Т.Хэрлэн: Дулааны шугам сүлжээний засварт төсөвлөсөн 2,5 тэрбум төгрөг ХААНА Ч ХҮРЭХГҮЙ байна!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2 долоо хоногн өмнө

Нийслэл хотын хэмжээнд нийтдээ 390 орчим километр урттай дулааны шугам сүлжээ байдаг. Тухайн шугам сүлжээний насжилт дуусаж, ашиглах боломжгүй болсноор жил бүр шугам сүлжээнд засвар, шинэчлэлтийн ажил хийх шаардлага тулгардаг байна. Өнөө жилийн засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа, засварын ажлын үйл явц хэдий хэр явцтай байгаа талаар ОСНААГ-ын Ерөнхий инженер Т.Хэрлэнгээс тодрууллаа.

-Дулааны шугам сүлжээний засварын ажил хэр явагдаж байна. Тус ажлыг жил бүр явуулдаг нь юутай холбоотой вэ?

-Жил бүрийн хаврын улиралд дулааны шугам сүлжээг, засварлах, шинэчлэх ажил хийгддэг. Учир нь нийслэлд хийгдсэн шугам сүлжээний насжилт өндөр, хэрэглэх боломжгүй болсноор ийнхүү арга хэмжээ авдаг. Зуны улиралд хийдэгийн шалтгаан нь бусад хүйтний улиралд газар шороо хөндөхөд хүндрэлтэй байдагтай үүдэлтэй. Одоогоор шугам сүлжээ засварлах ажил 50 гаран хувьтай явагдаж байна.

-Шугам сүлжээний засварын зардалд хэдий хэр мөнгө төсөвлөсөн бэ? Тухайн төсөв хэр хүрэлцээтэй байна?

-Энэ жилийн засварт нийтдээ 2.5 тэрбум орчим төгрөгийг төсөвлөсөн. Гэсэн хэдий ч тухайн мөнгө тийм ч хүрэлцээтэй биш. Шугам сүлжээний тоног төхөөрөмж авахад ч мөнгөний хүрэлцээнээс шалтгаалж зарим тохиолдолд хямд үнэтэйгээс нь авснаар дахин цоорч, гэмтэл үүсэх тохиолдлууд үүсч байна.

-Засварын ажил хийгдэх явцад өмнө нь тавьсан, зам талбайг зайлшгүй хөндөх ямар шаардлага байдаг юм бэ?  

-Газар шороо ухаж сэндийчин байж засвар хийж байгаа нь манай улсад нүхэн гарц байдаггүйтэй холбоотой. Гадны хөгжингүй орнууд нүхэн гарцтай байдаг тул дулааны шугам сүлжээгээ засварлахад газар ухаж сэндийчдэггүй. Нүхэн гарцтай болохын тулд анхнаас нь хот төлөвлөлтөө зөв зохион байгуулалттайгаар хийснээр засвараа хялбар хийх боломжтой байсан. Харин ухсан замын хэсгийг сэргээн засварлах тухайд өмнө нь хэлсэнчлэн хөрөнгө байхгүй. Шугам сүлжээний засвартаа арай гэж хүргэж байна.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.