Улс төрд тэмцлийн гал асаасан бүсгүй 
Г.Золбаяр
Нийтлэл
/
2 сарын өмнө

Тэр өөрөө сэтгүүлч мэргэжилтэй нийтлэлч хүн учраас нэгэнтээ  “Ардчилсан нам үзэл санааны сууриа хувь хүний эрх чөлөө гэж үздэг. Энэ эрх чөлөөг хувьсгалаар тунхаглаад гучин жил болсон. Харин эцсийн дүндээ хувь хүн нь ч, улс үндэстэн нь ч бүрэн эрх чөлөөгөө олж авч чадсангүй, хувьсгалын зорилго тунхаг хэвээр үлдлээ” хэмээсэн байв. Түүний улс төр, энэ нийгмээс олж харсан зүйл бол зөвхөн энэ биш. Гэхдээ энэ бол Г.Уянгын мөн чанар, олон жил тэмцэж ирсэн хүний харамсал юм. Учир нь гэвэл Г.Уянга ерээд оноос үзгээ бариад үүний төлөө л тэмцсэн. Ард түмэнтэйгээ нэгдэж тэмцсэн, намд элсэж тэмцсэн, өөрөө нам байгуулж тэмцсэн, парламентад сууж тэмцсэн, өнөөдөр тэмцсэн хэвээрээ л байна. Нийгэм, ард түмэнд Г.Уянга ямар нэг байдлаар харагдах өдөр байдаг байх. Яагаад гэхээр улс төр өөрөө хүнийг ямар ч хэлбэрээр харагдуулдаг ид шидтэй гэмээр зүйл. Тэр тусмаа хөрөнгөлөг сөрөг дайралтууд тэмцэгчийг хувирган харагдуулдаг жамтай. Ийнхүү түүнийг ямар нэг байдлаар харагдуулж болох ч мөнхийн сэдэв бол өөрийнх нь нийтлэлд дурдсан дээрх зүйл юм. Энд Г.Уянгыг мундаг сэтгүүлч, тэмцэгч, улстөрч, айлын сайн эзэгтэй, сайн хань, ээж гэх зэргээр магтаад байвал хариулт нь асар олон олдоно. Яагаад гэвэл тэр идэрхэн насандаа намтраа энэ тал дээр нэгэнт зузаалчихсан юм. Амласан болохоор хийх нь түүний үүрэг гэдгээ ухамсарладаг.

Түүний тухай нийтлэлч Л.Энхболдбаатар нэгэнтээ “Буруу булхай, худал хуумгай төсөөлснөөс нь хэтэрхий их, дэндүү гүнзгий шигчихсэн байсан болохоор асар их зориг, хүч чадал, тэвчээр хатуужил түүнээс шаардсан. Эмэгтэй хүнд харгисдмаар хатуу ширүүн байсан ч гэлээ тэр тэсэн туулж, даван гарч, шударга ёсны харуул манаа байх үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн. Ингэж тэр хатаагдсан. Одоо бол Г.Уянга Монгол төрийн нэгэн үнэт зүйл болсон. Түүнгүй бол манан бүрхсэн төр өмхөрч, ялзарч, муудна” хэмээн дуун алдсан нь байдаг. Үүнтэй олон хүн санал нийлэх байх. Тэр хэзээ ч ард түмнийг ангилж ялган, талцуулж хувааж байгаагүй, эвдлуулэн нэгтгэн тэмцэж байсан өдөр харин бий.

Тэгвэл Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Б.Ганчимэг “Г.Уянга мэргэжлийн ажлаараа дамжиж улс төрд хөл тавьсан хүн. Бусад салбарынхан шиг тусгай энкубаторт торниж, татуулж, крандуулж гарч ирээгүй. Зарим эмэгтэй улстөрчид шиг аль нэг лидерийн аягач шиг явж, өөрөөр хэлбэл хүйсээрээ түрий барьсан нялхамсуу замналаар яваагүй хүн.  Угаасаа сөрөх, тэмцэх, хатуужих чанаруудыг сэтгүүл зүйн салбар өөрөө олгодог. Уянгаагийн сөрдөг, тэмцдэг тэнхээ бол баргийн сул эрчүүдийн хүсээд ч өөртөө бий болгох боломжгүй том чанар юм. Тийм болохоор би түүний өнөөдрийг гайхдаггүй” гэсэн нь бий. Түүний тухай олон нэртэй сэтгүүлчид, улстөрчид ийн үнэлнэ. Ерөөсөө нийгмийн бүхий л салбарт тэр өөрийн гэсэн үнэлгээтэй болсон бүсгүй. Тэгэхээр зөвхөн сэтгүүлч,  улстөрч Г.Уянгын үзэл бодол түүний дотоод мөн чанарыг өөрийнх нь үзэл бодолд нь түшиглэж гаргах нь зөв гэж бодлоо. Мэдээж сэдэв бол хумих гэж оролддоод ч өргөн хүрээнд агуулгадаж таарна.

