Доодсын итгэлтийг дэвсэлж ДЭЭЛЭЭ ДАВХАРЛАСАН ДЭЭДСҮҮД буюу давхар албатай түшээдтэй ТАНИЛЦ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
3 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон ажлын зохион байгуулалттай холбогдох хуулийн зохицуулалтыг нийцүүлэх хууль зүйн шаардлага үүссэн. “Алсын хараа-2050” хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан хилийн боомтын болон нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах асуудал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, үндэсний болон мэргэжлийн спортыг дэмжих асуудлын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангах эрхэлсэн Засгийн газрын гишүүдийг шинээр  бий болгох зайлшгүй нөхцөл байдал тулгараад байна. Иймд энэ хэрэгцээ шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ. Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байхаар төлөвлөжээ.

Засгийн газар нь дараах бүрэлдэхүүнтэй байх бөгөөд өмнөх танхимаас Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Соёлын сайд Ч.Номин нарыг улирааж байгаа бол дараах ДАВХАР ДЭЭЛТЭЙ САЙДУУДЫГ шинээр томилж байна. Үүнд

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Монгол улсын сайдаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан

  • Эдийн засгийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн, Төсвийн байгууллагын байнгын хорооны дарга Чимэдийн Хүрэлбаатар
  • Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ням-Осорын Учрал
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Жамбалын Ганбаатар
  • Зам тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Сандагийн Бямбацогт
  • Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Баттогтохын Чойжилсүрэн
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Даваажанцангийн Сарангэрэл
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Хаянгаагийн Болорчулуун
  • Хотын хөгжлийн асуудал хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн "Хөгжлийн банкны түр хороо"-ны дарга Жамъянхорлоогийн Сүхбаатар
  • Спорт, олимпизмийн асуудал эрхэлсэн сайдаар УИХ-ын гишүүн, Сахилга хариуцлага, Ёс зүйн байнгын хорооны дарга Баднаанямбуугийн Бат-Эрдэнэ нарын нэрийг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын УЗ-ийн хуралд танилцуулсан байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.