Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны намын дарга бөгөөд тэргүүн дэд сайд Ван Шиаохунтай цахим уулзалт хийлээ
З.Ханд
Үйл явдал
/
4 сарын өмнө

Уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хоёр улсын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хамтарсан сургалт зохион байгуулж, мэргэжлийн туршлага харилцан солилцох зэрэг санал тавьсныг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас яамны тэргүүн дэд сайд Ван Шиаохун найрсгаар хүлээн авч дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь мөнхийн хөршүүд бөгөөд талууд цаашид хил орчмын бүс нутгийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд хамтын ажиллагааг уялдуулан, хөгжүүлснээр хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа илүү үр дүнд хүрнэ гэж үзэж буйгаа харилцан илэрхийлэв.

Тус уулзалтын онцлох үйл явдал нь 2011 онд байгуулсан “Гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монгол Улсын, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд талууд 2022-2026 онд хамтран ажиллах тухай үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан явдал байв.

Уулзалтад Монголын талаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газрын холбогдох албан тушаалтнууд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас Нийгмийг аюулаас хамгаалах яамны хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Гаалийн цагдаагийн газар, Үндэсний цагаачлалын удирдах газар, Өвөр Монголын өөртөө засах орны цагдаагийн газар зэрэг байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцов.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.