Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
З.Ханд
Үйл явдал
/
1 сарын өмнө

Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” MASAM-II   төслийн хэрэгжилттэй танилцах зорилгоор  Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгч болон төслийн багийн гишүүд Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Дэлхийн Банк Монгол Улсад эдийн засгийн засаглалыг бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах зэрэг үндсэн чиглэлээр Эрчим хүч олборлох, нийгмийн тогтвортой байдал, тэгш хамруулалт, дижитал хөгжил, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуй, тээвэр, засаглал зэрэг салбаруудад төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг бөгөөд нийт 16 төсөлд 650.91 сая ам.долларын санхүүжилттэй 81 байрлалд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Харин манай аймагт КОВИД-19 цах тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөл, Боловсролын чанарын шинэчлэл төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа.

Энэ хүрээнд Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй албаны хүмүүс манай аймагт айлчилж байгаа бөгөөд өнөөдөр /2022.07.06/  аймгийн Засаг дарга Д.Бауыржан тэдгээр албаны хүмүүсийг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй албаны хүмүүст хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлж, аймгийн өнөөгийн байдал болоод цаашид барьж ажиллах бодлого чиглэл, дэвшүүлэн ажиллаж байгаа гол зорилтуудын талаар мэдээлэл өгч, ялангуяа  манай аймагт дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн үр өгөөж, орон нутгийн хөгжилд тулгамдаж байгаа асуудлын талаар хоёр тал илүүтэй ярилцаж, санал солилцлоо. 

Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй албаны хүмүүс манай аймагт Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэх нь MASAM II төслийн хэрэгжилт, орон нутгийн анхан шатны боловсролын сургуулийн чанарын сайжруулалт буюу агуулга болон хэлний хосолсон сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, болон COVID-19 хариу арга хэмжээ зэрэг төслүүдийн хэрэгжилттэй танилцан үнэлэлт дүгнэлт өгч ажиллах юм.

Уулзалтын төгсгөлд Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгч Андрей Михнев цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, сумын Засаг дарга нарт төслийн үнэ цэнийг ойлгуулж, төслүүдийн үр дүнтэй хэрэгжилт, тогтвортой байдлыг хангах орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад үүрэг чиглэл өгөхийг хүслээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.