Ц.Зэс-Эрдэнэ: Хүний хөгжлийн хамгийн дээд цэг нь ямар ч хүнийг ялгахгүй харьцах гэж би боддог
С.Одончимэг
Ярилцлага
/
1 долоо хоногн өмнө
Бид энэ удаад Зэс брендийн үүсгэн байгуулагч Ц.Зэс-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр Их сургууль төгссөний дараа хөгжлийн бэрхшээлтэй гэдэг шалтгаанаас болж ажилд орж чадаагүй байна.Иймд Ц.Зэс-Эрдэнэ хувийн бизнессээ эхлүүлж одоо чамгүй амжилттай яваа Зэс брендийн эзэн болжээ."Хүний хөгжлийн хамгийн дээд цэг нь ямар ч хүнийг ялгахгүй харьцах гэж би боддог" хэмээн ярих түүний ярилцлагыг хүлээн авч үзнэ үү.

-Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны түрүүнд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та бидэнд өөрийгөө танилцуулаач.

-Сайн байцгаана уу. Намайг Зэс-Эрдэнэ гэдэг. Би айлын бага. Дээрээ гурван эгчтэй, нэг ахтай, ээж аавтайгаа хамт маш гайхамшигтай гэр бүлд өссөн тийм бүсгүй байна.

-Зэс брендийнхээ тухай яривал бусад брендээс ялгарах онцлог нь юу вэ?

-Зэс брендээрээ эрчүүдийн гоёл чимэглэлийг хийдэг. Эрчүүдийн хамгаалалт болсон гоёл чимэглэл урладаг тийм бренд байгаа.

-Зэс брендийг яагаад үүсгэн байгуулъя гэж бодов. Үүсгэн байгуулаад хэдэн жилийн нүүрийг үзэж байна?

-Би 70 хувийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Анх ШУТИС-ийг хэл шинжлэлийн ухааныг бакалавр зэрэгтэй төгсөөд ажилд орох гэсэн боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд авах боломжгүй гэсэн. Өөрийнхөө чадварыг хөгжүүлэх гээд магистрт сурах шаардлагатай болсон. Тэгээд магистрынхаа төлбөрийг тухайн үед төлж чадахгүй байсан болхоор “Зэс” брендийг үүсгэн байгуулаад магистрынхаа төлбөрийг ч төлсөн, “Зэс” брендээ ч үүсгэн байгуулсан. 2 жил магистрдаа сурч байх хугацаандаа Зэс брендээ тасралтгүй хийж байсан. Манай бүтээгдэхүүн маш гое бренд болсон байна. Одоо долоон жил болж байна.

-Брендээ үүсгэн байгуулаад явж байхад ямар хүндрэлүүд гарч байсан бэ? Тэдгээрийг яаж даван гарав?

-Хамгийн анх долоон жилийн өмнө эрчүүд гоёл ерөөсөө зүүдэггүй байсан. Намайг анх эрэгтэй бугуйвч гээд хийгээд эхлэнгүүт хүмүүс их гайхдаг байсан. “Хүүх энэ эрэгтэй хүн бугуйвч зүүж байгаа юм уу” гээд гайхдаг байсан. Тэгээд анх хүмүүс их янз бүрээр хэлдэг байсан. Ганган хүнд гархи нэмэр гэдэг ч юм уу, эрэгтэй хүн хэзээ бугуйвч зүүдэг байсан юм гэдэг байдлаар их дайралтууд ирдэг байсан.

Яахав унах үеүүд их байсан ч би чадахгүй юм байна больё гэсэн үеүүд ч бас зөндөө байгаа. Гэхдээ тэр болгонд унаж бүдрээд яваад байхаасаа илүүтэй яах гэж эхлүүллээ, эцэс нь хаана вэ, юуний төлөө үүнийг хийж байгаа билээ гэж яг тэр зорилгынхоо төлөө ажилдаг болхоор хэцүү зүйл нэг их байдаггүй.

-Зэс бренд одоо өмнөө ямар зорилго тавьж ажиллаж байгаа вэ?

-Зэс брендээрээ дамжуулаад “Нийслэлийн шилдэг эмэгтэй” болсон. Өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчтэй болсон. Өөрсдийн гэсэн хэрэглэгчтэй болсон байна. Маш олон хүмүүс таньдаг, мэддэг болсон байна. Худалдан авагч  нь улам бүр ихсэж байна. Тэгээд дэрээс нь загвар дээрээ маш их анхаарч байгаа. Ер нь Монголдоо төдийгүй гадагшаа гарах зорилготой ажиллаж байгаа. Япон, Солонгос, Герман, Европын улс орнуудаар брендийнхээ бүтээгдэхүүнийг борлуулж эхэлсэн.

-Бренд нь хэдэн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

-За манай брендэд надаас гадна дөрвөн хүн байгаа. Би ихэнхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэн, дээрээс нь хүүхдээ хардаг ээжүүд, оюутнууд эсвэл ажил эрхлэх боломжгүй хүмүүсийг ажиллуулдаг. Хамгийн гоё нь үйлчлүүлэгчдээс ирж байгаа мэссеж гоё байдаг. Хамгаалалт маягаар хэргэлдэг ч гэсэн заримдаа өөрийнхөө сахиус болгоод зүүчихдэг. “Өглөө босоод ажилдаа явахдаа бугуйвчаа зүүхгүй гарахаар миний ажил бүтэхгүй байгаа юм шиг байна” гэж хүмүүс их хэлдэг. Энэ нь цаагуураа бренд гэхээсээ илүү хүний сэтгэлээс сэтгэлд хүрч байгаа жижигхэн зүйл нуугдаж байдаг. Хүн болгонд хүрч, гоё мэдрэмж төрүүлэхийг л хүсдэг.

