Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар “УБТЗ” ХНН-ийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо
З.Ханд
Үйл явдал
/
1 сарын өмнө

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр (2022.08.11) “УБТЗ” ХНН-ийн Хүүхдийн секторын дарга Л.Янжмаа, орлогч дарга Т.Онон болон тус нийгэмлэгийн харьяанд байдаг таван цэцэрлэгийн эрхлэгчийг хүлээн авч уулзан дүүргийнхээ 1, 3, 4, 25 дугаар хорооны 2-5 насны цэцэрлэгийн гадна үлдээд байгаа хүүхдүүдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулах боломжтой эсэх талаар санал солилцлоо.

Манай дүүргийн 1, 3, 4, 25 дугаар хороонд төмөр замчид олноор амьдардаг бөгөөд энэ ч утгаараа Төмөр замын бүс гэж ойлгож болно.
Мөн “УБТЗ” ХНН-ийн харьяанд байдаг таван цэцэрлэг дээрх хороодод үйл ажиллагаа явуулдаг. Дээрх цэцэрлэгүүд төмөр замчдын хүүүхдүүдээс гадна тухайн хороонд амьдардаг оршин суугчдын цэцэрлэгийн насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог юм. Энэ удаагийн уулзалтаар дүүргийн зүгээс “УБТЗ” ХНН-ийг төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг дэмжин 2022-2023 оны хичээлийн жилд авах хүүхдийнхээ тоог нөөц боломждоо тулгуурлан нэмэгдүүлж өгөх талаар санал хүсэлтээ илэрхийллээ.

 

“УБТЗ” ХНН-ийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дээрх саналыг дэмжиж буйгаа  илэрхийлээд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ойрын үед болон цаашид авч хэрэгжүүлэх боломжтой саналуудаа танилцууллаа. Үүнд,

  • Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн гадна үлдэж байгаа хүүхдүүдийн тоог үндэслэн дотоод нөөц боломждоо тулгуурлан шинээр анги, бүлэгүүд нэмэх
  • “УБТЗ” ХНН-ийн эзэмшилд байдаг цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болох байраа засварлаж цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой талаар хэллээ.

Мөн “УТБЗ” ХНН-ийн харьяанд байдаг “Ган зам” цэцэрлэгийн хашаанд өргөтгөл барих боломж бий бөгөөд барилга баригдчихвал хүүхдүүд авах тоо нэмэгдэнэ. УБТЗ-ын эзэмшилд цэцэрлэг барих боломжтой хэд хэдэн байршил бий учраас санал солилцож цэцэрлэг барих боломжтой гэсэн юм. Энэ асуудлаар “УБТЗ” ХНН-ийн удирдлагуудтай уулзаж санал солилцохоор боллоо.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг дэмжиж, шийдэл дэвшүүлж, хүүхэд нэмж авах болсонд “УТБЗ” ХНН-ийн дарга, удирдлагууд, сектор, цэцэрлэгийн эрхлэгч нартаа талархал илэрхийлье.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.