Эзэн богд Чингис хааны эш хөргийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимд заллаа
З.Ханд
Үйл явдал
/
1 сарын өмнө

Хүндэт ард иргэд ээ,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид төлөөлөгчид өө,

“Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2022 оны долдугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу Их Монголын төрт улсыг байгуулан мандуулж, монголчуудын суу алдрыг дэлхийн дайдад тунхаглан зарласан, Мянганы суут хүмүүн Их эзэн Чингис богдынхоо эш хөргийг, билиг сургаалынх нь хамт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд ийнхүү залж байна.

“Хүннү нэрт өвөг дээдэс

Хүчийг олж хөрстөд дархалсан

Хөх Монголоо сэргээн мандуулаад

Хойчис та нартаа даатгасу, би” хэмээн Эзэн Чингис хаан маань Их Монголынхоо гал голомтыг бидэнд гэрээслэн үлдээсэн билээ.

Эцэг дээдсийнхээ бидэнд өвлүүлэн үлдээсэн Монгол эх орон, Монгол төрийн гал голомтыг эгнэгт мөнх бадрааж, улс орныхоо хөгжил дэвшил, монгол түмнийхээ амар амгалан, сайн сайхны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэх ёстойг,

"Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэхэмээн Төрийн сүлдэндээ өргөсөн тангаргыг Их хааны маань эш хөрөг өглөө бүхэн бидэнд сануулж байх болно.

Монгол төрийн хоймор болсон энэ танхимд, Эзэн Богдынхоо эш хөрөгний өлмийд Монгол Улсын шинэ сэргэн мандлыг хөтлөн замчлах сайн хууль, мэргэн бодлого боловсорч, төрийн түшээд маань гагцхүү хуульд захирагдан, өргөсөн тангараг, төрийн түшээгийн ёс зүйг дээд зэргээр сахиж, ард түмний засаглах эрх бүрэн утгаараа хэрэгжиж байх болно гэдэгт гүнээ итгэж байна.

“Улс Монголын үрс хойчис

Эзэн ёсоор эрмэлзэн хичээвэл 

Угтан айсуй түмэн он жилд

Монголын заяа алзахгүй буй за” хэмээн Чингис хаан маань бидэнд итгэлээ даатгасан байдаг. Тиймээс Их хааныхаа энэ бат итгэлийг биелүүлж, Монголоо мандуулах гэгээн ирээдүйн төлөө зүтгэцгээе ээ.

Эзэн богд Чингис хааны минь сүнс сүлд биднийг ивээж, Монгол эх орон минь өнө мөнх орших болтугай.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.