У.ХҮРЭЛСҮХ: Ойн салбарын хөгжлийн шинэ үеийн түүчээ Эрдэнэт үйлдвэрийнхэндээ баярлалаа
А.Админ
Үйл явдал
/
2 долоо хоногн өмнө
 Одоогоос 10 сарын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбумаар тоологдох мод тарьж ургуулан хүн төрөлхтөнд бэлэг барина гэж ард түмнээ төлөөлөн НҮБ-ын индэр дээр хэлсэн. Энэхүү санаачилгыг Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хамгийн түрүүнд дэмжиж, 100 сая мод тарих амлалт авсанаас хойш ойн салбарт шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээ, үйл ажиллагаа явуулж, Ойн инновацийн парк байгуулахаар зорьж байна. Энэхүү паркийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр оролцож, цаашид хийх ажлуудын төлөвлөлттэй танилцлаа. 

Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг “Шар тал”-ын 100 га-д “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орчин үеийн техик, технологи бүхий мод үржүүлгийн газар байгуулах юм. Үүний 10 га-д Швед улсын “Би Си Си” компани дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бүрэн автомат мод үржүүлгийн газар байгуулахаар хамтран ажиллаж байна. Энэхүү технологи нь нэг сая тарьцад нэг хүн ажиллах бөгөөд жилд 10 сая тарьц ургуулах хүчин чадалтай. Тарьцын жилийн өсөлт 20-30 см, гурван жил бойжуулаад ойжуулалтад гаргадаг байсан шилмүүст модны тарьцыг ердөө нэг жил ургуулаад ойжуулалтад шилжүүлэх гээд ажиллах хүч, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэсэн олон давуу талтай гэж “Ногоон хөгжил”төслийн нэгжийн дарга Я.Ариунзул ярилаа. 

Энэхүү цогцолборт боргоцой хатаах, үр боргоцой ангилан ялгах автомат шугам, загасны аж ахуй бүхий усан сан, зөгийн  аж ахуй бүхий жимсний эх ургамлын плантаци, Шилмүүст модны үрийн плантаци, малын тэжээлийн ургамал бүхий хамгаалалтын ойн зурвас, гахайн аж ахуй бүхий ойжуулалтын бригад, тахианы аж ахуй бүхий бойжуулгын талбай бий болохоос гадна Монголд болон гадаад оронд ургадаг эдийн засгийн үр ашигтай ургамлыг нутагшуулах туршилт судалгаа явагдах юм. 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ”Амьдралын эх ус, усны эх мод гэж Монголчууд ярьдаг. НҮБ-ын судалгаагаар жилд 2.1 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрсөө Монгол Улс шар шороон шуурганд алддагийг тогтоосон. Үүнийг хамгаалахын тулд бид тэрбум мод тарьж байгаа. Монгол хүн эрүүл байж гэмээнэ Монгол Улс хүчирхэг байна. Үүний тулд эрүүл хүнс хэрэглэх ёстой. Эрүүл хүнстэй байхын тулд эрүүл хөрстэй байх учиртай. Эрүүл хөрсөнд эрүүл хүнс ургана. Мал ч эрүүлжинэ. “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал, “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөн хоорондоо хүйн холбоотой. Монгол Улс ойрын 5 жилийн хугацаанд өөрийн хөрсөнд тарьсан бүтээгдэхүүнээр эх орныхоо дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт 1.7 их наяд төгрөгийг хөдөө аж ахуй, хүнсний хангамжид санхүүжилт хийх Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Бусдаас гуйдаггүй, илүүчилж амьдардаг улс үндэслэн болох хэрэгтэй байна. Органик хүнс экспортолдог улс болох бүрэн боломж бий” хэмээн онцлоод богино хугацаанд их ажил амжуулсан, Ойн салбарын хөгжлийн шинэ үеийн түүчээ Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олонд талархсанаа илэрхийлэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нарын албаны хүмүүс ерөөл бэлгэдлийн анхны есөн модыг Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборт тарьсан юм. 

Энд зөвхөн мод үржүүлгийн газар цогцлохгүй, ойн болон агро ойн аж ахуй, хөдөө аж ахуй, хүнсний салбарын сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төв, аялал жуулчлалын нэг цэг болох юм. Мод бүрийг экологи, эдийн засгийн үр ашигтай тарих, эдийн засгийн үр ашигтай ойн аж ахуй хөгжүүлэх, ойн зурваст ашигласан ашигт ургамлын тариалалт эрхлэх нь хүнсний нэмэлт, гоо сайхан, эмийн салбарын хөгжилд түлхэц үзүүлж, экспортын орлого нэмэгдэх боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.