Өнгөрсөн долоо хоногт ОНЦЛОХ тойм мэдээ
Б.Лувсанпэрэнлэй
Нийтлэл
/
3 сарын өмнө

Өнгөрсөн 7 хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна  

ЭРХ БАРИГЧ НАМ ҮНДСЭН ХУУЛЬДАА ХҮЧЭЭР ГАР ХҮРЧ, ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВЧ, ДЭЭЛЭЭ ДАВХАРЛАЛАА!!

УИХ-ын дарга Занданшатарын захирамжаар 2022 оны 8 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд ээлжит бус чуулган хуралдлаа. Уг чуулганаар  Монгол Улсын Үндсэн хуулийн 39.1 дэх хэсгийн “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгосон ЦЭЦИЙН тогтоолыг дэмжин Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа. Дээрх өөрчлөлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр биечлэн танилцуулав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг өөрчлөлтийг нотлон баталгаажуулсанаар 62 гишүүнтэй МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газарт орж “албан тушаалын амтат бялуу хүртэх” боломж бүрдэхийн сацуу цаашдаа бүх Засгийн газар ДАВХАР ДЭЭЛТЭЙ АЖИЛЛАХ ҮҮДИЙГ НЭЭЛЭЭ

Монгол улс ундны усны асуудлаа шийдэх боломжтой болсон уу?

Дэлхийн улс орнуудад ундны усыг тогтвортойгоор нэмэгдүүлж, хадгалах нь нэн тэргүүний асуудалд тооцогддог. Монгол улсын хувьд ундны усны нөөц нь 2050 он хүрэхэд шавхагдана гэх судалгаа бий. Улмаар Монгол Улсын төрийн тэргүүн тус асуудлыг шийдэх хүрээнд АНУ-тай “КОМПАКТ” гэрээ байгуулсан байдаг. Тухайн гэрээнд Улаанбаатар хотод Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр үйлдвэр баригдахаар болсон байдаг. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 111 сая, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын санхүүжилтаар бүтээн байгуулагдах юм. Ийнхүү Монгол улсад Ундны усны асуудал шийдэх бүтээн байгуулалт хийгдэж байгаа нь урт хугацааны үр ашигаа өгнө гэж үзэж байна.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн цэцэрлэгийн бүртгэл цахимаар явагдаж байна

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар явуулж байна. Тухайлбал нэгдсэн систем буюу Е-Mongolia-д бүртгүүлснээр цэцэрлэгийн насны хүүхдүүдийн цоожтой хаалганы цаана үлддэг байсан үе ард хоцорч, хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд авлига өгдөг байсан явдал халагдсан гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан онцоллоо.

Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормаа томилогдох уу?

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцийн төслийн үйл ажиллагааг гацаасан гэх үндэслэлээр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Оронд нь Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Э.Болормааг томилох чиглэлийг төв МАН-ын зүгээс Ховд аймгийн МАН-ын хороонд үүрэгдэж, хэсэг хүмүүс очоод байгаа. Түүний гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, том төслийг гацаалгүй урагшлуулах чадвартай нэгэн гэж Ерөнхий сайд үзэж Ховд руу илгээсэн ч “багагүй саадтай” нүүр тулгарлаа. Тодруулбал Нэгжийн тухай хуульд тухайн орон нутгийн удирдлага, Засаг даргыг тухайн аймаг сумын ИТХ-аас сонгодог. Гэтэл МАН-ынхан захиалгын хүн томилж, хууль зөрчиж байна хэмээн Ховд аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн үзэж томилгоог гацаагаад байгаа юм. Тэрчлэн Ховд аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийнхэн ч хоёр хуваагдан, Э.Болормааг эсэргүүцэн түүний оронд одоо Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б.Дэлгэрсайханыг заалнаас нэр дэвшүүлээд байгаа билээ.  Ингэснээр Ховд аймгийн МАН-ынхан хоёр хуваагдаж, Засаг даргаа ч томилж чадахгүй, ойлгомжгүй байдалд орчихлоо.

Монгол улсын хүнсний аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа юу?

Монгол улсын мах махан бүтээгдэхүүний экспорт өмнө нь хэвийн явагдаж байгаад хэсэг хугацаанд зогсоод байсан. Тухайлбал Эмээлтэд мах боловсруулах үйл ажиллагаагаа явуулдаг 32 үйлдвэрт гэнэтийн хяналт шалгалт хийхэд нийт үйлдвэрийн 17 нь чанарын шаардлага хангаагүй байсан тул хэсэг хугацаанд битүүмжилж үйл ажиллагааг нь хааж байсан. Улмаар гадаад руу гаргах махны экспортыг зогсоож ирэх оны 1 сарын 1-нд нээнэ хэмээн Хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан мэдээлж байсан билээ. Гэтэл гадагдаа мах экспортлох хугацаа болоогүй байтал Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар БНХАУ руу 5,720.6 тонн мах экспортлогдохоор болсон байна. Тухайн экспортын үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэр бүхий 11 ААН-ийн бэлтгэсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр шаардлага хангуулан гаргахаар төлөвлөж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд өмнө нь махны чанар, аюулгүй байдлын талаар шалгадаггүй байгаад гэнэтийн шалгалт хийхэд дийлэнх үйлдвэрийн үйл ажиллагаа нь хууль бус иргэд чанаргүй муу мах иддэг болох нь тогтоогдсон.  Энэ нь мөн гадагшаа гаргаж байсан махныхаа шаардлага хангасан эсэхийг ч мэдэлгүй экспортолж байсан гэсэн үг. Иймд тус асуудал дахин үүсвэл Монгол улсын махны нэр хүнд унах эрсдэлтэй. Иймд дотоодын болоод гадагшаа гаргах бүх махан бүтээгдэхүүндээ хатуу хяналт тогтоож хүнсний аюулгүй байдлаа хамгаална уу? хэмээн эрх баригчдаасаа хүсье.

www.ulsturch.mn долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.