ХАБААНЫ БАЙЫТ: АЛТАН АЙ БУЮУ ӨВСНИЙ СОРМУУСНААС ДЭГДЭН НИСЭХ ГОЁМСОГ ГУНИГИЙН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ
Г.Нэргүй
Нийтлэл
/
1 сарын өмнө

Өнгөрсөн үеийн өө сэв, өөдрөг бүхнийг өөрийн эрхгүй сануулдаг уйтайхан намрын энэ хэдэн өдөр өвгөн багшийн АЛТАН АЙ нэртэй номыг барин тавин, барин тавин байж уншиж дуусгав. Унших ч гэж дээ үг болгоныг нь чихэр шиг хүлхэж «идэж» дуусгав.

Хүүхэд байхад ээжийн өгсөн ганц хоёр чихэрийг өөрөөсөө харамлан харамлан байж амтархан амтархан хүлхдэгсэн. Дуусах дөхөх тусам чихэр улам амттай болох шиг санагдана. Яг түүн шиг өвгөн найрагчийн номыг нандигнан нандигнан уншив
Ерийн үгэнд: «Их насалсан хүнээс биш, их ухаарсан хүнээс асуу» гэдэг. Налайсан наян жилийг ардаа орхино гэдэг тийм ч амар ажил биш байх л даа. Харин тэр наян жилийг зөвхөн ухаарахын төлөө зарц болгон зарж өдий хүрсэн гэж бодоод үз дээ. Аугаа гэдэг үг яг ийм л газар л утга учираа төгс илэрхийлдэг

Надаас олон хүн: «Шүлэг яаж төрдөг вэ» гэж асуудаг. Шүлэг яаж төрдөгийг би мэднэ л дээ, гэхдээ тэгж төрдөг гэж хүнд огт ойлгуулж чаддаггүй юм. Энэ маш хэцүү асуулт.

Тэгвэл АЛТАН АЙ номонд:

«Болжмор сүрххийн буув.

Салхи хага зүсэн

Тагтан дээр суув.

Тэнгэрээс

Далавчтай үг унаж

Уран хоолойгоор

Дур татам жиргэв.

Аяа! Сэтгэл хөөрч

Зүрх догдлохуйяа

Амжиж тэмдэглэх зуур

Болжмор дэрххийн нисэв» гэсэн шүлэг байна. Шүлэг төрнө гэдэг ердөө л энэ.

- Шүлэг яаж төрдөг вэ.

- Болжмор гэдэг «далавчтай үг» тагтан дээр сүрххийн бууж «дур татам» жиргэж дэрххийн нисэхийн хооронд шүлэг төрдөг

Нөгөө СЭРНЭ гэдэг нь л энэ шүү дээ.

«Өвлийн бяцхан

Бялзуухай.

Час час жиргэхэд

Амнаас нь

Чис чис

Цас бутарна...» Нүд ирмэх төдий агшинг тэр ингэж хэлнэ. МЭДРЭМЖ. Жинхэнэ яруу найрагчийн мэдрэмж. Өнгөцхөн мэлмий энэ зэргийн мэдрэхгүй. Тиймийн тулд «нүдтэй» мэлмий хэрэгтэй

Тэр бас:

«Анир алдрах

Хөх эзгүйд

Тэнгэрийн сар

Төө хол сүүмийнэ.

Ганцаардал эзэнгүй...» хэмээжээ. Эзэнгүй ганцаардалын нүдэнд тэнгэрийн сар хүртэл «төө хол сүүмийнэ»

Казахын алдарт зохиолч Оралхан Бөкей гэдэг нөхөр морь нь сульдаад явахаа байгаад ядарч явсан үедээ тэнгэрт нисэж явсан онгоцыг харж сульдсан морио биш асар хурдтай нисэж өнгөрсөн онгоцыг буруутгаж араас нь чулуу шидмээр санагдсанаа хэлсэн байдаг. Яг түүн шиг газарын найрагчийн ганцаардалыг тэнгэрийн сар илтгэнэ. Хэрэв энэ шүлгийг найрагч сайхан хүүхэнтэй сууж байгаад бичсэн бол сар хамаагүй тод гэрэлтэх байсан л даа. Мэлмийн гайхашиг. Нүд биш шүү, мэлмий

«Харанхуйлалд

Эс төөрнөм би.

Өвс өндийх шиг

Гэрэл задран цацрах шиг

Тийм нэг сонин СОВЬ

Надаар тоглоно

Бас сонжиж тохуурхана...» Харин энэ бол ухааны гайхамшиг. Зүв зүгээр л байхад харанхуйлалд төөрөхөө байсан хаширийг хүртэл тохуурхаж:

«Өвс өндийх шиг

Гэрэл задран цацрах шиг» совин татуулна. Үнхээр «ЮМ»тай байгаа биз.

