Энгийн иргэнийг ПРОКУРОР болгох хуулийн төслөө ТАТЛАА!!
З.Батхуяг
Үйл явдал
/
3 сарын өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-тэй хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татна гэдгээ мэдэгдлээ. 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2022.05.31/ хэлэлцэх асуудлын жагсаалтад дээрх хуулийн төсөл багтсан юм. Энэ үеэр Х.Нямбаатар сайд "Нийгмийн зүгээс олон шүүмж, шаардлагууд тавилаа. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд 2017 оны энэ хуулиар халдсан юм. Үндсэн хуульд Ерөнхий прокурорыг заавал прокурорын байгууллага дотроос томилно гэсэн үг өгүүлбэр байхгүй. Үндсэн хуультай нийцүүлэх алхам хийсэн үйлдлийг улс төрийн намууд ялангуяа сөрөг хүчний зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Тийм учраас өргөн барьсан хуулийн төслөөсөө Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татаж авахаар болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Дагасан хуулийг татаж авч байгаа бичгээ Засгийн газрын хуралдаанаар оруулна" гэлээ.

Харин Байнгын хорооны дарга С.Бямбацогт өргөн баригдсан хуулийн төслийг Х.Нямбаатар сайд татах хууль эрх зүйн боломж байхгүй. Хууль санаачлагч санаачилсан хуулийн төслөө татан авах тухай албан бичгээр мэдэгдэх ёстой гэлээ.

Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Улсын Ерөнхий прокуророор прокурорыг томилно гэдгийг Монгол Улсын иргэнийг болгон өөрчлөх тухай тусгасан. Ингэснээр хуулийн төсөл батлагдсан тохиолдолд Улсын Ерөнхий прокуророор улс төрчид томилогдох боломж бүрдэх юм. Улс төрчид болон хуульчдын зүгээс тус хуулийн төслийг эсэргүүцэж буйгаа хүчтэй илэрхийлсэн.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.