Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсож, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө
Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.12.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 06 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.  
Хуралдааны эхэнд Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаарх мэдээллийг сонслоо.


Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.  

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем төвийн, өмнөд, баруун, дорнод, Алтай–Улиастайн гэсэн таван хэсгээс бүрдэж, нийт 330 гаруй сум, суурин газруудыг эрчим хүчээр хангаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцлоод сүүлийн хэд хоногт -30 градус давж хүйтэрсэн өдрүүдэд тухайлбал, 11  дүгээр сарын 29-ний өдрийн 19 цагт Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1441 мегаватт хүрлээ.  Энэ нь өнгөрсөн оны хамгийн их ачааллаас 54 мегаваттаар буюу 4 хувь, өнгөрсөн оны мөн үеийнхээс 134 мегаваттаар буюу 10 хувиар их байна. Оргил ачааллыг эрчим хүчний салбар суурилагдсан бүрэн хүчин чадлаараа, нөөц тоноглолгүй ажиллаж, дээр нь ОХУ-аас 270 мегаваттын импортын цахилгаан эрчим хүч авч байж давлаа гэв.

 

Сүүлийн жилүүдийн оргил ачаалыг давахад Дулааны IV цахилгаан станцын 89, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35, Дарханы дулааны цахилгаан станцын 35 мегаваттын өргөтгөлүүд ашиглалтад орсон нь ихээхэн үүрэг гүйцэтгэж  байна. Монгол Улсын хэмжээнд 2022 оны эхний есөн сарын байдлаар 7.1 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 6.5 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүчийг түгээсэн байна. Нийт түгээсэн цахилгаан эрчим хүчний 76.9 хувийг дотоодын эх үүсвэрүүдээс, 23.1 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр тус тус хангасан. Импортын цахилгаан эрчим хүчний 457.9 сая киловатт цаг буюу 29.3 хувийг Оросын Холбооны Улсаас, 1101.9 сая киловатт цаг буюу 70.7 хувийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортложээ. Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувиар өсөж, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ жилд дунджаар 6-7 хувийн өсөлттэй байна. Өвлийн их ачааллын горим ажиллагааны үед дулааны цахилгаан станцууд нь бэлтгэл тоноглолгүйгээр, бүрэн хүчин чадлаараа ажиллах ба ОХУ-аас авах импортын шугамын дамжуулах чадал 345 МВт-аар хязгаарлагдах тул дотоодын цахилгаан станцуудын үндсэн тоноглолын болзошгүй гэнэтийн зогсолт, тасралт саатлын үед тухайн нэгж тоноглолын хүчин чадлаар хэрэглэгчдийг хязгаарлах техникийн арга хэмжээ авахаар төлөвлөснийг Б.Чойжилсүрэн сайд танилцуулгадаа дурдсан.

Мөн тэрбээр мэдээлэлдээ, сүүлийн гурван жилийн хугацаанд үнэ тарифт өөрчлөлт оруулалгүй тогтвортой мөрдөж ирсний улмаас 2019 онд 59 тэрбум, 2020 онд 92 тэрбум, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 168.2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллахаар байна. Төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудад нүүрс нийлүүлдэг уурхайнууд энэ онд 109.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах урьдчилсан тооцоо гарлаа. Хэрэглэгчдийн цахилгаан, дулааны тариф бодит өртгөөс доогуур байгаатай холбоотойгоор эрчим хүчний компаниудын нүүрсний уурхай болон бэлтгэн нийлүүлэгч, банкны богино хугацаат зээл, зээлийн хүүгийн өглөг, авлага нэмэгдэж байна. Түүнчлэн дулааны цахилгаан станц, цахилгаан, дулаан дамжуулах түгээх, хангах компаниуд хөрөнгийн дутагдлаас шалтгаалж техникийн засвар, үйлчилгээг цаг тухайд нь хийхгүй байх нь насжилт өндөртэй, хуучин тоноглол бүхий үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд гэнэтийн аваар, саатал гарах эрсдэлийг нэмэгдүүлж хэрэглэгчдийн эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангахад хүндрэл үүсгэх магадлалтай байна гэв.  

Эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 281 МВт-д буюу нийт суурилагдсан хүчин чадлын 18.3 хувийг эзэлж байна. Өнөөгийн байдлаар нарны эх үүсвэрээс үйлдвэрлэсэн 1 кВт.ц эрчим хүчийг 15 цент, салхины эх үүсвэрээс 9,5 центээр тус тус нэгдсэн сүлжээнд нийлүүлэн авч байгаа нь дулааны цахилгаан станцын 2,5 центийн өөрийн өртгөөс даруй 3-5 дахин өндөр байгаа ба хэрэглэгчийн тарифт 1 кВт.ц тутамд 23.7 төгрөгийн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг нэмж байна. Тусгай зөвшөөрлөө сунгуулсан 11 нар, салхины эх үүсвэр шинээр ашиглалтад орсон тохиолдолд  дэмжих тарифыг 23.79 төгрөгөөс 2.1 дахин нэмэгдүүлж 57.39 төгрөг болгох ба ингэснээр салбарын нийт орлогын 44 хувийг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдэд хуваарилах урьдчилсан тооцоо гарсан байна. Дэлхий дахинаа техник, технологи хөгжих хэрээр нар, салхины эх үүсвэрийн үндсэн тоноглолуудын үнэ, өртөг буурч, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохион байгуулснаар зардлыг бууруулах боломж бүрдсэнийг сайд мэдээлэлдээ онцолсон.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2022-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадлыг 1756 МВт-аар нэмэгдүүлэх төслүүдийг эхлүүлсэн. Дулааны цахилгаан станц IV-ийн хүчин чадлыг 46 МВт, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар нэмэгдүүлсэн. Ховд аймгийн Мянгад суманд 10 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо. Дорнодын дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх төсөл 2023 онд, Амгалан дулааны станцын хүчин чадлыг 116 Гкал/ц-аар нэмэгдүүлэх төсөл 2024 онд  ашиглалтад орно. Өмнөд бүсэд Тавантолгойн дулааны цахилгаан станц, Улаанбаатар хотод Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 300 МВт-аар өргөтгөх, оргил ачааллын үед ажиллах дулааны тархмал эх үүсвэрүүдийг барих төслүүдийн санхүүжилтын эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай байна гэв.

 

Сайд мэдээлэлдээ, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай, Сайншанд-Цагаансуварга, Чойр-Сайншанд, Мандалговь-Арвайхээр, Багануур-Чойр, Багануур-Налайх-Улаанбаатар, Багануур-Чингис-Чойбалсан чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг барихаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээг горим ажиллагааны хувьд тогтвортой, өөрийгөө зохицуулах чадвар бүхий систем болгон бүрдүүлэх нь салбарын тулгамдсан асуудал болж байна. Горим тохируулгын эх үүсвэртэй байх нь өдөр, шөнийн хэрэглээний горимыг зохицуулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх төдийгүй дэлхийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Төвийн бүсэд Эгийн голын усан цахилгаан станцыг барих хэрэгцээ шаардлага байгаа бөгөөд Байгаль нуурын эко системд нөлөөлөх байдлыг тодорхойлох биологийн олон янз байдлын нөлөөллийн судалгааны ажил дууссан. Тайланг Дэлхийн өвийн хорооны хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр төвийн бүсэд 200 МВт.ц багтаамжтай цэнэг хураагуурын төслийг Улаанбаатар хот дахь Сонгино дэд станцын дэргэд барих төслийг амжилттай эхлүүлээд байгааг дурдлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл танилцуулсан.  

Тэрбээр мэдээлэлдээ, сүүлийн 30 жилд манай улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 2.2 дахин өсөж байхад импортоор авдаг эрчим хүчний хэмжээ 11.5 дахин өссөн статистик байна. Энэ бол хөгжлийн хөдөлгөгч хүч эрчим хүч нь улам хязгаарлагдмал, бусдаас хараат болж, хөгжил, өрсөлдөөний боломж биднээс алсарч буйн ганцхан жишээ гэдгийг тодотгоод тэлэлт өсөлт хийж, тэнцлийг нь хангахгүй бол эдийн засгийг “боомилсоор” улсаараа балрах аюулын харанга эрчим хүчний салбарт байгааг дурдав.

