БОХХААБХ:Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хойшлууллаа
З.Ханд
Үйл явдал
/
1 сарын өмнө

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2022.07.05)  гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. 

Хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлКадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлМонгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлНийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлэг зэрэг таван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байв.

 Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Г.Дамдинням, Н.Ганибал, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. 

 Гишүүдийн зүгээс хоёрхон хоногийн дараа УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган хаах гэж байгаа энэ үед улс орны оршихуйн чухал асуудал  болсон газрын багц хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зохимжгүй гэдгийг тодотгоод гишүүдэд хуулийн төслүүд болон холбогдох мэдээллүүдтэй  бүрэн танилцахад тодорхой хугацаа шаардлагатай гэв. Мөн зуслангийн өмчлөлийн газраас эхлээд бэлчээр, төвлөрсөн суурьшил зэрэг бүхий л газрын харилцааг зохицуулах газрын багц хуулийн төсөлд УИХ маш нухацтай, ажил хэрэгч хандах шаардлагатай  тул D-PARLIAMENT дээр байршуулсан төслүүдийнхээ талаар иргэдийн саналыг сайтар авч, ирэх намрын чуулганаар нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв. 

    Ингээд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Г.Дамдинням, Н.Ганибал, Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг нарын горимын саналын дагуу Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгүүдийг хойшлуулья гэдэг саналын томёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.