Баянзүрх дүүргийн УБХ: 104161 иргэн хаягаа солиулах судалгаа гарсан
З.Ханд
Үйл явдал
/
1 долоо хоногн өмнө
Иргэдэд төрийн болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021.12.24-ний өдрийн 12/36 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 28 хороог шинэчлэн байгуулж 43 болгосон. Үүнтэй холбоотойгоор хуваагдсан болон хилийн цэсэнд өөрчлөлт орсон хорооны иргэдийн хаягийг нэг удаа төрөөс үнэ төлбөргүй солих ажил дүүргийн хэмжээнд эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар 7000 гаруй иргэн цахим иргэний үнэмлэх, 200 гаруй иргэн эд хөрөнгийн гэрчилгээгээ солиулсан байгааг Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээлж байна. Энэхүү үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирж буй асуултын дагуу Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс тодрууллаа.
Иргэний бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч С.Алтантуяа: ХАЯГИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙЛГЭХ ИРГЭДЭЭС ЦАХИМ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ГЭЭСЭН, ГЭМТЭЭСЭН БОЛ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАРАА ТОРГУУЛИА ТӨЛНӨ
-Баянзүрх дүүргийн хэмжээнд хороод хуваагдсан, шинээр байгуулагдсантай холбоотой нийт хэдэн иргэний цахим иргэний үнэмлэхийг солих судалгаа гарсан бэ?
-НИТХ-ын тогтоолоор манай дүүргийн 7 хорооны хилийн цэсэнд өөрчлөлт орж, 15 хороог шинээр байгуулж 43 хороотой болсон. Эдгээр хорооны нутаг дэвсгэрт амьдарч буй хаягийн өөрчлөлт хийлгэх шаардлагатай 104161 иргэн цахим иргэний үнэмлэхээ солиулах судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар 7000 гаруй иргэн цахим иргэний үнэмлэхээ солиулаад байна.
-Хаяг нь өөрчлөгдөж байгаа иргэд цахим үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд төлбөр төлөх үү?
-Монгол Улсын иргэн цахим үнэмлэхээ гээгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиараа торгууль төлдөг. Хаягийн өөрчлөлтөд орсон ч гэсэн ийм тохиолдолд төлбөрөө төлнө, торгуулиас чөлөөлөгдөх боломжгүй. Мөн 16, 25, 45 нас хүрсэн иргэд төрсөн өдрөөсөө хойш нэг сарын хугацаанд бүртгэлээ хийлгэж, цахим үнэмлэхээ солиулна гэх журмын дагуу бүртгэлээ хийлгээгүй бол Зөрчлийн тухай хуулиараа торгууль төлнө.
-Саяхан нэг иргэн цахим үнэмлэхээ солиулахдаа төлбөр төлсөн асуудал гарсан байна. Зөрчилтэй иргэд торгууль төлөхөөс гадна ямар тохиолдолд төлбөр төлж байгаа вэ?
-Тухайн иргэний асуудлыг шалгаж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Иргэд Улсын бүртгэлийн нэг цэгт өөрийн биеэр хандалгүй цахимаар захиалсан бол төлбөр төлнө. Эсвэл шилжилт хөдөлгөөний бүртгэл нь 11 сарын 1 ээс хойш хийгдсэн бол төлбөр төлнө. Бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиалаар мэдээ мэдээллээ хангалттай түгээж байгаа. Тухайн иргэн тэр мэдээллийг аваагүй байхдаа төлбөр төлөөд цахим үнэмлэхээ захиалчихсан бол нэг асуудал. Нэг удаа үнэ төлбөргүй сольж өгнө өө гэсэн мэдээллийг авчхаад төлсөн бол бас нэг асуудал. Тиймээс иргэд маань өөрсдийн хорооны болон дүүргийн цахим хуудаснаас энэ талаарх мэдээ мэдээллийг аваарай.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч М.Батцэцэг: БАНКНЫ БАРЬЦААНД БАЙГАА БАЙРНЫ ЭД ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭГ СОЛИУЛАХАД ЗААВАЛ БАНКНЫ ЗӨВШӨӨРӨЛ ШААРДЛАГАТАЙ
-Баянзүрх дүүргийн хэмжээнд 7 хорооны хилийн цэс өөрчлөгдөж, 15 хороо шинээр байгуулагдсантай холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг солих ажил эхэлсэн. Иргэдийн зүгээс банкны барьцаанд байгаа байрны гэрчилгээг хэрхэн солиулах вэ гэсэн асуултыг ирүүлж байна. Та үүн дээр тайлбар мэдээлэл өгөхгүй юу?
-Ихэнх айл өрх ипотекийн зээлтэй байгаа. Ийм тохиолдолд банкны зөвшөөрөл, хорооны Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгийн гэрчилгээгээ эх хувиар нь авч ирээд солиулах боломжтой. Заавал зээлээ чөлөөлсөн үед гэрчилгээгээ солиулна гэсэн зүйл байхгүй. Харин гэр хорооллын айл өрхүүдийн хувьд хорооны Засаг даргын тодорхойлолт, газрын гэрээ гэрчилгээ, кадастрын зургаа авч ирээд үнэ төлбөргүй солиулж байна.
-Хаяг сольж буйтай холбоотой банкуудтай Улсын бүртгэлийн ерөнхий газраас хэрхэн хамтран ажиллах талаар мэдээлэл солилцсон зүйл байгаа юу?
-Хороо хуваагдаж, шинээр байгуулагдаж байгаа асуудал зөвхөн манай дүүрэг гэлтгүй Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт байгаа. Тиймээс Улсын бүртгэлийн Ерөнхий газраас удахгүй банкуудтай хэрхэн хамтран ажиллах талаар чиглэл гарч, бид нарт албан ёсоор зааварчилгаа ирэх байх аа. Банк харилцагчдынхаа мэдээллийг үнэн зөв болгох үүрэгтэй. Тиймээс иргэд банкнаасаа зөвшөөрөл аваад гэрчилгээгээ эх хувиар нь авч ирээд барьцааны гэрээгээ нэмэлт өөрчлөлтөөр засуулна гэсэн үг. Эд хөрөнгийн хаягийг өөрчлөхөд заавал эрх бүхий байгууллагын зөвшөөрөл байх шаардлагатай байдаг. Тиймээс банкны барьцаанд байгаа байрны хувьд банкны зөвшөөрөл шаардлагатай.
-Өнөөдрийн байдлаар эх хөрөнгийн гэрчилгээгээ солиулах ажил хэр хурдацтай явагдаж байна вэ?
-Гэр хорооллын иргэд идэвхтэй хаягийн өөрчлөлтөө хийж байна. Одоогийн байдлаар 200 гаруй иргэд эд хөрөнгийн гэрчилгээ солиод байна.
-Ер нь иргэдэд чирэгдэл учруулсан тохиолдол гарсан болов уу?
-Хорооны Засаг даргын тодорхойлолт дээр “амьдардаг нь үнэн” гэж тодорхойлсон байсныг буцаасан ганц, хоёр л тохиолдол гарсан. Хорооны Засаг дарга тодорхойлохдоо жишээлбэл “Хуучин 16 дугаар хороо байж байгаад 40 дүгээр хороо болсон” гэдгийг л тодорхойлох ёстой. Энэ талаар нийт хорооны Засаг дарга нарт мэдээлэл өгсөн учраас дахиж ийм зүйл гараагүй байгаа

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.