Ази тивийн сүүний түншлэлийн “Ингэний сүү үйлдвэрлэл” сэдэвт Олон улсын цахим хэлэлцүүлэг боллоо
А.Админ
Үйл явдал
/
1 сарын өмнө

Дэлхийн сүүний өдрийг угтаж Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Олон улсын тэмээний байгууллага, Энэтхэгийн тэмээ судлалын үндэсний төв, “Тэмээ ба сарлаг” олон улсын сан, Хятад улсын Мал аж ахуйн холбоо, Тэмээний холбоо, Өвөрмонголын тэмээ хамгаалах байгууллага, “Монгол бактриан” нийгэмлэг, Арабын Нэгдсэн Эмират улсын “Camelicious” компанитай хамтран Ази тивийн сүүний түншлэлийн ээлжит хэлэлцүүлгийг “Ингэний сүү үйлдвэрлэл” сэдвээр 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 14.00-17.00 цагт цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим хэлэлцүүлгийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар үг хэлэв. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлсэн үгэндээ: Тэмээний аж ахуй бол говь цөлийн бүсэд хязгаарлагдмал орон зайд байршиж, байгаль цаг уурын эрс тэс орчинд дасан зохицсон, өвөрмөц эко орчин бүхий онцлогтой стратегийн нэн чухал салбар. Монгол улсад тэмээчдийн өнө эртний соёл, уламжлал, зан заншил, сүү боловсруулах болон хэрэглэх уламжлалт мэдлэг, арга ажиллагааг орчин цагт үнэ цэнэтэй хадгалах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын амьдралын чанарыг сайжруулах нь цаг үеийн шаардлага болж байна. Ялангуяа ингэний сүү нь шим тэжээл, технологийн шинж чанар, бүтцээрээ нэн өвөрмөц байдаг тул хүн амын эрүүл мэндэд нэн чухал ач холбогдолтой байдаг. Монгол Улсын Засгийн газраас дотооддоо тэмээний удмын санг хамгаалах, сүргийн цус сэлбэлт, үржлийн ажлыг тогтмол зохион байгуулах, ингэний сүү, тэмээний ноос зэрэг түүхий эд, бүтээгдэхүүний ашиглалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд зохистой оруулах, малчдыг амьжиргааг дээшлүүлэх,  орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлд ажиллаж байгааг онцлов. 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа хэлсэн үгэндээ: “Ингэний сүү үйлдвэрлэл” сэдэвт цахим хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж байгаа Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газарт талархал илэрхийлж, энэ хэлэлцүүлэг нь Ази тивийн бүс нутагт тэмээний аж ахуй, ингэний сүү үйлдвэрлэлийн талаар мэдлэг, мэдээлэл солилцох өргөн боломж олгож байгааг тэмдэглэв. Улс орнуудын хэрэгжүүлсэн бодлого, үр дүнд хүрсэн арга туршлагыг харилцан судлах, суралцах нь чухал байна. НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хүнсний аюулгүй байдал, шим тэжээллэг чанарыг дээшлүүлэх, ингэний сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг анхаарах, тэмээний аж ахуйг хөгжүүлэх чиглэлд ингэний сүүн бүтээгдэхүүний экспортыг дэмжих талаар төсөл хэрэгжүүлж байгаа гэдгийг  хэллээ. Түүнчлэн НҮБ-аас 2024 оныг Олон улсын тэмээний жил болгон зарласан байгааг тэмдэглэв.  

Ази тивийн сүүний түншлэлийн цахим хэлэлцүүлэгт Монгол, Хятад, Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират улс, Казакстан, Австри, Герман, Франц, Кени, АНУ, Япон, Бельги зэрэг улсаас 90 гаруй хүн оролцлоо. Манай улсаас тэмээ бүхий аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд, дотоодын сүүний боловсруулах үйлдвэрүүд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл мөн хамрагдлаа. 

Бүс нутгийн цахим хэлэлцүүлгийг Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар хөтлөн явуулсан. Цахим хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, доктор П.Түмэнбаяр “Монгол Улсын тэмээний аж ахуй, ингэний сүү үйлдвэрлэл, баримталж байгаа бодлого” сэдвээр, Хятад улсын Мал аж ахуйн холбооны дэргэдэх Тэмээний холбооны дэд ерөнхийлөгч, доктор Суронг Хаси “Хятад улсын тэмээний аж ахуй, ингэний сүү үйлдвэрлэл” сэдвээр, Энэтхэг улсын Тэмээ судлалын үндэсний төвийн захирал, доктор Артабандху Сахүү “Энэтхэгийн тэмээний аж ахуй, ингэний сүү үйлдвэрлэл” сэдвээр, “Тэмээ ба сарлаг” сангийн нарийн бичгийн дарга, Экологийн хүрээлэнгийн ахлах судлаач, доктор Памела Бургер “Тэмээний талаарх судалгаа шинжилгээний тухай” сэдвээр, Арабын нэгдсэн Эмират Улсын дэлхийд тэргүүлэгч ”Camelicious” ингэний сүүний аж ахуйн фермерийн менежментийн багийн менежер, доктор Петер Наги “Ингэний аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр тус тус илтгэл тавьж, мэдээлэл хийсэн байна. Мөн бүсийн хэлэлцүүлэгт Монгол бактриан нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, ШУ-ны доктор Ц.Батсүх панелистаар оролцож санал бодлоо илэрхийллээ. 

Хэлэлцүүлэгт хос болон нэг бөхт тэмээний үндсэн ялгаа, үржүүлэг, эрүүл мэнд, маллагаа аж ахуйн онцлог, ферм зохион байгуулалт, ингэний сүүний гарц, бүтээмжийг нэмэгдүүлэх арга замын талаар түлхүү хэлэлцэв. Ингэний сүү нь хүний эрүүл мэндэд нэн тустай, ялангуяа сүрьеэ, чихрийн шижин, харшил, астма, аутизм, шарлалт зэрэг өвчний эсрэг үйлчлэлтэй гэдгийг оролцогчид онцолж байлаа. Түүнчлэн ингэний сүүг хүнсний зориулалтаас гадна биологийн өндөр идэвхтэй бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэж байгаа талаар хэлж байв. Түүнчлэн Казакстан, Туркменистан зэрэг улсад сүүний гарцыг нэмэгдүүлэх зорилгоор хос бөхт болон нэг бөхт тэмээг хооронд нь эрлийзжүүлэн ашиглаж байгаа талаар асуудал хөндөгдсөн. Илтгэгчид, хос бөхт тэмээний үнэ цэнийг хадгалах, соёл, уламжлалыг хамгаалах, нэг бөхт тэмээтэй эрлийзжүүлэхгүй байх нь зүйтэй талаар тэмдэглэж байлаа. 

Ази тивийн сүүний түншлэлийн “Ингэний сүү үйлдвэрлэл” сэдэвт хэлэлцүүлгийн төгсгөлд “Олон улсын хос бөхт тэмээний холбоо”-г Монгол Улсад байгуулах санаачилга дэвшүүлж, улс орнууд хамтран ажиллах, харилцан суралцах, мэдлэг, мэдээлэл, арга туршлага солилцохын чухлыг онцоллоо. 

 
 
 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.