Х.Нямбаатар: Монгол адууг лазераар буудаж өндрийг нь хэмжиж уралдуулна
З.Батхуяг
Үйл явдал
/
1 сарын өмнө

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр УИХ-аар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан бөгөөд гишүүдийн асуултад хариуллаа. Тэрээр "Допингийн асуудлыг Олон улсын допингийн эсрэг байгууллага буюу WADA-гийн дүрмээр явах бөгөөд өөрийн гэсэн итгэмжлэгдсэн лабораторитой болох шаардлага үүснэ. Үндэсний баяр наадмын тухай хуулиар үндэсний спортуудыг спорт гэдэг агуулгаар нь томьёолсон. Ингэж байж WADA-гийн дүрэм үйлчилнэ.

Монгол адууны стандартыг өдийг хүртэл гурван янзаар тодорхойлж ирсэн. Нэгдүгээрт үүлдэрлэг байдал, хоёрдугаарт сэрвээний өндөр, гуравдугаарт энэ хоёрыг нийлүүлсэн. Хамгийн сүүлд өндрөөр нь тогтооё гэж стандарт тогтоогоод явж байна. Үүлдэрлэг байдлаар хэмжье гэхээр монгол адууны гений дарааллыг тогтоосон стандарт үгүй. Тэгэхээр энэ хуулиар Засгийн газар цаашид монгол адууны гений дарааллыг тогтоох үүрэг хүлээнэ. Энэ хүртэл монгол адууг өндрөөр нь хэмжиж уралдуулна. Ингэхдээ адууг лазераар буудаж өндрийг нь хэмжинэ. Гений дарааллыг тогтоохын тулд Монгол орны бүхий л аймгаар явж 20-50 мянган адууны шүлс, цусны дээж цуглуулах тул хугацаа шаардана. Үндэсний их баяр наадмыг нийтээр нэг өдөр тэмдэглэхээр хуульд тусгасан. Гэхдээ онцгой нөхцөл байдлаас шалтгаалан аль нэг аймаг, сумын наадмыг хойшлуулах эрх Засгийн газарт үлдэнэ гэж хуулийн төсөлд тусгасан" гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.