ТОЛИН ХУЛЫН ТОД МАНЛАЙ, ТОМ УЛСТӨРЧ Гаваагийн БАТХҮҮ
С.Марал
Нийтлэл
/
1 сарын өмнө

Гаваагийн Батхүү хэмээх өсгөлүүн, өндөр нуруу, ханхар цээжтэй энэ халх монгол эр бол төр улсдаа дуудуулах нэртэй, түмэндээ олондоо танигдсан, төгөлдөр сайхан эр байлаа.

Төв халхын өндөрлөг, өврийн сайхан хангайн Хужирт хэмээх уул ус тэгш, баян сайхан нутагт 1960 оны тавдугаар сарын 19-нд нэгэн мантгар улаан хүү эхийн хэвлийгээс унасан нь төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү байв. 1978 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын арван жилийн дунд сургуулиа амжилттай төгссөн тэрээр ЗХУ-ын Харьков хотын Инженер-эдийн засгийн дээд сургуульд элсэн орж бүтэн таван жил суралцан 1983 онд төгсчээ. Хожим 1999 онд ШУТИС-ийг Бизнесийн удирдлагын ухааны магистр цолтойгоор дүүргэв.

Г.Батхүү хэдийгээр гадаад улс оронд эрдэм боловсролд суралцан инженер-эдийн засагч мэргэжил эзэмшсэн нэгэн боловч буй биеэрээ монгол ахуй, соёлоо шүтсэн, өвөг дээсийн өв уламжлалаа дээдэлсэн жинхэнэ монгол эр хүн байсан юм. Энэ нь түүний амьдрал ахуй, төр улсдаа зүтгэсэн ажил хөдөлмөр, хувийн сонирхол хообби, уран бүтээлээс нь тод анзаарагддаг.

Хойно сургууль төгсөж ирсэн залуухан инженер ажлын гараагаа 1983 онд Авто засварын заводын Их засварын цехэд засварчин, мастераар эхэлсэн байдаг. Ажилч хичээнгүй тэрээр удалгүй Авто засварын үйлдвэрийн нэгдэлд хэлтсийн дарга болж дөрвөн жил ажиллаад, Тээврийн яаманд ахлах мэргэжилтнээр дэвшин дөрвөн оныг үдээд өөрийн “Шунхлай” компаниа байгуулсан нь зах зээлийн нийгэмд дорхноо хөлөө олсон, үндэсний томоохон аж ахуйн суурийг тавьсан байв.

Түүнчлэн, түүний үүсгэн байгуулсан энэ компаний авто засварын төв нь иргэд, үйлчлүүлэгчийн автомашины засвар, үйлчилгээнд чанарын баталгаа гаргаж өгдөг болжээ. “Шунхлай” өнөөдөр хорь гаруй охин компанитай, 4000 орчим ажилтантай Монголын тэргүүлэх групп болон өргөжөөд байна. 

Инженер мэргэжлийнхээ ид шидийг их улс төрд үлдээсэн төрийн түшээ

Г.Батхүүгийн амьдралын замналд түүний эзэмшсэн инженер мэргэжил ихээхэн тус болсон байдаг. Тэрээр 1996-1999 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд Зам тээврийн газрын даргаар ажилласан нь ч үүнтэй холбоотой. 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд болон дэвшив. Энэ бол түүний Монголын их улс төрд орж ирсний баталгаа юм.

Шинэ мянган гарсны удаахь дөрвөн жилд тэрээр “Инфра структур” ХХК-ийн ерөнхий захирал, “АПУ” ХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаад 2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон улмаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар ажилласан түүхтэй. Дараагийн дөрвөн жилд мөн л түмнийхээ итгэлийг хүлээн төрийн түшээгээр сонгогдоод байхдаа 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд даргаар ажилласан нь түүнийг ямархан том улстөрч болсныг илтгэдэг.

Гаваагийн Батхүү Монгол Улсын Их хурлын дэд дарга, Монгол Улсын Их хурлын тусгай хяналтын дэд хорооны дарга, Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байсан Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн гэсэн товч тодотголд зангидаж болох ч арвин баялаг намтартай хүн билээ. 

Толгойдоо тоосгүй ирдэг “Толин хул”-ын эзэн, тод манлай уяач

Г.Батхүү Монгол үндэстний өв соёл, ахуй, уламжлалыг сэргээн дэлгэрүүлэгч, соёлын зүтгэлтэн байсан юм. Тэрээр нүүдэлчний соёл, ахуйг орчин үеийн хөгжил дэвшилтэй холбох, монгол малын гарал угсааг шинжлэх ухааны суурь судалгаан дээр үндэслэн сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх зэрэг онол, практикийн олон ажлыг санаачлан эхлүүлж, хэрэгжүүлсэн эрдэмтэн хүн юм.

