Долоо хоногийн тойм: Төр засаг үүргээ биелүүлж, түр оршин суух Оросууд нэмэгдсэн, үндэсний бүтээгдэхүүнтэй, үнийн хөөрөгдөлтэй өдрүүд
Б.Лувсанпэрэнлэй
Нийтлэл
/
2 сарын өмнө
Гурилан бүтээгдэхүүний үнэ ХОЁР ДАХИН нэмэгдэнэ

Иргэдийн өдөр тутмын өргөн хэрэглээ болсон гурилан бүтээгдэхүүний үнэ кг тутамдаа 50 хувь нэмэгдэнэ гэдгийг Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээллээд байна. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд гурилан бүтээгдэхүүний 900 орчим үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байгаа юм. Гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх болсон шалтгаан нь хил гаалийн ойлгомжгүй байдал, тээвэр ложистикийн үнийн нэмэгдэл, авто бензин, дизель түлшний үнийн нэмэгдэл, валютын ханшийн өсөлт, ажиллах хүчний дутагдал зэргээс шалтгаалсан гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.

Гадаад паспорт захиалахад цээж зураг авч очих ШААРДЛАГАГҮЙ боллоо

2022 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн үндэсний энгийн гадаад паспортын захиалга авахад цээж зураг шаардахгүй болж байгааг Улсын бүртгэлийн байгууллагаас мэдээллээ. Учир нь гадаад паспорт захиалахаар ирсэн иргэний цээ зургийг бүртгэлийн ажилтан өөрөө авч системдээ оруулах үйлчилгээ үзүүлэх аж.

ОХУ-ын иргэдэд Монгол Улсад “ТҮР ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХ” олгоно
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин орон даяар цэргийн дайчилгаа зарласантай холбоотойгоор тус улсын иргэд эх орноосоо дүрвэж байна. Шийдвэрийн улмаас хойд хөршийн иргэд Монгол Улсад ихээр ирэх болсон. Тодруулбал Алтанбулаг боомтоос бусад ОХУ-тай залгаа боомтуудаар есдүгээр сарын 29-ний байдлаар 1088 орос иргэн орж иржээ.

ОХУ, Монгол Улс хоорондын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу орос иргэд Монгол Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Хэрэв өөрсдөө хүсвэл 30 хоногоор сунгуулж болох юм. Хэрэв ОХУ-ын иргэд визээ сунгуулсан ч эх орондоо буцахгүй байвал хэрхэн арга хэмжээ авах талаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяраас тодруулахад “Визний хугацаа нь дуусвал Монгол Улсын хилээр гарах, нутаг буцах ёстой. Гэвч ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор эдгээр иргэд цаашид Монгол Улсад ТҮР хугацаагаар оршин суух хүсэлтийг олноор ирүүлж байна. Тухайлбал, есдүгээр сарын 21-ний өдрөөс хойш 30 хоногийн визээ сунгуулсан 700 гаруй иргэн, ТҮР оршин суух зөвшөөрөл авах, Монголд байх хугацаагаа сунгуулах талаар зөвлөгөө мэдээлэл авсан 1000 гаруй иргэд байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь хөрш зэргэлдээ орших Буриад улсын иргэд байгаа. Цаашид ч энэ тоо өсөх хандлага ажиглагдаж байна.” гэдгийг хэллээ.

Монгол Улсад хамгийн БОГИНО хугацаанд сайдаар ажилласан ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэл

“Улны айлууд” хэмээн нэн ядуу иргэдийг доромжилсон ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэл Монгол Улсын түүхэнд хамгийн богино хугацаанд сайдаар ажилласан хүн болж байна. Засгийн газрын бүтэц шинэчлэгдэж, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг А.Ариунзаяагийн оронд өнгөрсөн наймдугаар сарын 29-ны өдөр ХНХ-ын сайдаар томилогдсон. Гэвч тэрээр болчимгүй хэлсэн үгнээсээ болж иргэдийн бухимдлыг төрүүлснээр ажлаасаа огцорсон билээ. Энэ нь иргэд дуу хоолойгоо нэгтгэвэл хэнбугайд ч хуулийн арга хэмжээ тооцож чадна гэдгийг харуулсан үйл явдал болсон юм.

Төрийн дэмжлэгтэй ХУВИЙН ХЭВШИЛ анх удаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үзэсгэлэн зохион байгуулж байна

Монгол Улсад шинээр гарч ирж буй дотоодын үйлдвэрлэгчид, тэдгээрийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилгоор “ECO MONGOLIA EXPO-2022” үзэсгэлэн зохиогдож байна. Тус үзэсгэлэн есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэсэн бөгөөд 10 дугаар сарын хоёрны өдөр хүртэл Мишээл экспо олон улсын худалдааны төвд болох аж. Үзэсгэлэнд оролцож буй аж ахуй нэгж тус үеэр бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж байгаагаараа онцлогтой байна.  

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.