Эрүүл монгол бүтээгдэхүүн үйлчилгээг алдаршуулах “ECO MONGOLIA EXPO-2022” үзэсгэлэн НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Б.Лувсанпэрэнлэй
Үйл явдал
/
2 сарын өмнө

Монгол Улсын гурван тулгуурт хөгжлийн бодлоготой уялдуулж, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, урамшуулах, түүнчлэн шинээр гарч ирж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчлан таниулах, олон нийтэд хүргэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох, үйлдвэрийн үнээр хямдралтай, урамшуулалтай худалдан авах бололцоог бүрдүүлэх, хууль эрх зүйн зөвлөлөгөө өгөх зорилгоор “ECO MONGOLIA EXPO-2022” хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан, үзэсгэлэнгийн зохион байгуулагч “Эко Монгол брэнд” ХХК-ийн захирал Г.Золбаяр нар оролцлоо.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг: “Хүнс хөдөө аж ахуй салбарыг төрөөс эрчимтэй дэмжиж байгаа. Өнөөдрийн үзэсгэлэн яармагийг салбар яамдаас дэмжиж, хамран ажиллаж байна. УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад, үндэсний үйлдвэрлэл үйлчилгээг дэмжихэд анхаарна” хэмээн хэллээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан:  “Тус үзэсгэлэнд анх удаагаа оролцож буй олон ААН, хувь хүмүүс байна. Энэ маш сайн. Эко бүтээгдэхүүн гэдэг бол хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн эрүүл бүтээгдэхүүнийг хэлдэг. Хувийн хэвшлээс анх удаагаа ийм төрлийн үзэсгэлэн зохион байгуулж байгаа нь гол онцлог юм. Ирэх жил зохион байгуулах олон улсын чуулга уулзалтын эхлэл нь зөв тавигдаж байна гэж харж байна. УИХ, Засгийн газар, харьяа яамнаас бид бодлогоор дэмжиж хамтран ажиллана” гэлээ.

Үзэсгэлэн яармагт 100 гаруй аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид оролцож байна. Тус үзэсгэлэн 2022.09.30-10.02-ны өдрүүдэд Мишээл экспо худалдааны төвд зохион байгуулагдана.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.