Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад эрх зүйн мэдлэг олгох сургагч багш нарыг бэлтгэж байна
З.Ханд
Үйл явдал
/
4 сарын өмнө
Хууль зүй дотоод хэргийн яамнаас Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачидтай хамтран хүүхэд, залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Эрх зүйн мэдлэг олгох албан бус сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулсан.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан алба хаагч нарт зориулсан “Сургагч багш”-аар бэлтгэх хоёр өдрийн сургалт өнөөдөр /2022.05.12/ эхэллээ.

Сургалтын үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Хадбаатар нээж үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хамтын ажиллагааны хүрээнд иргэдийн эрэлт, хэрэгцээг хангахуйц эрх зүйн мэдээллийг цахим болон цахим бус байдлаар нээлттэй, хүртээмжтэй, энгийн хялбарчилсан хэлбэрээр хүргэх замаар бүх нийтийн эрх зүйн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.

Бид энэхүү үйл ажиллагааг цаашид улам сайжруулах зорилгоор 2021 онд Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын дэмжлэгээр эрх зүйн албан бус боловсролын хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр дээрх хөтөлбөрийг боловсрууллаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, манай цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид чухал үүрэг гүйцэтгэж ажиллах учраас өнөөдрийн энэхүү “Сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад хамрагдсанаар та бүхнийг ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад эрх зүйн мэдлэг олгох олон талын арга хэмжээ, сургалтын үйл ажиллагааг идэвхитэй зохион байгуулна гэдэгт итгэж байна” гэв.

Энэ үеэр Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Алтангэрэл ерөнхий боловсролын сурагчдад заах эрх зүйн албан бус сургалтын хөтөлбөрийн талаар танилцуулга, мэдээллийг өгсөн бол МУИС-ийн Эмерит профессор, академич С.Нарангэрэл “Хууль тогтоомжийн амин сүнс ёс суртахуун болох нь” сэдвээр сургалтад оролцогчдод сонирхолтой лекц уншлаа.

Мөн Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Э.Батбаяр “Хүүхдийн эрх”, ДХИС-ийн ахлах багш, докторант Г.Батжаргал “Иргэний эрх зүйн харилцаан дахь оролцоо” болон “Гэр бүлийн харилцаан дахь хүүхдийн оролцоо”, ХЭҮК-ийн хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Насанд хүрээгүй хүний хөдөлмөр”, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Алтангэрэл “Кейс дээр ажиллах арга зүй” сэдвээр сургалт явуулав.

Сургалт маргааш өндөрлөх бөгөөд нийт 60 гаруй ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан болон цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид хамрагдаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.