С.Одонтуяа: Би УИХ-ын дэд даргын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө тууштай ажиллана
З.Батхуяг
Үйл явдал
/
2 сарын өмнө

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлж байна. Бүлгийн дарга Д.Ганбат, бүлгийн гишүүн С.Одонтуяа нар мэдээлэл өгч байна. Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн  мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт болох тул мэдээлэл сонсжээ. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Засгийн газар өнгөрсөн сард өргөн мэдүүлсэн. Энэ төслийн хэлэлцэх, эсэхийг энэ долоо хоногт шийднэ. Энэ талаар мөн мэдээлэл сонссон байна.    

Д.Ганбат: Сүүлийн үед хөдөөгийн иргэд хуулийн туслалцааг тэр бүр авч чадахгүй байна. Хууль шүүхийн өмнө бүгд тэгш  эрхтэй байх ёстой.  Гэвч зарим иргэн хөрөнгө мөнгөний гачигдлын улмаас хуулийн туслалцаа авч чадахгүй байна. Иймд өмнөх хуулийг сайжруулах төсөл боловсруулжээ. Энэ төслийг дэмжинэ. Хэлэлцүүлгийн явцад засах ганц нэг заалт бий. Өнгөрсөн долоо хоногт АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдсан. Энэ хурлаар бүлгийн дүрмээ батлав. Манай нам сүүлийн хоёр жилийн турш гадна дотнын нөлөөгөөр маргаантай байв. Бид намын дүрмээ гуравдугаар сард бүртгүүлсэн. АН-ын бүлэгт анх 11 гишүүн байв. Зарим гишүүн бүлгийн хуралдаа суухгүй байна. Бид хэнийг ч албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй.  Уг нь хууль биелүүлнэ гэж тангараг өргөсөн ч ажлаа хийхгүй байна. Хэн ажлаа хийгээгүй нь шийтгүүлдэг хуультай. 

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийн тухайд сүүлийн үед хувийн хэвшил ашигтай ажиллах нөхцөлгүй боллоо. Бид социализмын 70 жилийн турш төрийн оролцоотой эдийн засагтай байж ирсэн. Энэ хугацаанд төр эдийн засгийг удирдсанаар юу болдгийг харсан. Гэтэл одоо төр эргээд эдийн засагт идэвхтэй оролцох боллоо. АН засаг барих хугацаандаа хувийн хэвшлийг үргэлж дэмжсээр ирсэн. Даахгүй нохой булуу хураана гэгчээр төр олон компанийг өөртөө нэгтгэж байгаа нь буруу. АН засаг барьсан жилүүдэд төрийн өмчит ААН-үүдийн тоо нийт ААН-ийн 20-30 хувийг эзэлж буурсан ч одоо эргээд өслөө. Энэ нь улс орныг мухардалд оруулж байгаа тул олонх анхаарч ажиллах ёстой.  Манай улсад бүх зүйл хоёр хуваагджээ. Наадмаа цар тахлын улмаас тэмдэглээгүй тул энэ зун наадмаа маргаангүй, зөв зохион байгуулах нь чухал. Баяр наадмын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт манай намын гишүүд багтсан. Өнөөдөр  Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийх юм байна. Тэдний үгийг сонсох ёстой.        

С.Одонтуяа: Бид чөлөөт зах зээлд шилжээд 30 жил болсон ч эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоо улам хумигдсаар байна.  Учир нь төр бүх бизнесийг булааж байна.

Эдийн засагт уул уурхайн компаниуд маш чухал үүрэг гүйцэтгэх болсон. Тэр дундаа "Эрдэнэт", "ЭТТ" ХК гэсэн төрийн мэдлийн, хоёрхон ААН нуруундаа ихээхэн ачаа үүрч байна. Эдгээр компани нийлээд улсын төсөвт 2 их наяд төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулдаг. Тэгэхээр бусад ААН эдийн засагт төдийлөн нөлөөгүй, оролцоо багатай байна. Энэ хоёр компанийн захирлууд сард 10-20 хүртэл сая төгрөгийн цалин авч байна.Үүнийг зогсооно. Ер нь бид эдийн засгийн бүтцээ эргэж харах цаг болсон. 2019 оны байдлаар төрийн өмчит ААН-үүд 40 их наяд төгрөгийн өртэй байна.  Эндээс Монгол Улсын хөрөнгө хаашаа явж байгааг харж болно.  Яагаад ийм их хэмжээний өр үүссэн талаар АН анхаарч ажиллана. Төрийн томоохон ААН-үүдийн 10 хүртэл хувийг олон нийтэд нээлттэй зарлан, ХК хэлбэрт шилжүүлэх шаардлагатай. Иргэд эдгээр хувьцаанд хөрөнгөө оруулах хүсэлтэй байгааг дэмжих нь зөв.              

Манай бүлэгт асуудал бий. Бид дотроо хэлэлцээд шийднэ. Казахстанд олон нийтийн санал асуулга явуулж, хүчтэй парламентын засаглалтай болохоор иргэдээсээ санал авч байна. АН ирэх сонгуульд нэг нам болж, нэгдэн орох нь гарцаагүй. Би УИХ-ын дэд даргын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө тууштай ажиллана. Сонгуулийн мажоритар системийн сөрөг нөлөөг бид хангалттай амслаа.              

Эрх мэдэл тэнцвэртэй байх ёстой тул Ерөнхийлөгчийг ард түмэн өөрсдөө сонгох нь чухал. Парламентаас Ерөнхийлөгчийг сонгохыг бид дэмжихгүй. Мөн одоогийн Ерөнхийлөгч зургаан жил ажиллах тул бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох цаг дөхөхөд бид энэ асуудлыг ярих нь зөв.       


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.