Ч.Отгочулуу: Төмсний үнэ 25 хувиар нэмэгдэж 2400 боллоо. Засгийн газар хааччихав!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
9 сарын өмнө

ҮАБЗ ЯАРАЛТАЙ ХУРАЛДАЖ АМРАЛТ, НАЙР НААДМАА ХОЙШ ТАВИН АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА"

Ардчилсан намаас пүрэв гараг бүрийн 11:00 цагт мэдээлэл хийдэг уламжлалын дагуу цаг үе, нийгэм эдийн засгийн талаар мэдээллээ.

Ардчилсан намын Дэд дарга Ч.Отгочулуу:

- Улсын эдийн засаг улаан гэрэлтэй байсан ч одоо бүр түгшүүрийн харанга дэлдэхээр хэмжээнд хүрээд байна. Гэтэл манай ард түмэн хэт уужуу, зөөлөн, байгаадаа дасан зохицож, дөжирчээ. Бид үүнийг сэргээх ажлыг хийнэ. АН өнгөрсөн хугацаанд ч энэ талаар хэлсээр ирсэн. Махны үнэ 17500₮ буюу нэг жилийн өмнөх мөн үеэс 25 хувиар өсөөд байна. Атар талх 1800₮ буюу 40 хувиар, А92 шатахуун 2400₮ буюу 70 хувиар өссөн байгаа ба ирэх долоо хоногт дахин өснө гэсэн мэдээлэл байна. Инфляц 15 хувийн өсөлттэй байна гэж байгаа ч бодит байдалд 50 орчим хувь байна. Нэг жилийн инфляц 5-8 хувьд хүрлээ гэж сандардаг байсан бол өнгөрсөн долоо хоногт хэмжээд үзтэл сарынх нь 5 хувьтай болжээ. Долоо хоногийн дотор монгол төмс 2400₮ болоод 25 хувиар өслөө. Энэ бол гамшиг. Шүдний оог гаргаад буцаан амаар нь хийж болдоггүйн адилаар нэг эрчээ авсан инфляц буцдаггүй, эдийн засгийг сүйрүүлж дуусдаг. Инфляц аюулын түвшинд хүрээд байна.

 

Манай Засгийн газар өөрсдийгөө амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Соёлын яам нь нэг жилийн 300 тэрбум төгрөгийн төсвөөр пропаганда хийж байна. Гэтэл манайхтай ижил төстэй улсуудын эдийн засгийн өсөлт нь 9 хувьтай байна. Гэтэл манай эдийн засаг -4 хувьтай гарч, цаашдаа ч агших дүр зурагтай байна. Манайхаас ч хүнд нөхцөлд байгаа улсууд макро эдийн засгийн удирдлагаа зөв хийгээд өсөлтийг хийгээд байна. Засгийн газар өөрсдийгөө амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна гэдэг ч ард түмэн тэрнээс ч амаргүй байдалд амьдарч байна.

Засгийн газар үг дуулахаа байжээ. Өөрсдөө маш их пиар хийж, түүндээ бялуураад амьдралаа тасарсан байна. УИХ-ын гишүүд ч ялгаагүй болсон. Х.Болорчулуун гишүүн "Монголын ард түмэн 1000₮-өөр талх идэж байгаа нь дэлхийн хаана ч байхгүй хямд үнэ" гэж байна лээ. Мөн өөр нэг сайд монголчуудыг хамгийн хямд шатахуун хэрэглэж байна гэсэн. Бид үүн дээр судалгаа хийж үзлээ. Манай улсын талхны үнэ нь дэлхийн дунджаас арай өндөр. Манайд А95 шатахууны үнэ АНУ-тай дүйхүйц ч гэлээ тэдний дундаж цалин 3000 ам.доллар, манайд 300 ам.доллар байдаг ялгаатай. Дэлхийн улсуудын ард иргэдийн цалин дунджаар 1000 ам.доллар байгаа ч бидний хэрэглээний үнэ дэлхийн бусад орнуудтай адил буюу бид гурав дахин бага орлогоор дэлхийн хэмжээний үнээр хүнс, бараагаа худалдан авч амьдарч байна. Өөрөөр хэлбэл орлоготой нь харьцуулбал Монголын ард түмэн хамгийн өндөр өртөгтэй амьдарч буй үндэстэн болж хувирч байна. Тэгэхээр одоо УИХ, Засгийн газар нойрноосоо сэрэх цаг болсон.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч хааччихсан бэ. Харли Дэвидсон мотоцикль унаад л яваад байх юм. Монголчууд бүгд үнэтэй мотоцикл унаад  хотынхоо гудамжаар салхи татуулаад адилхан явмаар л байна шүү дээ. Даанч ард түмний тал нь ядууралд орсон, мотоцикл унах битгий хэл давхар ажил хийгээд ч үр хүүхдээ тэжээж, аав ээжийгээ асарч чадахгүй хүнд байдалд ороод байна.

Төр засаг гэж байдаг бол одоо сэрэх цаг болсон. Ялангуяа төрийн тэргүүн. Сонгогдоод нэг жил болчихлоо, одоо шокноосоо гарах цаг болсон. У.Хүрэлсүх ерөнхийлөгч өө, эрхэлж дууссан бол ажлаа хий.  Монгол Улсын төсвийн түүхэнд байхгүй их хэмжээгээр баталлаа шүү дээ. Гэтэл  Толгойт, Орбитод хүүхдүүд цэцэрлэггүй, гэртээ цоожлуулж, хэзээ галд өртчих бол гэсэн айдастай байхад хөшөөнүүдээ барьсаар л байна. Хэнтий аймагт олон цэцэрлэг, сургууль байсаар байтал 20 тэрбум төгрөгөөр сургууль барьж байна. Монгол Улсын Засгийн газар юм уу, Хэнтийнх юм уу. Үүнийг хэлж сануулдаг нь Монгол Улсын Ерөнхийлөгч юм. Гадаад өрөө ч хэмжиж, зөв тодорхойлж чадахгүй гурван өөр янзын тоо байгаад байна.

 

Удахгүй наадам, залгуулаад хурим найрын сар эхлэхээр энэ улсын эдийн засаг бүр сүйрэх гээд байна. Тиймээс Ерөнхийлөгч ҮАБЗ-өө яаралтай хуралдуулж, дэргэдээ комисс байгуулан, амралт, найр наадмаа хойш тавин ажиллах шаардлагатай. Үгүй бол Монголын эдийн засгийн амь тасарлаа. Нэг тасарвал 30 жил зарцуулаад ч эргээд гарч чадахгүй, залуус туйлдаж, улс орноосоо дүрвэх нь ихэснэ. Хямралын ирмэг дээр байгаа эдийн засгаа аврах төр засаг бидэнд хэрэгтэй байна" гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.