Н.Гантулга:  Аль САЙН ШҮЛЭГТЭЙ найрагч л "БОЛОР ЦОМ"-ын эзэн болно доо
З.Батхуяг
Ярилцлага
/
2 долоо хоногн өмнө

“Болор цом-40” наадам энэ сарын 24-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулагдахаар болсон. Тус наадамтай холбогдуулж “Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулгатай цөөн хором ярилцлаа.

“Болор цом” наадам болох гэж байна. Яруу найрагч бүрийн чансаагаа шалгадаг том наадам. Догдлон хүлээж байгаа биз дээ?

-“Болор цом” наадам 40 жилийнхээ ойтой золголоо. 40 дэх удаагийн наадам их эзэн хааныхаа  мэндэлсэн өдөр “Монгол бахархлын өдөр” Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Миний хувьд өдгөөгөөс яг 10 жилийн тэргүүн цомыг нь өргөж байсан. Оюутан ахуй цагтаа “Болор цом”-д найргийн наадмаа сэтгэл догдлон хүлээдэг байлаа.

Хоёрын даваанд шүлгээ унших 40 найрагчид таны нэр харагдсангүй. Шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллах уу?

Энэ жилийн наадамд миний бие оролцохгүй. Харин яруу найргаар амьдарч буй чин сэтгэлт хүмүүний хувьд бусдынхаа шүлгийг шимтэн сонсож, нэг оройг хөглөгдөж өнгөрөөнө гэж зорьсон. Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүний хувьд өөрөө оролцоод байх нь зохимжгүй юм. Тэрчлэн шүүгчдийн бүрэлдэхүүнд орохгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Тэнцсэн найрагчдын нэрсийг харсан. Цомын эздээс цөөхөн хүн үлдсэн байна лээ. Эхний шатны шалгаруулалт яаж явагдсаныг сайн мэдэхгүй байна. Тусгай комисс ажилласан байх. Шалгаруулалтад оролцсон шүүгчдийн нэрсийг нууцалж байгаа. Тэгэхээр надад мэдээлэл бага байна.

Өдгөөгөөс 10 жилийн өмнө 30 дахь удаагийн “Болор цом”-ын эзэн болж байлаа шүү дээ. Сэтгэлд үлдсэн сайхан дурсамж биз?

-Би ингэхэд “Болор цом”-той нас чацуу хүн л дээ. 30 жилийнх нь ойгоор 30 насандаа түрүүлж байлаа. Тэр жилийн цом гоё болж билээ. Хөөдөөгийн Эрдэнэбаатар (“Болор цом”-ын эзэн) ах минь “Хөх тэнгэрийн дор Хөөдөөгийн хүү” гэж уншаад л. Төрийн шагналт миний нутгийн галтай найрагч Зундуйн Дорж уулзаж учирч явсан хүүхнүүддээ зориулсан уртаа гэгчийн шүлэг уншаад л. Лхамсүрэнжавын Ганзул ах “Гоо сайхан” гэдэг гайхалтай шүлгээ 3-ын даваанд буюу шилдэг 15 найрагч тунаж үлдэхэд уншаад унаж байсан. Магадгүй тэр жилийн “Болор цом”-ын хамгийн сайн шүлэг “Гоо сайхан” байж ч мэднэ. Дархад Мягаа ах бид хоёрын оноо урд хойноо орж  явсаар сүүлийн 5 найрагч үлдэхэд “Уулсын сэтгэлгээний тэлэлт” шүлгээрээ би цом авсан.

“Уулсын сэтгэлгээний тэлэлт” гэдгээр яг ямар чинад санааг илэрхийлэхийг зорьсон юм бэ?

-Харин юу юм бол. Яруу найрагчийн зүрхний урагдалт, бодит зүйлийг хийсвэрлэн ойлгох сэтгэл зүйн шимшрэл юм болов уу. Яг тийм зүйл шүү дээ гээд би хэлчихэд чадахгүй байна. Харин тийм сайхан уул минь тэгж хөхөрч харагдана, тийм тийм цэцэг ургамалтай, тэгж нар асгардаг, салхи эрчилдэг гэж уулын тухай би лав бичиж чадахгүйгээ сайн мэдэж байна. Миний “Сэтгэлгээний шилэн хананд” яруу найргийн бүтээлийн тухай утга зохиол судлаач доктор, яруу найрагч Г.Бямбажав бичсэн байдаг. Түүндээ “Уулсын дотоод шаталтын хөдөлгүүр хэрхэн яруу найрагчийн оюун ухаан, сэтгэл зүрхийг шатааж болдгийг Н.Гантулгын шүлгүүдээс харж болно. Түүний шүлгүүд ‘уулсын сэтгэлгээний тэлэлт хүний уураг тархины тэлэлттэй мөргөлдөөд ч байх шиг, эс бөгөөс нэгдэн нийлж нэгэн цул болон оршоод ч байх шиг’ тийм хачин жигтэй мэдрэмж төрүүлнэ. Яруу найрагч уулсын сэтгэлгээний тэлэлтийг дотоод ахуйгаасаа мэдэрч, харин уулс яруу найрагчийг хэдэн зууны өмнө өврөөс нь алга болсон уусмал ягаан чулууд шигээ санаж, хаа холын тэртээ хагацаж одсон үр шигээ бодож зүрх хөндүүрлэтэл үгүйлнэ. Уулс, яруу найрагч хоёр эсрэг тэсрэг юмс шиг түлхэлцэж, бас түүний нэгдэл шиг харилцан таталцаж орших нь гайхалтай” хэмээн бичсэн. Одоогоос 10 жилийн өмнө бичсэн шүлгийг маань ингэж нарийн тайлж, маш тэсрэлттэй шүүмж, дүгнэлт өгч, яруу найрагчийн хувьд намайг дахин сэрээсэн Бямбажав докторт би их баярласан. Эрхэм судлаач, найрагчийн бичсэнийг уншаад сая нэг бах ханах шиг болсон. Түүнээс би “Уулсын сэтгэлгээний тэлэлт” шүлгээрээ их ч баалуулсан хүн юм.