«Үдшийн харанхуй

Үймэн сүүмэн

Үүлэн цаана

Ганц ангир!

Гунгаран гунгаран

Уйлах нь

Хоолой бөжрөм

Уйтай яа

Гансран гунсран

Ганганах нь

Гол тасрам

Ганихралтай яа

Дуундаа өнчирсөн нулимс нь

Зүрхэн дээр бутрахад

Хорвоог элээсэн нас минь

Дотогшоогоо мэлмэрнэ ээ» Амьдрал гэж юусан билээ. Нөгөө бидний магтан дуулдаг амьдрал хорвоог элээсэн хойно ердөө л ингэж харагдах нь байна. Үг хэлээд хэрэггүй. Зөвхөн дотогшоогоо мэлмэрнэ. Энэ амьдрал муу гэсэн үг биш л дээ

«...Ганц ангирийн...

Дуундаа өнчирсөн нулимс нь

Зүрхэн дээр бутрахыг» лантуугаар цохих адилаар хүлээж авах нь аймаар. Үнэн шүү, энэ л аймаар.

«Чимээгүй холдох

Чамайгаа үгүйлэхэд

Бие

Агаар мэт хоосон» ...

«Хол холын уулс

Цэнхэрлэн

Бие биедээн уусрана.

Холдох тусмаа

Улам улам даллана» ... Жамын өмнө хүн гэдэг амьтан үнэхээр жижэгхэн. Чам руу дахиж ойртохгүй амьний чинь тал биеийн чимээгүй холдолт дотоод «биеийг» агаар мэт хоосон болгодог. Ингэж холдох тусам

«...Бие биедээн уусрана.

Улам улам даллана» Хүний чадах юм энэ. Өөр яах ч билээ. Гэхдээ энэ бас бага юм биш л дээ.

Харин үүнийг өдий хэмжээнд яруу илэрхийлэнэ гэдэг нь яачиж болохгүй нөгөө жамаас давсан хэрэг.

«Бөгтөр мод

Өвгөн мод

Торойно.

Үггүй... анир

Үнсэх хүнгүй

Өнчирөл...

... Дуу зохиож

Зүрхээн аргаднам...» Хүн бүхэн өнчирдөг. Ухаантай, авьяас билигтэй хүн өдөр болгон өнчирдөг. Бүр «үнсэх хүнгүй» болтолоо шүү. Энэ эмгэнэл биш, ердөө амьдрал. Дуу зохиож зүрх бүхнийг аргаднам

«Салхи мэт өнгөрөх

Орчлонгийн амьдралд

Би саатнам...» Бурхан минь, «үнсэх хүнгүй» амьдралд уу. Юунд нь тэр вэ.

Миний ард түмний: «Мянган өдрийн диваажингаас нэг өдрийн гэрэлт амьдрал дээр» гэсэн үг байдаг. Хүн ер нь хичнээн өндөр насалсан ч, хичнээн зовлонтой байсан ч энэ амьдралын үнэ цэнийг буулгаж байгаагүй юм. Түүний тод жишээ энэ байна

Номын төгөсгөл руугаа өвгөн бичээчийн надад зориулсан:

«Утас дугарлаа

Доомборчин эр дуудлаа...

Бас л нэг гожинтой...

Сархдад нь хань болдоггүй ч

Салхитай ярианд нь хамт суух

Би дуртай...» гэж эхэлдэг «ГАНЦ УТАСНЫ НУЛИМС» нэртэй нэг шүлэг (бараг найраглал юм даа) байна

Арван хэдэн жилийн өмнө манайд доомбор сонсож суугад бичсэнийг нь санаж байна. Тэр үед би бас л Мандахсан багшийн хэлдэгээр:

«...Мөн ч залуу...

Тун ч гэнэн. Хий хийс цаг

Салхитай цуг

Салхилж л явсан» үе байсан. Өвгөн найрагч манайд ирэх болгондоо

«Ширээн дээр туярсан

Галт сархаднаас

Хоёр алтан жүнзинд дүүргэж өмнөө тавьчихаад

Хаа нэг амтархан хөнтөрч

Халамцуухан ярьж суухад...» Казах түмний гуниг зовлонгийхан дуулал болсон алдарт «ЕЛИМ-АЙ» гэхч дууг надаар байнга дуулуулж нүдээ аниад уярч сонсодог болсон юм

Тийм ээ яг тэр өдрүүдийн нэгэнд л тэр:

«...Дотогшгоо нулимстай утснаас

Тийм галт аяз – өөрөө асдаг аж

ДУУЛАХ НЬ ДУУЛЖ УХААРДАГ

УЙЛАХ НЬ УЙЛЖ ТАЙВШИРДАГ

ЭРХЭМСЭГ ДООМБОРЫН ХҮНД АЯЛГУУ

Хүн хүн рүү хөвөн хөвөлзөж

Зүрх зүрх рүү чимээгүй урсаж

Зөн утасны шидэт цуурай

Ганц утасны нулимс болж

Зүрхэн дээр дусна.