Өнөөдрөөс маргааш руу явж байгаа мөн чанар-1

“Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэдэг шиг үзэл баримтлал харгалзахгүй намууд эрх ашгийн төлөө эвлэн нэгддэг байдал бол түүний үзэн яддаг улс төрийн нэг үзэгдэл. Г.Уянга үүний төлөө тэмцсэн ч 30 жил ноёлсоор байна. Нийгмийнхээ суурь гэрээ, Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр ямар ч гэрэл гэгээг хэнээс ч хүлээх хэрэггүй. Түүний суурь үзэлд ардчилсан гэх нам болон бусад нам хэрхэн яаж харагдаж байгааг хэдхэн өгүүлбэрээр хэлэхэд л хангалттай ойлгогдоно. Тиймдээ ч өөрөө хүртэл нам байгуулж үзээд олигархудын эрх мэдэл, их хөрөнгөнд боомилуулсан ч тэмцсэн хэвээрээ байгаа нэгэн. Өнөөдөр дээр дээрээ, дор дороо орж зодолдож байгаа дүр эсгээд хувааж хуйвалдсан 30 жил нэгэнт өнгөрч, жирийн гишүүдийг намынхаа төлөө явах ямар ч эрмэлзэл зориггүй болгосон учраас намынхаа төлөө итгэл үнэмшлээрээ, зүрх сэтгэлээрээ хөдөлдөг АН, МАН алга болсон. Ерөөсөө аль аль нь эрх ашгийн төлөөх нэгдэл болсон. Мөнхүү сонгууль бол тулаан биш, мөнгө олох хэрэгсэл төдий болж хувирсан. Нэг дүүрэг, нэг аймаг, нэг суманд 30 жил эрх мэдэл эдэлж, шийдвэр гаргаж үзээгүй, ялалтын уухай хадааж, хариуцлага хүлээж үзээгүй тэдэнд одоо үзэл санаа гэгч ямар хэрэгтэй байх билээ. Тиймдээ ч тэр өөрөө “Би заримдаа боддог юм. Хэрвээ би Ерөнхий сайд байсан бол гэж...Хамгийн эрч хүчтэй, хийж бүтээх асар их амбицтай, хувийн ямар ч бизнесгүй залуусыг шилж авчирч яамдаа удирдуулаад, зөвлөхөөр нь Монголын хамгийн сайн мэргэжилтнүүдийг шилж авчирч ажиллуулаад ганцхан арван жил тасралтгүй бодлого явуулахсан гэж боддог” хэмээн бичиж байв. Хэдийгээр арга ядсан тэмцэгчийн үг сонсогдох авч тэр үүнийхээ төлөө явсаар байгаа. Өчигдрөөс өнөөдөрт, өнөөдрөөс маргааш руу явж байгаа.

Өнөөдрөөс маргааш руу явж байгаа мөн чанар-2

Тэр бас уул уурхайн талаар чамгүй дуугардаг төдийгүй тэмцэгч хүн. Түүний үзэл бол уул уурхайн салбар ажлын байр олноор бий болгодоггүй. Дээр нь монголчуудаас илүү гадныхан олноор ажиллаж хамаагүй их цалин авч ажилладаг. Оюутолгой, Тавантолгойн гэрээнээс эхлээд ихээхэн шүүмжлэл өрнүүлдэг хүн. Энэ тухай энд дурдах нь илүүц хэрэг байх. Мөнхүү түүхийн дурсгалт газар нутгаа хамгаалах нь бас түүний нэг хүлээсэн үүрэг гэлтэй. Тухайлбал, Ноён уулаа аварч үлдэхэд түүний оролцоо тэргүүн зэрэгт байв. Эртний түүхтэй, төрт ёстой улсын нэг нь монголчууд байсны баталгааг Ноён уулын дурсгал яах аргагүй мөн. Тиймээс Ноён уул руу дайрч байх үед тэрээр Түүхийн дурсгал хадгалсан Ноён уул руугаа дайрч байгаа нь төргүй болсны батлагаа” гэдгийг онцолж байв. Ноён уул бол Хүннүчүүдийн удмыг залгасан монголчуудын түүх, архелогийн үнэт олдвортой дурсгалт газар. Г.Уянга бол түүхийн дурсгалт газраа авчр үлдэхээ жагссан, парламентад сууж тэмцсэн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд бүхий л шатанд хамгийн их тэмцэл өрнүүлсэн хүн. Үүний хүчинд өнөөдөр Монгол Улс дэлхийд “Монгол Улс” хэмээн тунхаглаж гэрчилж үлдэх түүхийн үнэт дурсгалт хадгалсан газраа хамгаалж чадсан. С.Ганбаатар л улстөржүүлэн тэмцэл өрнүүлж байна гээд байгаа болохоос бус Г.Уянга Оюутолгойн гэрээ, түүнийг тойрсон хууль бус зүйлтэй өнөөдөр ч тэмцэж байгаа. Дэлхийд данстай аварга том төсөл Оюутолгойд болох бололхгүй зүйл олон бий. Менежерүүдийн  жилийн дундаж цалин 92 мянган ам.доллар байгаа нь баримтаар тогтоогдсон нь лав зөв зүйл биш. Тухайлбал, гагнуурчны цалинг гадаад ажилтанд 1,8 сая төгрөг, харин монгол ажилтанд 710 мянган төгрөгөөр тооцон олгож байгаа нь асар том зөрүү.

