“Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
З.Ханд
Үйл явдал
/
4 сарын өмнө
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.05.05) нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нар танилцуулав.

Улсын Их Хурлаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталж 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд холбогдох зохицуулалтыг бий болгохоор боловсруулсан. Ингэхдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, шуурхай, чирэгдэлгүй болгох, зарим үйл ажиллагааг цахимжуулахад анхаарсан гэлээ.

Ийнхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахим хэлбэрээр явуулж болох, цахим хэлбэрээр зөрчлийн хэргийг бүртгэх, дугаар олгох, шийтгэлийн хуудсыг цахим хэлбэрээр оногдуулж болох зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Энэ нь шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээдэд учруулдаг цаг хугацаа, хөрөнгө зардал, бусад хүндрэл чирэгдлийг бууруулах нөхцөл боломж бүрдэнэ гэж хууль санаачлагч үзжээ.

Эдгээр зохицуулалт нь Улсын Их Хурлаас шинээр баталсан Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай зэрэг хуультай уялдан хэрэгжих боломжтой юм байна.

Зөрчлийн хэргийг Эрүүгийн болон Захиргааны шүүхээр харьяалуулан шийдвэрлэж байгаа ялгаатай байдлыг өөрчилж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэхээр өөрчлөхөөр тусгажээ.

Хуулийг хэрэгжүүлэх, төрийн албадлага хэрэглэх эрх бүхий албан тушаалтнууд нь  хүний эрхийг дээдлэх, иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, тухайн зөрчлийн үйлдэлд тохирсон хууль ёсны, оновчтой шийдвэрлэх гаргах, хуулийг зөв хэрэглэх сургалтад заавал хамрагддаг байх зохицуулалтыг бий болгосон гэдгийг Х.Нямбаатар сайд танилцуулгадаа дурдлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг хуулийн төслийг www.parliament.mn сайтад нээлттэй байршуулж, олон нийтээс санал авч байгаа. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд асуулт асуугаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр татварын зөрчлүүдийг Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулахгүй, прокурор хяналт тавихгүй байгаа нь татварыг зөрчлийг хянан шалгах эрх бүхий албан тушаалтан авлига, ашиг сонирхлын зөрчилд автаж болзошгүй байдалд хүргэх, татварын зөрчлийг үзэмжээрээ шийдэх нөхцөл байдлыг бий болгож байгаа тул хэлэлцүүлгийн явцад хуулийн төсөлд нэмж тусгах шаардлагатай талаар санал хэлсэн. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Идэрбат нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүдийн зүгээс зөрчлийн хариуцлагыг давхардуулан ногдуулдаг байдлыг өөрчлөх хэрэгтэйг хэллээ. Тухайлбал, Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчилд торгох, эрх хасах, хөрөнгө хураах гэсэн гурван шийтгэлийг давхардуулж оногдуулдаг. Мод ачсан машины жолоочийг 400 мянган төгрөгөөр торгоод, эрхийг нь нэг жилээр хасаж, ачсан модыг машинтай нь хамт хураадаг. Үүнийг хэрхэн өөрчлөх талаар тодруулж байлаа. Мөн “сануулах” арга хэмжээг хэрхэн авч, бүртгэлжүүлэх талаар асуулт асуув.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хариултдаа, Гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг хураахгүйгээр гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх боломжгүй. Эрүүгийн болон Зөрчлийн хуульд албадлагын арга хэмжээний хүрээнд тухайн гэмт хэрэг, зөрчлийг үйлдэхэд ашигласан хөрөнгийг хурааж авахаар тусгасан байдаг. Ингэснээр дараа дараагийн гэмт хэрэг, зөрчил гарахаас сэргийлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн бол тухайн модыг хураана. Энэ бол торгууль биш учраас уг тохиолдолд нэг зөрчилд гурван өөр шийтгэлийг оногдуулсан гэж үзэхгүй. Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт ашигласан техник, хэрэгсэл, хөрөнгийг дүйцүүлэхгүйгээр өмчлөл харгалзахгүй хураах зохицуулалтыг тусгасан.

Мөн сануулах шийтгэлийг бүртгэлжүүлнэ. Хууль зүй, дотоод хэргийн яам, ХБНГУ-ын Техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зөрчлийн бүртгэл, мэдээллийн санг үүсгэх ажлыг эхлүүлсэн. Ирэх есдүгээр сараас туршилтын хугацааг эхлүүлж, 2023 оны нэгдүгээр сараас бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэлээ.

