Эрчүүдийн алдаа жижиг, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЛДАА ТОМ ХАР байж болохгүй!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
3 долоо хоногн өмнө

Алдаа гэдэг чухамдаа “буруу үг”, “буруу үйлдэл” гэж маш энгийнээр ойлгож болох юм. Эрэгтэй АЛДАА, эмэгтэй АЛДАА, эсвэл БАЯН, ЯДУУ гэсэн ангилал, хүйст ойлголт байхгүй. Хэн ч хаана ч, хэзээ ч АЛДАЖ болно.  Алдааны дараа үүсэх хор хохирол, ач холбогдол нь хэр хэмжээтэй вэ гэдгээс л жижиг, эсвэл ТОМ алдаа гэж ялгаж болох байх. Ихэвчлэн хүний оюун санаанаас үүдсэн буруу үг, буруу үйл ажиллагаа  АЛДАА болдог. Мэдээж аливаа буруу зүйл тодорхой цаг хугацаанд илэрч, хариу үр дүн нь маш хүчтэй тархдаг. Хорвоо дээрх үй олон алдааны гол буруутан нь ЭРЧҮҮДИЙНХ гэвэл маргахгүй байх. Гэвч тэдний гаргасан АЛДААГ байх ёстой хэвийн зүйл мэтээр хүлээн авч, учирсан сөрөг үр дагаврыг нь бүгд л адилхан мэдэрдэг. За яахав дараа битгий ийм алдаа гаргаарай, болгоомжтой, хянуур, хариуцлагатай байгаарай гэсэн үгээр ЦАЙРУУЛЖ хариуцлага ч тооцолгүй “илээд өнгөрдөг”.

Харин ЭМЭГТЭЙЧҮҮД алдахаар нийтээрээ үзэн ядаж, ЯЛЛАЖ, ЦОЛЛОЖ, ШҮҮДЭГ гажиг тогтолцоо манай улсад тогтчихсон. УИХ-ын гишүүн нэгэн эрэгтэй том алдаа гаргавал ганц хоёр хоног шүүмжилж шуугиад  мартдаг. “Эр хүн нэг алдаа гаргасан л биз. Эрэг нэг нураад л биз” хэмээн өөгшүүлдэг. Энэ нь магадгүй ЭЦГИЙН ЭРХТ ЁС давамгай байдагтай холбоотой биз. Монголчууд угаас эрчүүдээ дээгүүр үздэг. Эр хүн хойморт сууж, хоол, цайны дээж хүртэх ёстой гэсэн хүндэтгэл нь алдааг нь хүртэл уучилж зөөлрүүлэх нэг арга болчихсон. Эрэгтэй хүн ЭХ ОРНООСОО УРВАХГҮЙ л бол бусад бүх алдаа нь байж болох хэвийн үзэгдэл мэт болсон. Авлига авах, аллага үйлдэх, хулгай хийх, худлаа хэлэх бол эрэгтэй хүний хувь энгийг зүйл. Бид ийм зүйлд дасчихчээ.

Гэтэл нэг эмэгтэй гадаад нөхөртэй болчихоор “бузар, садар”, нэг эмэгтэй өөрийгөө хамгаалаад бусдад гар хүрчихээр “танхай балмад”, нэг эмэгтэй бусадтай ам зөрвөл “хэрүүлч хараалч”, нэг эмэгтэй хиамны булан авчихвал “хулгайч зэлгийч”, нэг эмэгтэй үг андуураад хэлчихвэл “доромжлогч, ялгаварлагч” гэх мэтээр шүүгддэг. Ялангуяа сошиал орчинд эмэгтэйчүүдийг элдэвлэж, доромжилж, бахаа хангадаг нэг хэсэг хуурамч сэхээтнүүд байдаг нь харамсалтай. Монгол улсын Үндсэн хуульд “Хүн бүр тэгш эрхтэй” гэж заасан нь буй. Уйлах, инээх, алдаа гаргах зэрэг нь биологийн шууд өгөгдөл. Алдаа гаргах нь хүртэл хүн бүрд ижил тэгш байх ёстой. Эрчүүдийн алдааг өөгшүүлж, эмэгтэйчүүдийн алдааг ДОРОМЖИЛЖ, ГУТААЖ болохгүй. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно.

/Гэрэл зурагчин Ш.Отгонжаргалын зөвшөөрөлтэйгөөр гэрэл зургийг ашиглав/

Хөдөлмөр, Нийгмийн хамгаалын сайд асан Д.Сарангэрэл, Цахим хөгжил, Харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ, Монгол, Оросын хамтарсан III  сургуулийн захирал асан Б.Соронзон, Улсын нэгдүгээр төрөх эмнэлгийн захирал асан Ж.Энхцэцэг эмч гээд ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛД байсан эмэгтэйчүүдийг “ХЭЛСЭН ҮГ, ХИЙСЭН ҮЙЛДЛИЙНХ НЬ ТӨЛӨӨ” яллаж, буруутгаж хэн ч биш болгож байгааг нь бид бүхэн мэдэрсэн.