Өнөөдрөөс маргааш руу явж байгаа мөн чанар-3

Сайн хүн, муу хүн гэж байдаггүй, ХҮН гэж л бий. Хүн өөрөө сайн, муу хоёр талтай амьтан. Хүний нэг мөрөн дээр чөтгөр, нөгөө мөрөн дээр нь бурхан сууж явдаг ч гэлцдэг. Гагцхүү хүн өөрөө аль талаа илүү хөгжүүлэх вэ, бас дээр нь нийгэм аль талыг нь илүү дэмнэж дэмжиж байна вэ гэдгээс “сайн”, “муу” хүн байх эсэх нь хамаарна.Өмнөх нийгэм бол “Битгий хувиа бод! Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө! Бүхнийг хүүхдийн төлөө! Бусдыг шулан мөлжиж, бусдаас илүү хөрөнгөжиж болохгүй!” гэх мэтийг илүү сурталчилдаг, өөрөөр хэлбэл хүний сайн талыг нь дэвжээн хөгжөөдөг, тийм хандлагыг өдөөн дэвэргэдэг чигтэй нийгэм байлаа. Харин өнөөдөр “Эх орон, ард түмнээ бодно гэсэн юм байхгүй, тэр бол онигоо! Чи амиа л бод! Энэ л хөгжлийн суурь! Нийтийн сайн сайхны төлөө гэсэн үйлсийн цаана өчүүхэн ч гэсэн хувийн эрх ашиг нь заавал нуугдаж байгаа, нуугдаж байх ёстой!” “Чи хожиж чадсан бол зол, чадаагүй бол хохь!” Хүний чөтгөр талыг нь дэвжээдэг, өдөөдөг нийгэм болж хувирчээ.

Өнөөдрөөс маргааш руу явж байгаа мөн чанар-4

Г.Уянга нийгэм улс төрд байгаа хууль бус зүйлтэй тэмцэхийн дээдээр тэмцдэг бүсгүй. Юунаас ч үл айн тэмцэж байгаа бөгөөд хэзээ ч тохиролцоонд орж байгаагүй тэмцэгч. Хэрвээ тэр тохиролцоонд ордог байсан бол өнөөдөр ч УИХ-ын гишүүн, сайд дарга л явах байв. Эс бол тэмбумтан болчихсон байх нь дамжиггүй. Гэтэл тэр өөрийнхөө мөн чанарыг хэзээ ч худалдсангүй. Хамгийн сонгодог жишээ гэхэд Ерөнхий сайд асан С.Баярыг тэр илчилж улайлгасан. Олон жилийн тэмцлийн хүчинд улайлгаж чадсан. Үүнийг Г.Уянга 2015 онд дэлгэн тавьсан ч олон жилийн турш хэлэлцэхгүй явсан, тэр ч няцаагүй юм. Энэ тухайд эргэн тодруулбал Г.Уянгад “Golomt.org” гэх цахим хаягнаас Ерөнхий сайд асан Г.Баярын АНУ-д бүртгэлтэй долоон тансаг хувийн хуасийн талаарх дэлгэрэнгүй баримт, судалгаатай 120 хуудас мэдээлэл ирсэн байдаг. Тиймээс тэрээр уг мэдээллийг олон нийт болоод хууль хүчний байгууллагынханд дуулгасан. Эдгээр байшингуудын үнэ нийлээд 24 тэрбум төгрөг бөгөөд С.Баяр нь тус байшингуудыг 2009 онд Оюутолгойн гэрээг хийсний дараа авч эхэлсэн гэдгийг ч дурдаж байв.