Мөн хууль тогтоох, гүйцэтгэх, хянах бүх шатанд “хүчээ нэгтгэсэн” эрх баригчдыг эрчим хүчний салбарыг хямралт нөхцөлөөс гаргахад бодлогоо нэгтгэж, хүчээ дайчлахыг сөрөг хүчний зүгээс уриаллаа.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих нь зүй ч хуудуутай хуулийг баталж, хуулиар хамгаалагдсан “дээрэм”-ээр хэрэглэгчийн халаасыг ухсан, амьжиргааг дордуулж буй жишээ одоо ч бодитоор оршин байна. Эрчим хүч үйлдвэрлэлийн 10 хүрэхгүй хувийг эзэлж буй ч нийт борлуулалтын орлогын бараг 1/3 хувийг авдаг, айл өрх бүрийн хэрэглээнээс 1кВт.ц тутамд 23.7 төгрөгийг “сул иддэг” эрүүл бус тогтолцоог нэн даруй засах шаардлагатай байна. 1000 хүнтэй нүсэр, үр ашиггүй станц нүүгэлтэн ажиллаж нийт хэрэглээний 70 хувийг нийлүүлэх мөртлөө орлогын 40 хувийг авдаг ойлгомжгүй, шударга бус тогтолцоог хэзээ засах вэ гэдгийг тус бүлгийн дарга О.Цогтгэрэл санал, дүгнэлтдээ онцолсон.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их  Хурлын гишүүн Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ж.Батсуурь нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Багануурын цахилгаан станцын төслийн ажлын явцын талаар тодруулахын зэрэгцээ эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт орох, эсэх цаашид салбарын алдагдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээний талаар тодруулж байлаа.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариултдаа, Багануурын дулааны цахилгаан станцын асуудал шүүмжлэл дагуулсан нь үнэн. 2017 онд концессын гэрээ байгуулсан ч дараа нь янз бүрийн шалтгаанаар зогссон юм билээ. Одоогийн байдлаар концесс эзэмшигч компани нь уг төслөө үргэлжлүүлж чадахгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн гэдгийг тодотгов. Мөн тэрбээр, “Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний борлуулж байгаа өртөг нь үйлдвэрлэж байгаа өртгийнхөө 40 орчим хувьтай байна. Өөрөөр хэлбэл, 10 төгрөгөөр үйлдвэрлээд 4 төгрөгөөр зарж байна. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 130 тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ. Ийм доогуур үнээр эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийх ойлголт байхгүй. Тийм учраас бид үнэ нэмсэн. Гэхдээ эдийн засгийн уналт, иргэдийн төлбөрийн чадвар хангалттай бус байгаа тул дулаан, цахилгааны хэрэглээний үнийг нэмээгүй. Харин аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлсэн”  гэх тайлбарыг хийхийн зэрэгцээ “Цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн зарлага нь зах зээлийн зарчмаар, орлого нь тохируулгатай яваад байвал цаашид салбар нь дампуурах аюултай тул үнэ нэмэгдүүлэх алхамыг хийсэн" гэв.

Хуралдаан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109.12, 109.13.-т “Энэ хуулийн 109.11-д заасан цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг Тамгын газар нэгтгэж нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлнэ”, “Энэ хуулийн 109.12-т заасан асуултыг нам, эвслийн бүлэг ангилан багцалж, нам, эвслийн бүлэг тус бүрээс нэг гишүүн төлөөлж Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно” гэж заасны дагуу асуулт, хариултаар үргэлжлэв.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь нар "D-Parliament" цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг уламжилахын зэрэгцээ сэдвийн хүрээнд ажлын хэсэгтэй мэтгэлцлээ.

