М.БАТБАЯР: ХҮСЭХЭЭ ЗОГСООЖ, ХИЙЖ ЭХЭЛЦГЭЭЕ
QPAY үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүлсэн гэдгээрээ танигдсан Хаан банкны Бизнес инкубатор төвийн захирал, “Алтайн Эрин” сангийн тэргүүн М.Батбаярыг энэ удаагийн “Алтайн залуус” буландаа онцлон ярилцлаа. Нутаг орныхоо түүчээ болсон Алтай нутгаараа овоглон амжилт бүтээлээр дүүрэн яваа залуу хүний хувьд төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмрийнх нь талаар ярилцсанаа сониныхоо нийт уншигчдад хүргэж байна. Тэрээр “Нутгаа зорих түүчээ залуусыг дэмжиж ажиллана” гэдгээ ярилцлагын үеэр илэрхийлсэн юм.
-Сайн байна уу. Алтай нутгийнхаа залуусыг амжилтаараа манлайлан яваа эрхмүүдийг оролцуулдаг “Алтайн залуус” булангаараа дамжуулан ярилцах болсондоо таатай байна. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Сайн байна уу. Алтайнхаа ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Мягмардашийн Батбаяр гэдэг. Есөнбулаг суманд 1981 онд төрсөн. Аавыг маань “Ентүм” компаний Гүйцэтгэх захирал гэхээр андахгүй байх аа. Би 1988 онд Халиун сумд дунд сургуульд сурч байгаад аймгийн 2-р 10 жилд шилжиж ирсэн. Дараа нь 8-10 дугаар ангиа Физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 5-р сургуульд дүүргэж, 1998 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд элсэн орж санхүү, татварын мэргэжил эзэмшсэн. Улмаар тус сургуульдаа Бизнесийн удирдлагын мастер, Сингапур улсад Бизнесийн англи хэл, МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Одоо ХААН банкинд ажиллаж байна. Энэ хавар “Алтайн Эрин” сангийн тэргүүн болсон.
-Ажлын гараа гэдэг хүний амьдралын чигийг тодорхойлж байдаг. Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
Ажлын гараагаа Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуульд багш мөн МУИС-ийн ЭЗС-д санхүүгийн тэнхмийн багшаар эхэлж байлаа. Аав маань багш байсан болохоор их гоё санагдаж байсан. Оюутан болчихоод энэ сургуульд заавал багшилж үзэх юмсан гэж мөрөөдөж явлаа. Мөрөөдөл маань их хурдан биелсэн. \инээв\
Одоо илүү том мөрөөдөлтэй болсон. Нутгийнхаа ард иргэдийн төлөө юу сурсан мэдснээ зориулна даа.
-Монголд анх удаа нэвтрүүлсэн QR кодоор төлбөр төлөх QPAY үйлчилгээний талаар та өмнө нь ярьж байсан. Үйлчилгээний онцлог давуу талын талаар асуулгүй өнгөрч чадахгүй нь?
ХААН банк энэ үйлчилгээг Монголд анх удаа 2017 оны 1-р сард нэвтрүүлсэн. Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж байгаад халагдсан манай нутгийн залуу 2016 оны зун надтай уулзаж танилцаад “Ажлаасаа халагдсан чинь их юм бодогдож байна. Хятадад WeChat-аар төлбөрөө төлөөд байна. Хоёулаа энийг Монголд ХААН банкин дээр нэвтрүүлье” гэж ярьсан. Би эхлээд сайн ойлгохгүй байсан. Тэгээд холбогдох хүмүүстэйгээ уулзуулж танилцуулаад 7 сарын дараа амжилттай нэвтэрсэн дээ. Гарааны бизнес шууд ингэж амжилт олно гэдэг чинь их хэцүү шүү. Дараа нь Төрийн банк бусад банкин дээр нэвтрүүлэхэд нь би жаахан тусалсан. Хүмүүс хэрэглэхэд амархан ердөө л QR код уншуулаад л гүйлгээгээ хийчихнэ. Манай банк цахимжиж орчин үеийн технологийг ихээр нэвтрүүлж байна.
-“Залуучуудын хөгжлийн форум”-д уригдан өөрийн санаа бодол, санал санаачилгыг залуустаа хүргэсэн. Энэ мэт нутгийнхаа сайн сайхны төлөө, ард иргэд, залуустаа чиглэсэн олон ажилд гар бие оролцож байсан байх?
