Л.ГЭРЭЛЦЭЦЭГ: Би 90 хувийн хөдөлмөрийн чадамжаа алдсан ч, 100 хувь өөрийгөө дайчлан ажилладаг
Ц.Бадамханд
Сэдэв, асуудал
/
1 сарын өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдгээрийг нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангах тал дээр өнөөдөр дэлхий нийт онцгой анхааран ажиллаж байна. Иймд тус байдал Монгол улсын хэмжээнд хэр хэрэгжилттэй байгаа талаарх мэдээллийг “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр сургалтын үндэсний төв”-ийн тэргүүн, Сэтгэл зүйч Л.Гэрэлцэцэгээс тодрууллаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөдөр Монголын нийгэмд хөдөлмөр эрхлэхэд хэр хүндрэлтэй байна вэ?

-Би өөрөө 90 хувийн хөдөлмөрийн чадамжийн алдагдалтай гэж тодорхойлогддог ч 100 хувь ажлаа хийж чаддаг. Хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол гадаад орчинд зорчих болон хүмүүсийн харилцааны хандлага байна. Тухайлбал би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучилж өгдөг. Тэдгээр хүмүүс ажлын байр дээрээ гараад өөрөө өөртөө хаалт үүсгэчихдэг. Учир нь нийгэм тэднийг өөрсдийгөө бусдаас тусгаарлахад хүргэсэн байдаг. Жишээлбэл ажил дээрээ бусадтай энгийн харилцаа үүсгэе гэхээр тухайн хүний бие болон бусад хөгжлийн бэрхшээлтэй гэж тодорхойлогдсон зүйлсийг нь харж эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Саажилттай хүн байлаа гээд тэд юу ч ойлгохгүй биш шүү дээ. Тэд ч бусадтай адил сэтгэн бодож, хөдөлмөр эрхлэх чадвартай.

-Та өнөөдрийн байдлаар хичнээн хүнийг ажлын байранд зуучилсан бэ?

-Өнөөдрийн байдлаар анх ажилд зуучилж эхэлснээс хойшхи тоог мэдэхгүй юм. Их олон хүн байсан. Харин 2022 он гарснаас хойш нийт 22 орчим хүнийг ажилд зуучлаад байна. Гэхдээ манайхаар данц ажилд оролцох хүсэлтэй хүмүүс үйлчлүүлдэггүй. Зарим тохиолдолд сэтгэл зүйн зөвлөгөө, ажлын чиг баримжааны зөвлөгөө авах хүсэлтэй хүмүүс ч ирдэг. Сэтгэл зүйн болон ажлын чиг баримжаа авах гэж ирсэн хүмүүст хамгийн эхэнд өөрийгөө сайн таньж мэдэх нь хамгийн чухал гэдгийг хэлмээр байна. Учир нь тэдгээр хүмүүс өөрөө өөртөө итгэхгүй, өөрсдийгөө би л хөгжлийн бэрхшээлтэй гэсээр нийгмээс тусгаарлалт үүсгэчихсэн байдаг. Тийм учраас хамгийн түрүүнд өөрийгөө таньж мэдэн харилцаа хаандлагын сургалтад зайлшгүй суралцах хэрэгтэй.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байр дээр дадлагажуулах хөтөлбөр эхэлсэн. Энэ талаар та мэдээлэл өгөөч.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байр дээр хамт олонтойгоо анх ажиллахад хэцүү байдаг. Иймд бидний зүгээс хамт олонд нь уусгах тал дээр анхааран эхний ээлжинд хамт ажиллаж, бага багаар холдсоор тэдгээрийг ажилд нь уусгах зорилготой. Энэ нь тэдгээрийг цаашид тухайн ажлын байр дээрээ тууштай ажиллах байдалд дэмжлэг болох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.