Өнөөдрөөс маргааш руу явж байгаа мөн чанар-5

Сүүлийн гучаад жил манай үе үеийн эрх баригчид, эрх мэдэлтэй улстөрчид эдийн засгаа унагаасан. Өнөөдөр хий хоосон статистик ярьдаг ч бодит байдал дээр өөр юм.  Өдгөө бидэнд үйлдвэрлэл байхгүй, худалдаа, үйлчилгээ зонхилсон, мал аж ахуй таваарлаг бус, газраа ухаад зардаг ийм л улс бүтээсэн. Уг нь идэхээ л больчих хэрэгтэй, даан ч ингэж чадахгүй болчихсон, 30 жилд бүтээсэн буруу гарын машинаа өөрсдөө зогсоож дийлэхгүй болжээ. Орон нутаг 10 дахин өндөр өртгөөр хөлдүү соёлын төв, хальс шиг нимгэн зам барьж, хөшөө босгож, муу хийснээ нууж ард түмнийг ховсдохын тулд төсөвлөсөн мөнгөнөөсөө суварга босгож, наадам хийж, дундаас нь мөнгө зувчуулж сурсны гайгаар төсвийн хөрөнгө оруулалт гэж дааж давшгүй ачаа болсон байна. Орон нутагт соёлын төв бариад байдаг гэтэл хүмүүс маань тэр төвд нь соёлжихын оронд нийслэлд нүүж ирээд байгааг юу гэж ойлгох вэ. Хэт нягтарснаас хотод сургууль цэцэрлэг барих газар ч олдохгүй болжээ. Үүнийг нь далимдуулж дүүрэг хотынхон төрдөө үнэтэй газар шахах санаатай гүйлдэх болсон нь худлаа биш. Үүнээс болоод манай төсвийн хөрөнгө оруулалт хүнээ дагадаггүй, засаг захиргааны хуваарь, тойрог дагасан үр ашиггүй үрэлгэн болоод байна. Тэвчиж болох хөрөнгө оруулалтуудаа түр царцаагаад түүгээрээ цалин хөлсөө тавиад, өр зээлээ нэмэхгүй шиг байж, төсвийн дарамтнаас салчихаад “Оюу толгой” компанитай хэлэлцээрт орж болох л байсан. Гэвч хамтарч байгаад үрж цацаж, хэдэн зуун тэрбумын бонд гаргаж нөгөө мөнгө иддэг ёроолгүй сав руугаа асгаад байна. Тэгээд төсөв муудлаа, бүсээ чангал, ээмэг бөгжөө тавь гэж айлгаж байгаад ашиггүй гэрээнд нууцаар гарын үсэг зурсан нь үнэн. Буруутнууд эхнээсээ яллагдаж, зарим нь гадаад руу зугтаад гарчихсан байгааг бултаараа мэднэ. Гурав гаруйхан сая хүнтэй зах зээлд 90 гурилын үйлдвэр, эм импортлогч 150 компани, 100 гаруй их дээд сургууль, олон зуун хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэдэн зуун барилгын компани, 600 аялал жуулчлалын компани байна гэх мэт статистик бол яавч эрүүл биш байгаагийн шинж. Нөгөө үл үзэгдэгч гар зохицуулах биш боомилж байгааг харуулсан хэрэг.

Өнөөдрөөс маргааш руу явж байгаа мөн чанар-6

Тэр өдгөөгөөс арван нэгэн жилийн өмнөх ханш нээх өдөр ард түмнийг талбай дээр цуглуулан тэмцлийн эхлэлээ тавьж байв. Тэмцлийн шалтгаан нь товчхондоо төрийн тогтолцоог зөв замд нь оруулах юм. Мэдээжийн хэрэг ингэхийн тулд УИХ-ыг тараана. УИХ-ыг тараах шаардлагад өнөөгийн нийгмийн бүхий л проблем багтаж байгаа. Дараа нь өнөөгийн тогтолцоог өөрчлөх, ямар бүтцээр ажиллах, Үндсэн хуулийг яаж өөрчлөх зэрэг суурь асуудлыг ярилцах түр бүтэц байгуулах, үүнийгээ Ард түмний онц их хурлаар шийдвэрлэх байсан юм. Ингэхдээ зөвхөн Улаанбаатар хотод Сүхбаатарын талбайд болж байгаа асуудал биш байв. Тус тайван цуглаан, суулт орон даяар болж аймаг, сумын төв, албан газар, үйлдвэр аж ахуйн газартаа суулт хийсэн.

Гэхдээ тогтолцоо өөрчилнө гэдэг нь зөвхөн парламентад сууж байгаа 76 гишүүнийг өөрчлөөд 76 сайн хүн авчирч суулгадаг зүйл биш гэдгийг тэр сайтар мэдэж байсан учраас “Систем нь өөрөө болохгүй байгаа болохоор УИХ-ыг тар, тогтолцоог өөрчилье гэсэн  хувьсгалт тэмцэлд уриалаад байгаа юм. Болохгүй байгаа тогтолцоо, бүтцийг  өөрчлөх гэж байгаа учраас хувьсгалт тэмцэл хийхээс өөр аргагүй” гэж байв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ддж
2 сарын өмнө
172.69.252.143
Манай Жанна д' Арк