 

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нар тус тус танилцууллаа.

Хууль санаачлагч нь үндэсний онцлог бүхий байгаль, түүх, соёлын өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалын үйлдвэрлэлээр эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, тодорхой газар нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, тур оператор болон тур агент, жуулчны хөтчийн талаарх харилцааг шинэ түвшинд гаргах, тур операторын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй болгох, мэргэжлийн хариуцлагын даатгалд албан журмаар даатгуулах замаар хариуцлагыг нэмэгдүүлэх, жуулчны аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагыг төрөөс бодлогоор дэмжих, аялал жуулчлалын салбарт олон улсын жишгийг нэвтрүүлэх, хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг батлагдсан маршрутаар тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэх, аялал жуулчлалын үйл ажиллагаанд төр, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага нь Монгол Улсын болон олон улсын холбогдох стандартын шаардлагыг ханган ажиллах, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж барих, засварлах зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардалд тооцох, жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох, жуулчны татвар бий болгох зэрэг эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

 

Хуулийн төсөл батлагдсанаар аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлж, чадавхжуулах нөхцөл бүрдэх, аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжих тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр бүрдэж, аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн удирдлагын дийлэнх олонхыг олон нийтийн төлөөлөл хэрэгжүүлэх, зарцуулалтад тавих хяналтыг төр, олон нийтийн төлөөлөл хамтран хэрэгжүүлэх, тусгай зориулалтын агнуурын аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжих, гадаадын жуулчны виз олголтыг хөнгөвчлөх, хурдан шуурхай болгох, визгүй зорчих орны тоог нэмэгдүүлэх боломжийг бий болох, Монгол Улсыг зорин ирэх жуулчны тоо нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

 

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа дурдсан.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, М.Оюунчимэг, С.Чинзориг, Б.Баярсайхан, Б.Энхбаяр, Б.Баярсайхан, Ц.Идэрбат, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Т.Аубакир, С.Одонтуяа Ц.Сандаг-Очир, Л.Мөнхбаатар нар  асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын дунд хуулийн төслийг хэлэлцүүлж, тэдгээрийн саналыг нь тусгасан эсэх, агаарын тээврээр зорчигч тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зохицуулалтын талаар тодруулж байлаа. Мөн иргэдийн гэр бүлээрээ хөдөө, хээр салхинд гарах, түр буудаллах эрхийг хуулийн төсөлд улсын болон орон нутгийн чанартай аялал жуулчлалын бүсэд хээрийн отоглох цэгийн байршлаас  бусад газарт жуулчин, аялагч отоглосон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн зохицуулалтаар хязгаарлаж байгаа эсэхийг илүүтэй лавлаж байлаа.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хариултдаа, “Хуулийн төсөлд аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж, байгуулагуудын саналуудыг тусгасан. Төслийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой саналуудыг нэмж тусган, засаж сайжруулах боломжтой” гэдгийг тодотгоод “Агаарын тээврийн үйлчилгээний хувьд дотоодын авиа компаниудад дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан” гэж байлаа. Мөн тэрбээр, “Улсын аялал жуулчлалын бүс буюу Монгол Улсын  байгалийн нөөц, соёлын үнэт өв, түүх дурсгалт болон тусгай хамгаалалттай газруудад отоглох цэгийг байгуулж, эдийн засгийн эргэлтэд ороогүй, огт ашиглагдахгүй байгаа газрыг ашиглахтай холбоотой асуудлыг л хөндсөн. Харин дотоодын аялал жуулчлал болон иргэдийн амралт чөлөөт цагаараа майхантай хээр, хөдөө зугаалдаг явдал нь хуулийн холбогдох зохицуулалттай огт хамааралгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээв.

Хуралдаан даргалагчийн зүгээс Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг УИХ дахь намын бүлгүүдээр дахин хэлэлцэж, төслийн нэр томьёоноос эхлээд боловсронгуй болгож, олон талаас нь ярилцах нь чухал гэж үзээд хэлэлцүүлгийг хойшлуулснаар хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.