Нэг нэгээр тоолох мэт дусална.

Нийлж нийлсээр гол болж шаагахуй яа!

Тэртээ өвөг - казах их дээдсийн

Эмгэнэлт явдал - далд нууц

Сул аялгуу - сул урсгал

Үггүй үглэл - аяндаа урснам

Гуниг ч сул урсана

Баяр ч сул урсана

Ердөө

Доомбор өөрөө сул асгарч байнам…» гэхчилэн бичиж уншиж өгч байсан. Яг үнэнээ хэлхэд тэр үед би юу ч анзаараагүй юм. Өнөөдөр ганцаараа суугаад барьж уншсан чинь хэлэх үг ч олдосонгүй

Зүгээр л гайхамшиг.

Алдарт доомборчин Курмангазы казахын уудам нутгийн тухай САРЫ АРКА гэдэг аялгууг өөрөө зохион тоглож, оросын нэгэн алдарт зураач сонсож суугаад Сары арка нутгийг ямар ч зөрүүгүй харсан юм шиг зурсан... гэсэн дам яриа байдаг.

Яг түүн шиг Мандахсан найрагч ЕЛИМ-АЙ гэхч түүхэн гунигт аялгууны үүх түүхийг өөрөө биеэрээ туулж өнгөрүүлсэн юм шиг бичсэн байна

«Ээ!

Өвгөн тэнгэр!

Он цаг бууралтжээ» Би яалтай билээ!!!

«...Өвсний сормууснаас

Дэгдэн дэгдэн нисэх

Гоёмсог гуниг

Салхин аясаар үелэхэд

Өвгөн найрагчийн сэтгэл

Ид шидийн ертөнцөд

Хууртнам зэ.

Ай хорвоо...»

Ай хорвоо чи энэ хүмүүнтөрлөхтөнийг хуурсаар байсан ч бид чамайг дуулсаар байдаг нь юутай гайхамшиг вэ?

Ай хорвоо чи энэ хүмүүнтөрлөхтөнийг усны эргүүлгэнд орсон хомоол аятай эргүүлэн эргүүлэн урсгаж гадурхсаар хөвөөнд гаргсаар байсан ч бид чамаас холдож чадахгүй саатан хорогдсоор байдаг нь юуны учир вэ?
Ай өвгөн найрагч минь хүмүүнтөрлөхтөний гуниг зовлон бүхнийг доомборын хоёр утасны зөвхөн нэгнийхэн нулимснаас олж харах чиний зүрхний мэлмийг олоон хүнд тэнгэр заядаггүй байдгийн учир бас юунд вэ?
Ай яруу тансаг найргийн ертөнц чи намайг өдөр шөний алинд ч уяатай нохой шиг хажуудаа байлгаж ганц хором ч зүгээр байлгаддаггүй учир бас юунд вэ?

Ай хорвоо!!!... Энэ налгархан намар цагийн сунайсан шаргал өдөрүүдэд тогтож өгөхгүй гэгэлзсэн найрагч сэтгэлийг минь тэтгэж шаргалхан намар шиг өвгөн найрагчийн шарлаагүй навчис шиг шинхэн «далавчтай үг» уянга айзамыг гарт минь бариулж тамлаж жаргаасаны учир:

«...Элэнц холын

Эгшиг зангирсан эмзэглэл»ийг мэдэрч,

«Энэрэхүй ертөнцийн

Зүрх хөндсөн сэрхүй

Үгүйлэн үгүйлэх

Бүдэгхэн хөх анир»ийг сонсон алдан, сонсон алдан сонордож,

«Чимээгүйд

Чимээгүйг нөмрөн

(Ухаант найрагч өвгөн хөвгөний

Урь сайтай цэцэн шүлгийн

Ухааны угалзыг тэмтэрч)

Саран мандтал

Удаан зогсон» тэнгэр ширтэхүйд:

«Будант намар сөрсөн

Буурал тогоруу

Нойтон далавчаа

Булгаж нэг тавин

Буцааж нэг татан

Алгуур алгуурхан дэв дэвсээр

Алсрахуй тэнгэртээ

Алдарнам за»

Ай НАМАР...

АЛТАН АЙ минь!!!

2021.11.21

Эрдэнэт

 

ХАБААНЫ БАЙЫТ


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.