Түүний алдарт “Толин хул”-аар өнгөлүүлсэн хурдан морьд монгол түмнээ олон жил баясгаж, баяр наадмын айраг, түрүүг авч  ирснийг моринд дуртай морьтон монголчууд мартахгүй. “Толин хул” азаргаа Хэнтий аймгийн Баянхутагийн “Уртын” хэмээх Л.Дамдинжав уяачаас гурван гүүний хамт нэг сая таван зуун мянган төгрөг бэлэн тоолж өгч авсан бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, XX зууны манлай хүлэгч Д.Даваанямаар уяулан 1996 оны үндэсний их баяр наадмаар толгойдоо тоосгүй, торгон магнай болгосон аатай эр бол Г.Батхүү.

Тэгж түрүүлж ирэхэд нь залуухан уяач өөртөө ч үл итгэн өөрийгөө чимхэж байж үнэмшиж явсан сэтгэл уярам түүхээ ярих дуртай байлаа. Хул азарганы духан дээрх толь мэт сарыг бэлгэдэн хул мориндоо “Толин хул” нэрийг хайрлажээ. Энэхүү эгэлгүй хурдан адуу төрийн их баяр наадамд түрүү магнай болсноосоо хойш хоёр жил дараалан айрагдаж, Хархоринд болсон анхны “Их хурд” наадамд дөрөвт ирж айрагдсаныг монголчууд сайн мэднэ.

Төрийн баяр наадмын сүлд дуу “Толин хул”-аа амилуулсан шүлэгч

Монгол Улсын төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбатын аялгуу, УИХ-ын гишүүн асан, тод манлай уяач Г.Батхүүгийн шүлгээр бүтсэн “Толин хул” дуу бол Монгол наадмын сүлд дуу гэхэд хилсдэхгүй. “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн дуулж олон түмэнд хүргэсэн “Толин хул” бол анхны зориулалтаасаа хальж ард түмэнд түгсэн алдартай бүтээл.

“Газар үнэрлэн омогшиход толгод хотойно

Хазаар даран тэмүүлэхэд дэлхий атирна

Зурхай эргэж гарахад наран сугарна

Зуныг элдэж хурдлахад дээл сэмэрнэ

Зуныг элдэж хурдлахад дээл сэмэрнэ” хэмээн даган дуулж найгадаг.

“Амгайгаа зажлан үүрсэхэд уяа сэргэнэ

Арай ядан тогтооход цулбуур эрчилнэ

Аймгийн галыг тойроход хараа булаана

Ая дуу уртад сойход салхи амарна

Аядуу уртад сойход салхи амарна

Арвайн домог сэдрэхэд өвгөд хуучилна

Адтай гийнгоо цангинахад асар эзгүйднэ

Үрээ морьдын давхианд дагуул олширно

Түрүү магнайд ирэхэд нь хадаг ховордоно

Түрүү магнайд ирэхэд нь хадаг ховордоно”

Ямар ч монгол хүний сэтгэлийг хөдөлгөм ийм гайхамшигтай дууны шүлэг бичсэн гэхээр Г.Батхүү бол шаггүй шүлэгч, яруу найрагч байжээ. Үеийн үед наадамчин олныг баясгаж, торгон жолоо өргүүлж байсан алдарт хүлгүүдэд зориулсан сайхан дуу, магтаал олон бий. Сүүлийн хорин жилийн Монгол наадмыг өөрийн аялгуу, шүлгээрээ тасралтгүй чимж ирсэн энэ сайхан дууны үгээс гадна “Сүүтэй зүүдэн”, “Хужирт нутаг” зэрэг ард олны дунд ардын дуу болтлоо хоногшсон олон сайхан дууны үгийг тэрээр зохиожээ.

Төр, нийгмийн зүтгэлтэн, төрийн бус байгууллагуудын тэргүүн, үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдлэгч Г.Батхүүгийн хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын “Тод манлай” уяач цолоор шагнасан байдаг. Тэрээр 1999 онд ОХУ-ын “Найрамдал” одон, 1999 онд Монгол Улсын Алдарт уяач цол, 2000 онд Засгийн газрын хүндэт жуух, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2006 онд Монгол Улсын Манлай уяач цол, 2007 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар тус тус шагнаж байв.

