Нас барагсдын тоо 4300 хүрсэн бөгөөд цасан шуурга аврах ажиллагааг УДААШРУУЛЖ байна
Т.Бямбажаргал
Үйл явдал
/
1 сарын өмнө
Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаа өргөн хүрээтэй үргэлжилж байна. Гэвч цаг агаарын таагүй нөхцөл байдал тусламжийн ажилчдад төвөг болж байгаа аж.

Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кока "Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аврах ажиллагааны нисдэг тэрэгнүүд хөөрч чадахгүй байна" гэв.

UNICEF-ын мэдээлснээр хүчтэй цасан шуурга Турк, Сирийн бүсийг нөмөрсөн бөгөөд агаарын температур хасах хэм рүү оржээ. "Тэд тусламж эрэн орилж байгаа ч бид юу ч хийж чадахгүй байна" гэж аврах ажиллагаанд оролцож буй залуу Reuters-т ярьжээ.

Одоогоор тус бүс нутгуудад цагдаа, Онцгой байдлын газар, зэвсэгт хүчний цэргүүд, хотын төрийн байгууллагын ажилчид гээд олон хүнийг аврах ажиллагаанд дайчилсан байна.

Нийт 2256 яаралтай тусламжийн эмч, эмнэлгийн ажилтан, 602 түргэн тусламжийн машин, 2 онгоц гамшгийн бүсэд ажиллаж байна гэж Кока хэллээ.

Турк, Сирийг донсолгосон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт Туркийн Газиантеп мужийн Нурдаги хотоос зүүн зүгт 23 км-т газрын гадаргаас 24.1 км гүнд болсон. Сүүлийн мэдээгээр хоёр улсад нас баран хүний тоо 4300 (Турк 2921, Сири 1451) давж, 18 мянган хүн бэртжээ.

Эх сурвалж. CNN, BBC, Reuters


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.