УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ч.Ундрам нар БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөдийг хүлээн авч уулзлаа
З.Ханд
Үйл явдал
/
1 сарын өмнө

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нар өнөөдөр (2022.07.05) Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (БНАЛАУ)-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ, хоёр улсын хууль тогтоох байгууллагууд өнгөрсөн хугацаанд найрсаг, ойр дотно харилцаа тогтоож, нягт хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд, 2022 онд Монгол, БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Их Хурал, Лаосын Үндэсний Ассамблейн хамтын ажиллагааг эргэн харж, цаашид парламент хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд 2022 оны 9 дүгээр сард парламентын дарга нарын цахим уулзалт зохион байгуулах саналыг тус улсын талаас тавьсанд талархаж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр, энэ уулзалтыг зохион байгуулахад миний бие Монгол-Лаосын парламентын бүлгийн даргын хувьд анхаарал тавьж ажиллахыг тэмдэглээд хоёр улс газар зүйн хувьд хол ч, төмөр замын тээврээр дамжуулан эдийн засгийн худалдаа, аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг онцолсон. 

Түүнчлэн 60 жилийн ойн хүрээнд Лаосын Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Др.Вонсаг Пандавонг-д Монгол Улсад айлчлах урилгыг Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд гардуулж өглөө.   

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Лаосын парламентын  бүлгийн дэд дарга Ч.Ундрам, БНАЛАУ-ыг манай улсын хувьд Зүүн Өмнөд Ази дахь чухал түнш гэж үздэг хэмээгээд хоёр улсын найрамдалт харилцаа 60 жилийн хугацаанд нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр өргөжиж, тэр дундаа боловсролын салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирснийг тэмдэглэв. Цаашид боловсролын салбарт хоёр улсын хэл, соёл, нийгэм эдийн засгийг өргөжин бэхжүүлэх тал дээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Харин Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаас Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд, хоёр улсын ард түмний олон жилийн найрсаг харилцаа өргөжин тэлж байгаад талархлаа илэрхийлээд өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Лаосын найрамдлын нийгэмлэгтэй хамтран түүхт ойг билэгдэж Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд 60 мод тарьсан, цаашид хоёр улсын хамтын ажиллгааны хүрээнд төмөр замын тээврээр дамжуулан худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарт бодит ахиц гарна гэдэг итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр хоёр улсын боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжлэн, өргөжиж байгаад баяртай байгаагаа тодотгоод цаашид хоёр улсын нийгэм эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, худалдаа, зам тээврийн салбарт хамтын ажиллагааг илүү шинэ түвшинд гаргаж ажиллахаа илэрхийлж байлаа гэж гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.