Д.БАУЫРЖАН: Иж бүрэн тохижуулсан асрамжийн газрын шинэ барилгыг 09 дүгээр сарын эхээр ашиглалтад өгнө.
З.Ханд
Үйл явдал
/
1 долоо хоногн өмнө

Аймгийн Засаг дарга өнөөдөр /2022.08.04/ Эм Си Жи Би ХХК-ний захирал Е.Гылымханы хамт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа аймгийн Асрамжийн газрын шинэ барилгын явцтай биечлэн очиж танилцлаа.

            Манай аймгийн Асрамжийн газрын барилга ашиглалтын шаардлага хангахааргүй болсон тул зайлшгүй шинэ барилга барьж байгаа юм. Өмнө нь 2014 онд 400 сая гаруй төсөвт өртгөөр баригдах боломжтой байсан ч гүйцэтгэгч компаниуд үнийн өсөлт нэрийдлээр барилгыг дутуу барьж орхисон байдаг.

700

Иймд аймгийн Засаг дарга Д.Бауыржан ИТХ-ын дарга байх үеэс тус Асрамжийн газрыг гүйцээж барих санхүүжилтийг шийдвэрлүүлэхийн тулд хөөцөлдсөн. Хөдөлмөр Нийгэм хамгааллын дэд сайд С.Зулпхарын дэмжлэгээр энэ жил Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн санхүүжилтээр барилгыг дуусгаж удахгүй ашиглалтад оруулахаар боллоо.

Асрамжийн газарт зорин ирсэн хэнд ч болов гэр оронд нь буй мэт тохилог орчинг бүрдүүлэхийг зорьж байна. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА) тус барилгын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж, одоогийн байдлаар тус объектын доторх тавилгууд болон цахилгаан тоног төхөөрөмжүүдийг угсрах, суурилуулах, холбогдох ажил хийгдэж байна. Ирэх есдүгээр сарын эхээр иж бүрэн тохижуулсан Асарамжийн газрын барилгыг ашиглалтад оруулахыг Засаг дарга онцоллоо.

Асрамжийн газрын өрөө бүхэн босоо душ, суултуур, угаагууртай, зөөлөн матрастай ор, шүүгээтэйгээс гадна гүйлтийн зам, теннисийн ширээ, фитнес дугуй гэх мэт спортын хэрэгсэл байршуулж байна.

Мөн тохилог гал тогоо, амарч, ярилцаж суух амралтын өрөө тасалгаа зэрэг асруулагчдад хэрэгцээтэй, тохь тухтай бүхий л нөхцөлийг бүрдүүлжээ. Тус барилга нь нэгдсэн халаалтад холбогдсон, барилгын үүд хэсэгт ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан замыг стандартын дагуу хийсэн байна. Өнөөдөр асрамжийн газарт 14 хүн байнга асруулдаг бөгөөд шинэ барилгатай болсноор ахмад настнууд тохилог орчинд тав тухтай үйлчилгээ авах боломж бүрдэхээс гадна 20 хүнийг асрах боломжтой болох юм.

Тус Асрамжийн газарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа Айнагүл баярласан сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр “энэ шинэ байранд орохыг Асрамжийн газарт асруулагчид болон ажилчид бид тэсэн ядан хүлээж байна. Асаргаа, үйлчилгээ үзүүлж байгаа ажилтнууд бидний ажиллах нөхцөл сайжирч, асруулагчид маань сэтгэл тэнэгэр амьдрах болно.

Аймгийн Засаг даргад маш их баярлалаа” гэв. Энэхүү Асрамжийг газрыг шинэ барилгатай болгох ажил нь аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан юм.

700


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.