Эр хүн ч бас УЙЛАХ ЭРХТЭЙ гэж алдартай үг бий. Яг түүн шиг эмэгтэйчүүд ч бас АЛДАХ ЭРХТЭЙ. Эрчүүд алдаж болдог, эмэгтэйчүүд алдаж болохгүй гэсэн хэвшмэл ойлголтоос салах цаг болжээ. Өнөөдөр нийгэмд “өрх толгойлсон эмэгтэй” гэсэн нэгэн ойлголт бий. Эр нөхрөөсөө өнчирсөн, эсвэл салсан эмэгтэйчүүд ар гэрээ тэжээх гэж үр хүүхдээ өсгөж буй байдлыг ийн хэлдэг. Яг амьдрал дээр эрэгтэй ч тэр, эмэгтэй ч тэр ав адилхан ар гэрээ ТЭЖЭЭХ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА!!!

Төрийн албан хаагч хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх нь ойлгомжтой. Харин нийгэм түүнийг хүчтэй шүүмжилж болно. Доромжилж дорд үзэж, гутааж болохгүй. Эрэгтэй улстөрчид улс орны хөгжлийн төлөөх томоохон хуулиудыг батлаж, архидаж, тэврэлддэг бол эмэгтэйчүүд нийгэм рүү, бодит амьдрал руу чиглэсэн хуулиудад түлхүү анхаардаг. Ардчилсан нам эрх барьж байх үед 12 эмэгтэй гишүүнтэй байв. Тэд нэгдээд “Тамхины хяналтын тухай хууль”, Монгол хэлний тухай хууль, “Олон хүүхэдтэй ээжүүдэд тэтгэмж олгох тухай”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай”, “Ахмад настны тухай хууль” гэх мэт суурь хуулиудыг онцгой анхаарч батлуулсан. Ардын нам эрх барьж буй 2016-2020 онд М.Билэгт нарын гишүүд хөдөөгийн ажилчид, малчдын эрх зүйн орчныг сайжруулахад анхаарсан бол 2020-2024 оны парламентад П.Анужин, Б.Баярсайхан нарын гишүүд хүүхэд хамгаалал, сургуулийн хүүхдийн хоол хүнсний хангамжид, Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нарын гишүүд боловсролын тухай хуульд ач холбогдол өгч буй нь илт анзаарагддаг.

2011 оноос хойш эмэгтэйчүүдийн оролцоонд хамаарах хууль (Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль), бодлого (Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Алсын хараа-2050, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийн хэрэгжилтийг хангах дунд хугацааны стратеги төлөвлөгөө болон үйл ажиллагааны төлөвлөгөө (2013- 2016), Жендэрийн эрх тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр (2017-2021), орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрүүд, салбарын жендэрийн бодлогууд) боловсруулж батлан, энэ чиглэлд ахиц дэвшил гарчээ. Гэвч парламентийн болон гүйцэтгэх засаглалын удирдлагын түвшин дэх эмэгтэйчүүдийн хувийн жинд дорвитой өөрчлөлт гарахгүй байна. Тухайлбал, Монгол Улсын нийт сонгогчдын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг, эмэгтэйчүүдийн сонгуулийн идэвх эрэгтэйчүүдээс илүү атлаа УИХ дахь төлөөлөл 17.3 хувь, дэлхийн дунджаас 8 орчим хувиар бага байна (ЖҮХ, 2020). УИХ-ын 2020 оны сонгуульд 151 эмэгтэй нэр дэвшсэн нь нэр дэвшигчдийн 24.9 хувийг эзэлж, 2016 онтой харьцуулахад нэг хувиар буурчээ. Гэхдээ 2016 оны сонгуулийн үр дүнг давтсан эмэгтэй төлөөлөл УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Сонгуулийн үр дүнгээс харахад Монгол Улсад улс төр дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоог нэмэгдүүлэх асуудал тулгамдсан хэвээр байсаар байна. “УИХ-ын 76 гишүүний 17 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа.

Тэгэхээр эрчүүдийн алдааг БҮДЭГРҮҮЛДЭГ, эмэгтэйчүүдийн алдааг ТОДРУУЛДАГ тогтолцоог халах ёстой. Учир нь алдаа гэдэг ХАЙР, ӨВЧИН, ҮХЭЛ шиг бүгдэд адил заяасан зүйл. Хүн бүр мэдэрч, хүн бүр үр дүнг нь хүртэж болдог. Алдаа гаргасан ЭМЭГТЭЙГ адлаж зүхэхээ зогсооё, эрчүүдийнх шиг нэг удаа боловч уучилж, ядаж ХАРААЖ, ЦОЛЛОЖ, ЯЛЛАЖ ГАДУУРХДАГАА больж хүн бүр ижил тэгш эрхтэй гэдгийг САНАХ ХЭРЭГТЭЙ!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.