Хотоос сонгогдсон гишүүд ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН, ХҮҮХДИЙН ПАРК-ыг тусгай хамгаалалтад авч, ХОТОО НОГООРУУЛНА гэв
З.Батхуяг
Үйл явдал
/
2 сарын өмнө

УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар хотын хөгжлийн бодлого, хот тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаар хэлэлцүүлэг уулзалт зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт, түр хорооны гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Д.Сумъяабазар, Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд, Нийслэлийн Ерөнхий Архитектор Н.Нацагдорж, НИТХ-ын төлөөлөгч, дүүргүүдийн Засаг дарга тэргүүтэй албаныхан оролцсон юм. Танилцуулгын эхэнд хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатарын хөгжлийн бодлогын тухай товч танилцууллаа. Нийслэлийн ногоон байгууламжийн хэмжээ 637,7 га талбайг эзэлж байгаа нь 2010 оны үзүүлэлттэй харьцуулахад 3,6 дахин их, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ;

  1. СБД-т 6,7м2
  2. ХУД-т 6,6м2
  3. БГД-т 5,8м2

Нийслэл Улаанбаатарт 5,1м2 байгаа нь дэлхийн томоохон хотуудын дунджаас 3-4 дахин бага байгаа юм. Тиймээс нийслэлийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь эн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ажлын нэг гэлээ. Мөн Нийслэлийн Засаг дарга танилцуулгадаа хот тохижилтын салбарт энэ оны төсвийн жилд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр нийт 97 төсөл арга, хэмжээ хэрэгжүүлнэ. Мөн нийслэлийг хөгжүүлэх 2021-2025 оны төлөвлөгөөнд дүүрэг бүрд цэцэрлэг хүрээлэн байгуулж нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтруулах замаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлж, 8м2-т хүргэхээр төлөвлөжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд 2030 он хүртэл 120 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн бөгөөд дараах гурван зорилгын хүрээнд хэрэгжүүлэх юм.

  1. Улаанбаатар хотын ойн сангийн хомсдол, доройтлыг бууруулах, түймэрт өртсөн, хөнөөлт шавжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн талбайг ойжуулах нөхөн сэргээх замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 6,288 га талбайд зориудаар ойжуулах, 6,660 га талбайд байгалийн сэргэн ургалтад туслах нөхөн сэргээлтийн ажлыг тус тус хийж гүйцэтгэн нийт 20.7 сая мод тарьж ургуулна.
     
  2. Цөлжилттэй тэмцэх, хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах, хүнсний хангамжийг сайжруулах хүрээнд авто зам, төмөр зам, уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, шинэ суурьшлын бүс, эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хот, суурин газруудад хамгаалалтын ойн зурвас байгуулах тохиромжтой газар газруудад уст цэг, хөв байгуулах замаар жимс жимсгэнэ, ашигт ургамал тариалж агро-ойн аж ахуй хөгжүүлэх зорилгын хүрээнд 3,350 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулж, нийт 34.3 сая мод тарьж ургуулна.
     
  3. Нийслэлийн иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлж, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, “Хотын иргэний аюулгүй байдал”-ыг хангах зорилгоор нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 25 м2 хүртэл нэмэгдүүлж 3,750 га талбайд нийт 65.0 сая мод тарьж ургуулна.
 
Сүхбаатарын талбайд хөл бөмбөгийн тэмцээн болох гээд ногоон зүлэг дэвсэхэд иргэд хэчнээн их амарч, таатай хүлээж авч байсныг та бүхэн мэднэ. Тиймээс Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо Нийслэл хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хамгаалан авч үлдэх чиглэлээр тогтоолын төсөл өргөн барихаар болж УИХ-ын даргын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тогтоолын төсөлд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Парк, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэх мэт томоохон ногоон байгууламжтай газруудыг улсын тусгай хэрэгцээнд авахаар тусгаж өгөх болно. Ингэснээр ногоон байгууламжтай талбайг энд тэндээс нь зориулалтын бусаар ашиглаж, барилга байгууламж барьдаг байдал арилж, тухайн ногоон байгууламжид иргэндээ ээлтэй явганы зам, нийтийн бие засах газар, ногоон орчин зэргийг тохижуулж хамгаалалтад авах боломжтой юм. Энэ мэт иргэндээ ээлтэй орчныг тохижуулж, бий болгох санаачлагыг дэмжиж хамтран ажиллаж буй УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэл хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл дүүргийн төлөөлөгч, Засаг дарга удирдлагуудад талархал илэрхийлье.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.