөгдөөгүй, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн 252 сул орон тоо зарлагдсанаас 143 иргэн томилогдож, 109 орон тоо нөхөгдөөгүй байна.

    Дээрх тоон мэдээллээс үзвэл төрийн захиргаа, тусгай, үйлчилгээний албан тушаалын зэрэглэл хоорондын уялдаа, харилцан адилтгах албан тушаалын ангиллыг хуульд тодорхой зохицуулаагүйгээс тухайн албан тушаалд шатлан дэвшүүлэх нь зөвхөн нэг ангиллын албан тушаал дотроо хэрэгжих зохицуулалттай, тухайн албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөх бүрт төрийн жинхэнэ албаны тусгай шалгалтыг авдаг, байгууллага дотроо төрийн жинхэнэ албан хаагч тусгай шалгалтгүйгээр шилжин ажиллаж болох зохицуулалтгүй, тухайн төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх боловсрол, мэдлэг, чадвар, туршлагатай боловч төрийн захиргааны алба хааж байгаагүй иргэнийг ажиллуулах хууль зүйн боломжгүй, төрийн захиргааны албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэт өндөр зэргээс шалтгаанаас үүдэн Төрийн албаны тухай хуулийг хэрэгжилт хангалтгүй байгааг төслийн танилцуулгад дурджээ.

    Иймд хуулийн төсөлд,

    -Төрийн тусгай албан тушаал болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн албаны төв байгууллага батлах;

    -Төрийн жинхэнэ албаны тусгай шалгалтыг Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалаас төрийн захиргааны удирдах албан тушаалд шилжих тохиолдолд авах;

    -Иргэний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагыг харгалзан ажлын тодорхой чиглэлээр төрийн албаны захиргааны удирдахаас бусад албан тушаалд 1 жил хүртэл хугацаагаар холбогдох гэрээгээр ажиллуулж болохоор болон үүнтэй холбоотой бусад асуудал;

    -Байгууллага дотроо төрийн жинхэнэ албан хаагч тусгай шалгалтгүйгээр шилжин ажиллаж болох;

    -Улс төрийн албан хаагчаас бусад төрийн  албан хаагчийг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанд дайчлах, чиг үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглох;

    -Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болох;

    -Төрийн захиргааны албан тушаалд тавигдах тусгай шаардлагын хугацааг тодорхой хэмжээгээр бууруулах;

    -Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх журамд холбогдох өөрчлөлт оруулах зэрэг зохицуулалтыг тусгажээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.