Эрдэнэт үйлдвэр ойн генетик нөөцийн төвийг Монголд анх байгууллаа
А.Админ
Үйл явдал
/
2 долоо хоногн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэн ховор, ашигт ургамлын болон модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх зорилгоор Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг Монголд анх удаа байгууллаа.

1000 тонн үрийн агуулах бүхий Ойн генетик нөөцийн төвд модлог ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалахаас гадна “in-vitro”, “ex-vitro” орчинд модлог ургамлыг эд эсийн аргаар үржүүлэх юм. Тус төвийг үрийн лаборатори, биотехнологийн лаборатори, хорио цээрийн лаборатори болон үр, мөчир, тарьц суулгац хадгалах агуулах, хүлээн авах хэсэг, гүн хөлдөөх хэсэг, ургуулангийн, техникийн, ажлын өрөөнүүд болон сургалт уулзалтын танхим гэсэн хэсэгтэйгээр байгуулжээ. “Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвд модлог ургамлын сан үүсгэж хадгалах, үрийн чанар, биотехнологийн судалгаа хийхээс гадна үйлдвэрийн газрын ажилтнууд, ард иргэдэд нээлттэй ажиллаж, үр, мөчир, тарьц, суулгац худалдаалах, модлог ургамал хэрхэн тарьж ургуулах талаар богино хэмжээний сургалт, уулзалтууд байнга үргэлжлэх юм. Энэхүү ажлууд тогтмол явагдсанаар иргэдийн эко боловсрол дээшилж, мод, ургамал тарих, ургуулах, арчлан хамгаалалт үр дүнтэй болно” гэж Судалгаа, инноваци хариуцсан ойн инженер У.Уянсанаа ярилаа. 

Тус төвийн мэргэжилтнүүд биотехнологийн арга буюу “in-vitro”, “ex-vitro” өсгөврөөр модлог ургамал тарих судалгаа, туршилтыг Шинжлэх ухааны академийн эрдэмтэдтэй хамтран хийж байна. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд газрын хэвлийн баялгийг ашиглаад зогсохгүй газрын хөрсөнд давхар баялаг бүтээж байна.    


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.