-Өнөөгийн Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ялгаварлан гадуурхах явдал хэр байна? Та ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Одоогоос 10 жилийн өмнө намайг жаахан байхад их хэцүү байдаг байсан. Нийгмийн гадуурхалт их байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эвэртэй туулай харсан юм шиг л шоолдог гадуурхдаг, мэдрэл муутайгаар нь дууддаг гэх мэтчилэн хүндрэлтэй асуудлууд их байдаг байсан. Намайг жаахан байхад л тийм байдаг байсан. Одоо бол арай гайгүй болсон юм болов уу гэж бодож байгаа. Нийгэм маань хөгжиж эхэлж байна. Хүмүүс маань хөгжиж эхэлж байна. Маш их мэдлэгтэй болж байна. Түүнийхээ хүрээнд хүмүүсийн хүлээж авах хандлага нь өөрчлөгдөж байгаа юм болов уу.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилгүй байх нь их байдаг шүү дээ?

-Хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн далаад хувь нь ажилгүй байдаг гэж уншиж байсан. Энэ яаж байна гэхээр ямарваа нэгэн албан байгууллага компаниуд сая миний хэлсэн шиг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авах боломжгүй гэсэн хариу өгдөг. Тэр нь муухай санагддаг. Яагаад вэ гэвэл тэр хүн оюунаараа бас хөдөлмөр эрхэлж болно. Компьютер дээр ажиллаж болж байна. Онлайнаар ажиллаж бас болно. Гэрээсээ ажиллаж болж байна. Өөрийн чаддаг зүйлийг хийж чадаж байна. Гэх мэт ажлын байрууд зөндөө байна. Тэр хүмүүсийг чадахгүй  гэсэн хандлагаар хандаж болохгүй гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр хүнийг аль болох чаддаг зүйлээр нь дэмжээд ажиллах юм бол хүнд чадахгүй зүйл гэж байхгүй. Хөгжлийн бэрхшээл гэдэг зүйл хүний тархинд, бодолд байдаг. Тэрнээс бол хүн хөдөлж л байна, хөгжиж байна. Тэрийг заавал хөгжлийн бэрхшээл гээд хүлээж авах шаардлагагүй гэж боддог.

-Одоо хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүн хараад доромжилж, гадуурхах нь гайгүй болсон гэж та хэллээ. Тэгвэл өрөвдөх хандалага бас гардаг шүү дээ. Энэ тал дээр таны бодол?

-Ер нь бол хүмүүс их тийм хандлага гаргадаг. Дэлгүүрт явж байхад “Ээ чаавас даа. Ганцаараа явж байгаа юм уу? Чи наадхаа худалдаж авч чадах юм уу гэсэн сонин сонин ханлагууд их гаргадаг. Хүнийг гаднаас нь дүгнэчхээд доторх нь ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй байж тийм хандлаагууд маш их гаргадаг. Өөрөөсөө дор үзсэн байртай ханддаг хүмүүс бас байдаг. “Иш чаавас даа” гэсэн байдлаар их ханддаг юм шиг санагддаг. Ер нь бол өөрөөс чинь мундаг хүн байж болно. Тэр хүн өөрөөс чинь илүү ажилтай, өөрөөс чинь илүү оюун ухааны потенциалтай, өөрөөс чинь илүү томоор харж, томоор сэтгэдэг хүн байж ч болно. Мундаг хөдөлмөрч хүн ч байж болно. Тэр хүнийг муухай хувцаслаад явж байсан ч гэсэн заавал гадна төрхөөр нь ялгаж муухай харилцах хандлага битгий гаргаасай гэж боддог. Дан ганц хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй ядарсан муухай хувцасласан хүмүүсийг ялгаварласан  хөөрхийлсөн байдалтай их ханддаг юм шиг санагддаг. Хүний хөгжлийн хамгийн дээд цэг нь ямар ч хүнийг ялгахгүй харьцах гэж би боддог.

-Зэс брендийнхээ хажуугаар өөр зүйл хийж байна уу?

-Би Зэс брендээсээ гадна олон улсын оюуны дасгалжуулагч хийдэг. Хэрхэн өөртөө итгэлтэй байх, хэрхэн хүнтэй харилцах, хэрхэн биеээ авч явах, зорилго мөрөөдлийнхөө төлөө хэрхэн алхам хийх вэ, хэрхэн сэтгэлээр унахгүй байх вэ гэх мэт дасгалжуулалт хийдэг. Хүн сэтгэлээр унах л юм бол газар доогуур орчих гээд байдаг. Хайрцганд орчих гээд байдаг. Тэрнээс гарах боломжгүй. Хүн сэтгэлийн амьтан. Хүнийг гомдоосон үг, үйлдэл хүний зүрх сэтгэл рүү нь зүү шиг шивж ордог. Тэгэхлээр аливаа хүнтэй харилцахдаа жаахан болгоомжтой эсвэл байгаагаар нь хүлээгээд авчихвал илүү амар.

Зүгээр хүнийг хүн чигээр нь хайрлаасай гэж боддог

 

 

 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одонтунгалаг
1 долоо хоногн өмнө
162.158.203.170
Сайн сайхныг хүсье!
Брэнд өвчтөнд зөвлөх
1 долоо хоногн өмнө
172.69.252.135
Зэс гэж нэрээрээ нэрлээд брэнд болчихгүй л дээ, брэнд болохын өмнө маш их хөдөлмөрлөж хүмүүсийн сэтгэл зүрхэнд оршдог болох хэргтэйлдээ ккк