“Цахим шилжилтэд тулгуурласан төрийн албаны шинэчлэл”-ийг Сингапурын Үндэсний их сургуультай хамтран хэрэгжүүлнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
4 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зүүн өмнөд Ази төдийгүй дэлхийд шилдэг их сургуулийн тэргүүн эгнээнд эрэмбэлэгддэг Сингапурын Үндэсний Их сургуульд зочилж, удирдлагуудтай нь уулзлаа.  Сингапурын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах,мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, боловсролын салбарын хамтын ажиллагааг чухалчилж байна. Сингапурын хамтын ажиллагааны хөтөлбөр, Темасек олон улсын сан, Сингапурын Үндэсний Их Сургуулийн харьяа, Ли Куан Ю-гийн нэрэмжит Нийтийн бодлогын сургууль, Ллойдс Бүртгэлийн Сангийн нэрэмжит Эрсдэл судлалын хүрээлэн зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр манай төрийн албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах сургалт, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирснийг Ерөнхий сайд уулзалтын үеэр тэмдэглэлээ. Сингапурын хамтын ажиллагааны сургалтад Монголын 1600 төрийн албан хаагч, “Темасек” олон улсын сангийн сургалтад 140 эрүүл мэндийн салбарын албан хаагчид тус тус хамрагджээ.  

Цаашид Монголын эдийн засгийн хөгжилд нэн шаардлагатай техник, инженерийн чиглэлд нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудалчухал байна. Барилга, хот байгуулалт, зам тээвэр, геологи, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийг Сингапур Улсын сургалт, семинарт хамруулах, мөн бага, дунд сургуулийн багш нарын чадавхийг бэхжүүлэх, Сингапур Улсын их, дээд сургуулиудад боловсон хүчин бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаххүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын дараа “Цахим шилжилтэд тулгуурласан төрийн албаны шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Сингапурын Үндэсний их сургууль хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт Монголын талаас ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сингапурын Үндэсний их сургуулийн харьяа Ллойдс Бүртгэлийн сангийн нэрэмжит Эрсдэл судлалын хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Леонард Ли нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.