ЕТГ, УИХ-ын гишүүд болон улс төрийн намуудын төлөөллүүд “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүрэгт хэд хэдэн байршилд мод тарьж буй.

Тэгвэл өнөөдөр “Баянгол Цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Э.Батшугар, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон МАН-ын УЗ-ийн гишүүд, АН, Иргэний зориг, Ногоон нам,  ХҮН-ын удирдлагаа, гишүүд дэмжигчид ирж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн мод тарилаа.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлснээс хойш Монгол Улс даяар мод тарих хөдөлгөөн өрнөж байна. Энэ аяны хүрээнд нийслэлд хэд хэдэн байршилд мод тарьж байгаа. Үүний нэг нь “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулах, ажлын байрыг олноор бий болгох зэрэг эдийн засгийн ач холбогдолтой. Өнөөдрийн мод тарих арга хэмжээнд улс төрийн намууд болох МАН, АН, ХҮН, Иргэний зориг ногоон намын төлөөллүүд ирж Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн мод тарьж байна” гээд мод тарихаар ирсэн УИХ-ын гишүүд болон улс төрийн намын төлөөллүүдэд талархал илэрхийлсэн юм.  

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд БГД-ийн 20 дугаар хороо, Туул голын эрэг дагуу “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн болон иргэд, аж ахуй нэгжүүд ирж мод тарьж байна. “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-г 50 га газартай. Энэ бүсийг иргэдийн амарч тухлах, чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой эко бус болгохоор төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 250 мянга орчим мод тарихаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 100 мянга орчим мод тариад байна.  Өнгөрсөн жил “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 4000 орчим мод тарьсан. Бид дүүргээ “Эко ногоон дүүрэг” болгохын төлөө хичээж ажиллана” гэв.  

АН-ын нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг үндэсний хэмжээний нам болох Ардчилсан нам дэмжин ажиллаж байна. Мөн Баянгол дүүрэг энэ том ажилд манлайлан оролцож байгаад баяртай байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар болон бусад улс төрийн хүчнүүддээ баярлалаа” гэсэн юм.

 

Ташрамд мэдээлэхэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд 29 байршилд мод тарихаар төлөвлөсөн бөгөөд 28 сургууль, цэцэрлэгийн хашаа болон “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т өнөөдрийн байдлаар 15.000 ширхэг мод тариад байгаа юм. Түүнчлэн “Баянгол Цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т иргэд аж ахуй нэгж байгууллагын тарьсан модны арчилгааг бүрэн хариуцаж ажиллах юм.   


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.