Залуучуудын хөгжлийн форумыг ГБХЗХГ-ын С.Болормаа даргатай тус газрын хамт олон зохион байгуулсан. Ирж оролцсон бүх хүмүүст баярласнаа илэрхийлье. Цаашид шинэ үеийнхэн өөрөөр сэтгэж, хамтарч их зүйлс хийх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын ажлын албанд ажиллаж байхдаа нутгийнхаа төлөө их л сэтгэл гаргаж ажилладаг байлаа. 2011 онд НАМЗХ-той хамтран Алтайнхаа 500 залуучуудын чуулга уулзалтыг Гуулинд зохион байгуулж байлаа. Одоо “Ирээдүй-Алтай” оюутан, залуучуудын холбооноос санаачилсан “Түүчээ Залуус” төслийг хамтран хэрэгжүүлж байна.
-“Түүчээ залуус” гэж ямар учиртай төсөл вэ?
Энэ төсөл 2018 оны 06 дугаар сарын 15-аас 09 дүгээр сарын 01-ний хооронд Говь-Алтай аймгийн сумдад хэрэгжих юм. Залуучуудын сайн дурын бөгөөд утга учиртай оролцоог дэмжих энэ төслийн хүрээнд тус аймгийн уугуул, суугуул бөгөөд 40 хүртэлх насны залуучууд, оюутнуудаас бүрдэх гурван хүний бүрэлдэхүүнтэй багууд өөрсдийн санаачилсан ажлаараа уралдах юм. Төсөл бүх суманд хэрэгжинэ. Нэг сумаас хэдэн ч баг оролцож болно. Оролцсон багуудаас шилдэг тавыг нь шалгаруулж, 500 мянгаас нэг сая төгрөгөөр урамшуулж, бүтээлч санаачилгыг нь олон нийтэд хүргэх зорилготой.
-Бизнес эрхлэгчдийг дэмжих тэдэнд зөвлөгөө өгөх, бизнес эрхлэх ур чадварыг нь нэмэгдүүлэхэд бодитоор дэмжих үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг удирдаж буй хүний хувьд залуус маань хэр идэвх санаачилгатай байдаг бол. Тэднийг дэмжих боломж нөхцөл өнөөгийн нийгэмд ямар байна вэ?
Залуус маань одоо маш их санаачилгатай болсон шүү дээ. Би бүх аймаг, УБ хотод харилцагч нартаа сургалт орж, зөвлөгөө өгч ажиллаж байна. “Битгий алдаа гаргаасай” гэсэндээ бизнес хийж байгаа хүмүүсийг хэрхэн чиглүүлж, яаж дэмжих үү гэж бодож явдаг болсон доо. Хийх хүсэлтэй хүнд арга нь олддог юм. Нийгэм бүхэлдээ хар бараан биш шүү. Боломж үргэлж байдаг гэдэгт итгээрэй.
-Тэгвэл таны бодлоор аймагт маань залуучууд ажиллаж амьдрахад нөхцөл бололцоо хэр байна гэж дүгнэдэг вэ, төв суурин газраас ялгарах давуу тал нь юу бол?
Залуучуудынхаа оюун бодол, сэтгэлгээ, мэдлэг боловсрол, хандлагад нь түлхүү анхаарч ажиллана гэж бодож байгаа. Алтайн залуучууд Улаанбаатар хотод уулзаж аймгаа хөгжүүлэх талаар их ярилцаж байгаа. Бидэнд төлөвлөсөн ажлууд их байна. Ямар ч газар ямагт боломж байдаг. Учир нь та сэтгэх хэрэгтэй, хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо хүсэхээ зогсоож, хийж эхэлцгээе. Нутгаа зорих түүчээ залуусыг дэмжиж ажиллана
Эрүүл сайхан агаар байгаль дэлхий, амгалан тайван байдал, эдийн засгийн агуулгаараа үйлдвэрийн түүхий эд, ажиллах хүч гээд их олон давуу талууд байна.
Мэргэжлийн боловсон хүчин байхгүй шүү дээ гэж хүмүүс хэлдэг. Гэхдээ нутагтаа ирж ажиллах сонирхолтой маш олон хүмүүс байна. Гол нь мэдээллээ сайн солилцохгүй байна.
Нутгийнхаа “Баялаг бүтээгч” нарт зориулж 4-р сард лекц уншаад явсан. Хүмүүс сэтгэл их өндөр байгаа санагдсан.
-Булангийнхаа уламжлалт асуултаар ярилцлагаа өндөрлөе. Цаашид нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ хэрхэн оруулах бодолтой байна вэ?
Нутгийн залуустайгаа нийлж, төрсөн нутгийнхаа хүн ардын төлөө боловсрол, эрүүл мэнд, нийгэмд чиглэсэн олон ажлыг санаачлан “Алтайн Эрин” сангаараа дамжуулж УИХ-ын гишүүд, нутгийн бизнес эрхлэгчид, “Ирээдүй-Алтай” холбоо, бусад ТББ-тай хамтран гар нийлж ажиллана.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Баярлалаа. Та бүхэнд мөн ажлын амжилт хүсье.
Ярилцсан: А.Нямбаяр