С.Мөнхчулуун: Хөтөлийн үйлдвэр цементээ 15000 төгрөг болгосон нь хуулийн зөрчил биш
З.Ханд
Үйл явдал
/
1 сарын өмнө
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Гурвалжингийн гүүрний дор байрлах 44 худалдааны төвд 50 кг-ын шуудайтай портланд цемент 20.000-22.000 төгрөгөөр зарагдаж байна. Захын гадна талд 24.000-25.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Харин өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд орших "Цемент шохой" үйлдвэр тус захад 50 кг-ын шуудайтай портланд маркийн цементээ 15.000 төгрөгөөр нийлүүлж эхэллээ. Хэдэн сарын өмнө төрийн өмчит компани болсон Хөтөлийн цементийн үйлдвэрийн захирал Л.Наранбаатар “Бид цементийн үнийн хөөрөгдөлд цохилт өгч байгаа юм. Ингэснээр орон сууцны үнэ буурах боломжтой болно” гэсэн. Үүнтэй холбогдуулан цахим орчинд “Төрийн компани үнээ хүчээр багасгах нь бусад цементийн үйлдвэрийг алдагдалд ороход хүргэнэ” гэсэн шүүмжлэл гарч байна.

Бид энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунтай утсаар холбогдож, тодрууллаа.

-Компаниудыг үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн тохиолдолд Өрсөлдөөний хууль зөрчсөн гэж торгодог. Харин нэг компани бусдаасаа доогуур үнээр бараагаа зарвал хууль зөрчсөн гэж үзэх үү. Тухайлбал, Хөтөлийн цементийн үйлдвэр 15.000 төгрөгөөр цементээ зарах нь зөрчил болох уу?

-Хөтөлийн цементийн үйлдвэр нь давамгай байдалтай ААН биш. Монгол Улсын хэмжээнд цементийн салбарт МАК компанийг давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тодорхойлсон. Цементийн зах зээлийн үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын 33 буюу түүнээс дээш хувийг эзэлдэг гэсэн үг. Хөтөлийн цементийн үйлдвэр энэ хэмжээнд хүрээгүй. Өөрөөр хэлбэл, Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.4-т зааснаар бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулсан гэж үзэх боломжгүй.

-Барилгын материалын захуудад дотоодын үйлдвэрүүдийн шуудай цемент 18.000-22.000 төгрөгийн үнэтэй байна. Хамаагүй бага үнээр цементээ зараад эхэлж байгаа нь бараагаа бодит зардлаас доогуур үнэлж борлуулсан үйлдэл биш үү?

-ШӨХТГ цементийн үнээр шалгалт хийж байна. МАК, Монцемент хоёр Улаанбаатар хотод цэгтэй. Хөтөл цемент цэггүй байсан тул өрсөлдөөнийг нэмэгдүүлэх үүднээс Улаанбаатарт цемент худалдах цэгтэй болох, борлуулагчид нь үнэ хөөрөгдөхгүй байхад анхаарах зөвлөмж Хөтөлд хүргэсэн. Хууль зөрчсөн эсэхийг шалгаж тогтооно. Энэ тухайд судалгаа хийгдэж таарна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.