Шинэ элсэгчид Монгол Улсын цэргийн тангараг өргөлөө
С.Одончимэг
Үйл явдал
/
3 сарын өмнө
Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт тус яамны харьяа Дотоод хэргийн их сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн шинэ элсэгчдийн Монгол Улсын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр /2022.08.27/ Гүнжийн хоолой дахь Их сургуулийн сургалт, дадлагын төвд ёслол төгөлдөр боллоо.

Ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Хадбаатар, Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Л.Нямгэрэл, Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ц.Ганзориг, ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, цагдаагийн хошууч Х.Бат-Эрдэнэ нарын зочид төлөөлөгчид, Их сургуулийн захирлын зөвлөлийн гишүүд, багш, албан хаагчид болон суралцагчдын эцэг, эх ар гэрийн төлөөлөл оролцлоо.

 Амаргүй шалгууруудыг давж, цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг амжилттай төгссөн 421 суралцагч өнөөдөр эх орон, ард түмнийхээ төлөө амь биеэ үл хайрлан зүтгэхээ андгайлан тангараглаж, сонсогч мөрдэс гардсанаар албан ёсоор Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид боллоо.

Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар: “Үр хүүхдүүдийнхээ боловсрол, мэдлэгт анхаарч, эрүүл чийрэг, эх оронч үзлээр өсгөн хүмүүжүүлж, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах амаргүй бөгөөд хүндтэй албанд ажиллах амьдралын зүг чигийг зааж өгсөн эцэг, эх, ар гэрийнхэнд Их сургуулийн эрдэмтэн багш нарын өмнөөс болон хувиасаа талархаж байгаагаа илэрхийлье. Төр, ард түмнийхээ амгалан тайвныг сахиулах, хариуцлагатай бөгөөд хүндхэн албанд зүтгэх зорилго өвөртлөн, суралцахаар жигдрэн жагссан сонсогчид та бүхэн, баялаг түүхтэй энэ сургуулийнхаа уламжлалыг хадгалж, мянга мянган шилдэг төгсөгчдийн залгамж болон бэлтгэгдэнэ гэдэгт итгэл төгс байна хэмээн хэлсэн юм.

Цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын явцад хичээл зүтгэлээрээ хамт олноо манлайлж, “Тэргүүний салаа”-аар шалгарсан цагдаагийн ахмад Л.Батсүрэн даргатай нэгдүгээр салааны хамт олонд өргөмжлөл гардуулж, баяр хүргэлээ.

Цэргийн тангараг өргөж, албан ёсоор Дотоод хэргийн их сургуулийн сонсогчийн бүрэлдэхүүнд багтсан сонсогчдодоо баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.