Ингээд Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

“Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

Дараа нь “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уншиж, танилцууллаа.

Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээс Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны “Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2021 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуултын хариуг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, тодорхой арга хэмжээ авах хүсэлтийг шийдвэрийн төслийн хамт ирүүлснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 23 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд ноос, ноолуурын салбарт нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан гэдгийг дурдав.

Энэ хүрээнд ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай нэмэгдүүлэн, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, 2023 оноос хялгас ялгаснаас дээш боловсруулалт хийгдэж чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг экспортлох, үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталж мөрдүүлэх, мөн хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх зориулалттай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортын нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг даалгасан.

Түүнчлэн хялгасыг ялгасан ноос, ноолуур, хөөвөр болон ээрмэл утас, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бага хүүтэй, урт хугацаат, хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг олгоход шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх, малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, боловсруулах үйлдвэрт тушаасан сарлагийн хөөвөр, торомны ноосны чанараас хамааруулан мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх болон байгаль орчинд ээлтэй, тогтвортой бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор бүтээгдэхүүнийг баталгаажуулах хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторийн хүрээг өргөтгөн олон улсын түвшинд хүргэх зэрэг асуудлыг тусгасан байгаа гэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Тогтохсүрэн, Д.Ганбат, Н.Энхболд нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүдээс ноолуурын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, 2023 оноос самнаж боловсруулсан ноолуурыг экспортоор гаргахад тус салбарт шаардлагатай эргэлтийн болон үндсэн хөрөнгийн санхүүжилтийн дэмжлэгийн талаар тодрууллаа. Мөн сарлагийн хөөвөр, торомны ноос бэлтгэхэд урамшуулал олгох, ноос, ноолуурын эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс татвар, зээл, санхүүгийн бодлогоор дэмжих эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх хэрэгтэйг хэлж байв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хариултдаа, “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолд ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийн салбарт 200.0 тэрбум төгрөгийн 1 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн.

Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор арилжааны зургаан банктай гэрээ байгуулан хамтран ажилласнаар ноолуурын салбарт 38 аж ахуйн нэгжид 94.8 тэрбум, ноосны салбарт дөрвөн аж ахуйн нэгжид 3.2 тэрбум төгрөгийн зээл олгогдож, зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 7.65 хувиар тооцон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас 2021 онд 3.2 тэрбум, 2022 оны эхний 3 сарын байдлаар 1.6 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шилжүүлээд байна.

Мөн Засгийн газраас 2022 онд ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөг, ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум, арьс шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, улсын төсвөөс 10.65 хувийн хүүгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам болон Монгол банкны хооронд 3 талт “Хөдөө аж ахуйн зээлийн хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээ”, арилжааны 8 банктай “Зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээ”-г тус тус байгуулан аж ахуйн нэгжүүдэд зээл олгох ажлыг эхлүүлээд байна” гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Ганбат нар ноолуурын үнийг тогтворжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэйг сануулахыг зэрэгцээ ноос, арьс ширний үйлдвэрлэлийг дэмжих цогц бодлого хэрэгтэй байгааг хэллээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсанаар малчдыг орлогыг бодитоор нэмэгдүүлэх, ноолуурыг үнийг тогтворжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортод чухал ач холбогдолтой. Одоогийн байдлаар жилд 10 мянган тонн орчим ноолуурыг экспортод гаргаж байна. Энэ тогтоолын хүрээнд зөвхөн самнасан ноолуурыг экспортод гаргаж, дотооддоо нэмүү өртөг шингээхийг зорьж байна. Ингэснээр 500 сая ам.долларын хэмжээний өртгийг экспортоос олох боломжтой болно. Түүнчлэн мэргэжлийн холбоод, салбарын яамтай хамтран 2025 оноос хойш самнасан ноолуурын 50 хувийг дотооддоо үйлдвэрлээд бэлэн бүтээгдэхүүн болгож гаргахаар төлөвлөсөн. Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортод гаргавал нийт дүнгээрээ 1.2 тэрбум ам.долларын орлого олох бололцоотой. Нөгөө талаар тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 55 хувь нь дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан батлагдсан 153 хууль, тогтоолын төслийн эцсийн найруулгыг уншиж, сонсгосноор хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.