Түүний хообби хуучны ховор машин цуглуулах байв

Гаваагийн Батхүү улс төрд хүчин зүтгэхийн сацуу шүлэг дуу зохиож, ном бичиж соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар иржээ. Түүний “Сонсогч таны эрх зүйн мэдлэгт” цуврал, “Төр ба иргэн”, “Гүрж яагаад чадав” бүтээлүүдээс гадна ээж Г.Оюун, өвөө П.Гаваа нарынхаа ажил амьдралын тухай бичсэн номууд, "Толин хул” шүлгийн дууны цомог нь “М plus” цахим сан (аппликэйшн)-д нийтлэгдсэнтэй уншигчид танилцаж болно. Мөнөөх цахим санд зам тээврийн салбарыг тэргүүлж байсан Г.Батхүүгийн “Дамжин өнгөрөх тээвэр хөгжлийн гарц” илтгэлийн хураангуй ч багтсан нь бий. Г.Батхүү морь уяхаас гадна хуучны ховор автомашин цуглуулагч байсныг хэдэн жилийн өмнө Чингисийн талбайд дэлгэсэн түүний үзэсгэлэнгээс мэдэж байв. Тэрээр хуучны ховор автомашинуудыг засварын хамт олонтойгоо хамтран өөрийн гараар нэг бүрчлэн сэлбэж, засч, будан анхны дүр төрхийг нь сэргээн засварладаг байлаа.

Төрийн ордонд бурхан болсон нь түмэн оньсого үлдээжээ

Өвөө Гаваагаараа овоглосон Батхүү олон ч танилтай, олны танил нэгэн байсан бөгөөд түүнийг олон ч анд нөхөд нь “Жинхэнэ мужик” гэж эрхий хуруугаа гозойлгодог юм билээ. Түүний хэлэх дуртай хамгийн сайхан үг нь “Эргэж уулзах нүүртэй амьдрах сайхан” гэдэг үгийг ойр дотнын анд нөхөд нь одоо ч сэтгэл зүрхэндээ нандигнан хадгалж явдаг аж.

Улс төрд нэр хүндтэй, Монголын томоохон группын Ерөнхийлөгч байсан учраас тэрээр олон сонгуульт алба хашдаг байв. “Монголын баг сумдын үндэсний холбоо” ТББ-ын ерөнхийлөгч, “Монголын авто машин мотоциклийн холбоо”, “Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо”-ны ерөнхийлөгч гээд энэ жагсаалт цааш явж өгнө. Ардчилсан намын дэд даргын алба хашиж байсан Гаваагийн Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан нь олон олон оньсого үлдээсэн юм.

Охиныхоо сэтгэлд үлдсэн орон зайг олныхоо дунд ч бас үлдээж дээ...

Аавынхаа таалал төгссөний нэг жилийн дараа охин Б.Цэлмэг нь цахим хуудсандаа “Өнөөдөр толгойд минь олон бодол эргэлдэж, мөн маш олон мэдрэмжүүд мэдрэгдэж байгаа ч би нэг л зүйлийг эргэлзэхгүйгээр мэдэж, мэдэрч байна. Бид аавыгаа маш ихээр санаж, үгүйлж байна. Улс төрийн лидер, бизнесмен, Монгол Улсын Тод манлай уяач гэх мэтчилэн цоллож, бахархан ярих маш их зүйл байгаа ч, би өнөөдөр аавыгаа “Аав” гэх хүндэт гуншингаар нь эргэн санаж, дурсаж, бахарахмаар санагдлаа. Эцсийн дүнд, бидний аав хэн ч байсан, ямар ч амжилтанд хүрсэн бай бидний хамгийн нандин эрдэнүүдийн нэг шүү дээ. Миний аав их завгүй хүн байсан. Өглөө намайг сэрэхээс өмнө ажилдаа аль хэзээний явчихсан байдаг, орой унтаж байхад гэртээ орж ирдэг. Хэрвээ намайг унтсан байвал өрөөнд орж ирээд хацар дээр минь заавал үнсдэг нь маш тодоор одоо хүртэл надад эргээд мэдрэгдэх шиг болдог. Өдий насандаа хүртэл аавдаа орой болгон хацар дээрээ “Сайхан амраарай” гээд үнсүүлдэг байлаа. Тавдугаар сарын 16-ны орой би аавдаа үнсүүлээд унтсан юм. Энэ сүүлийн удаа байсан гэдгийг би даанч мэдээгүй. “Хүн хичнээн амжилтанд хүрээд эрүүл биш бол ямар нэмэр байх вэ” гэж сургаал айлдаж байсан нь саяхан мэт. Аав минь зөвхөн үр хүүхдэдээ ч биш, маш олон хүмүүсийн “Аав” шиг нэгэн байж, үлгэр дуурайлал нь болж, амьдралынх нь хувь заяаг үүрд өөрчилж чадсан байж. Ямар сайндаа “Даргад загнуулаад гараад ирэхээр хийморийн сан тавиулсан юм шиг сайхан болдог юм” гэж ажил албаныхан нь яриад инээлдэж байх вэ” гэж хайртай аавдаа бичиглэсэн байдаг.

Өврийн сайхан хангай нутагтаа өчнөөн зүйл зориулж бүтээсэн эл эрхэм төрийн түшээ охиныхоо сэтгэлийн орон зайд үлдсэн шигээ олон түмнийхээ итгэл, сэтгэлд өнөө ч үгүйлэгдсээр байгаа, хойшид ч үгүйлэгдсээр байх нь дамжиггүй.

 

 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.