Анх Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж найрагч санаачилсан “БОЛОР ЦОМ” наадамтай та нас чацуу гэлээ. Бас сонин тохиол, билэгшээлтэй юм байна шүү. Та чинь Пүрэвдорж гуайн тухай олон сайхан дурсамж нийтлэл, тэмдэглэл бичсэн дээ?

-Тийм ээ, Пүрэвдорж гуай анх санаачилж, анхны цомыг “Хүн төрөлхтөнд өргөх үг” шүлгээрээ хүртсэн түүх бий. Дараа жил нь буюу 1984 онд миний багш Дөнгөтийн Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд танаа” шүлгээрээ хүртсэн байдаг. Өнөө “Болор цом болор цом гэсэн чинь боржоом хийж үсчүүлдэг нэг муу стакан л байна, үүнийг би хага цохино” гэж Базарын Цэдэндамбаа гуайн агсам тавьсан тухай онигоо шиг яриа чинь Цоодол багшийнд болсон гэдэг. Түрүүлчихээд, цом авчихаад гэртээ “Миний муусайн найз нар”-аа урихгүй юу. Архи ховор, намын төв хорооны Дэжидийн Чимиддорж гэж хүнээр арын хаалгадуулж архи олж байснаа багш хэлдэг. Энэ үеэр л Дамбаа болор цомыг стакан гэсэн онигооны эх үүсвэр гарчээ. Тэгэхээр анхны цомууд бол жижиг болор стакан байсан юм уу даа. Пүрэвдорж гуай анх түрүүлсэн гэснээс 30 жилийн цомыг хүртчихээд 31 дэх удаагийн наадам Өвөрхангай аймагт Дэндэвийн Пүрэвдорж гуайн нэрэмжит болж зохиогдоход миний бие нээж байлаа. Өмнөх цомын эзэн дараа жилийн наадмаа нээдэг тэр хуулийн дагуу нээж байлаа. Би чинь хоёр ч удаа “Болор цом” нээсэн. 2017 онд байх аа, Говь-Алтай аймагт Лодойдамба гуайн нэрэмжит болж зохиогдоход би нээж байсан.

Энэ жилийн наадамд хэн түрүүлэх бол. Гадуур эзэн нь тодорчихсон, мөнгөө түрүүлээд төлчихсөн нь авна гэх сул дэл яриа яваад байна?

-Хэн сайн шүлэгтэй нь түрүүлнэ дээ. Жил бүр л хэл амтай болдог энэ наадмаа шударга сайхан явуулъя гэж Монголын Зохиолчдын эвлэл бодлого барьж байгаа. Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн учир тэр энэ түрүүлнэ гэж хамаагүй ярьж болохгүй байнаа, бас. Нэг л зүйлийг дахин хэлье. Аль сайн шүлэгтэй нь түрүүлнэ. Өөр гарц байхгүй

Тэгвэл яруу найрагчийн тань хувьд, “Болор цом”-ын эзний хувьд асууж болно биз дээ?

-Хувь яруу найрагчийн хувьд саналаа хэлчих үү. Ховдын Мөнххайрханы “савдаг”, Аким гуайн хэлснээр цаст уулын цалгилсан найрагч Сүрэнгийн Бүрнээ, за тэгээд шар Мягаа ах, Эрдэнэтэд суугаа Намжилын Мөнхбаяр, алдарт Мулцангийн Уянсүх энэ хэд ямар шүлэг унших бол гэж бодож сууна. Амархүү найрагч ч амаргүй шүү дээ. Харин Т.Амар-Амгалан, Б.Алтанхуяг, С.Начин, Дорнодын нарын залуусыг харж байсан. Мөн Х.Нямхишиг, Дорнодын Н.Мөнхсайхан гээд нөхөд маань ч эвгүй. Энэ хэд уншихгүй бололтой дуулдана.

Баярлалаа


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 долоо хоногн өмнө
172.69.252.140
оролцохгүй яасым болоо
Зочин
2 долоо хоногн өмнө
172.69.252.141
оролцохгүй яасым болоо