Хамрах хугацаа: 2023.11.20-12.30
Р.Амаржаргал
Сүхбаатар
Монгол улсын Ерөнхий сайд асан
Танилцуулга
Саналын тоо
0
1998
Монгол улсын Ерөнхий сайд
1999
2000

Ринчиннямын Амаржаргал (1961 оны 2 сарын 27-нд төрсөн, 1999 оны 7 сарын 30-наас 2000 оны 7 сарын 26-ны хооронд ажилласан) нь Монгол улсын 21 дэх ерөнхий сайд байв. Эдийн засагч мэргэжилтэй. Эхнэр, 2 хүүтэй.

Хүүхэд ахуй нас

Ринчиннямын Амаржаргал нь 1961 оны 2 сарын 27-нд Улаанбаатар хотод төржээ. Амаржаргалын эцэг Д.Ринчинням жолоочийн мэргэжилтэй, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул ба эх Б.Янжин нь эм зүйч.

Эцгийгээ тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улс дахь Монголын элчин сайдын яаманд ажиллаж байсан 4 жилийг Москва хотноо өнгөрүүлснийг эс тооцвол Амаржаргал хүүхэд насаа төрөлх хотынхоо Маахуур толгой гэдэг газар өнгөрөөжээ. Тэрээр багадаа ном их унших дуртай, хөл бөмбөг, хоккейн спортоор хичээллэдэг, нийгмийн талын хичээлд илүү сонирхолтой байжээ.

Хөлбөмбөгт дуртай байсан тэрээр хожим 1997 онд Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан.

Боловсрол

 
Р.Амаржаргал ажлын өрөөндөө

"Мэдлэг бол хүч" хэмээн хэлэх дуртай тэрээр Улаанбаатар,Москва, эргээд Улаанбаатарт суралцаж, 1978 онд Нийслэлийн 10 жилийн 14-р дунд сургууль-ийг төгсөж, мөн ондоо Москва хотын Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуульд элссэн оржээ. 1982 онд тус сургуулиа эдийн засагч мэргэжилээр төгссөн.

Маастрихтын менежментийн Олон улсын Институтийн Удирдах албан тушаалтанд зориулсан тусгай сургалтыг 1992 онд Нидерландад, Канадын Баруун Онтариогийн Их сургуулийн Удирдлагын тусгай сургалтыг 1993 онд Улаанбаатарт тус тус дүүргэсэн.

Амаржаргал нь Британийн зөвлөлөөс олгодог Чевингийн тэтгэлэгээр Брэд Фордын их сургуульд 1994 оноос 1995 оны 2 жилийн хугацаанд макро эдийн засгийн бодлого, төлөвлөлтөөр судалгаа хийж шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

Эрдмийн зэргийн судалгааны ажилдаа Монгол улсад эдийн засгийн шинэчлэл эхэлснээс хойшхи дөрвөн жилийн үйл явцыг дүгнэн шинжилсэн нь улс орны хөгжлийн стратегийг тодорхойлоход эдүүгээ ч ач холбогдолтой байгаа билээ.

Ажил мэргэжил ба амьдрал

21 настай дээд сургуулиа эдийн засагч мэргэжилээр төгссөн Р.Амаржаргал Монголын үйлдэврчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагчаар ажил мэргэжлийн гараагаа эхэлсэн. 1983 онд цэргийн албанд мордон, байлдагчаас ахмад офицер болтлоо дэвшиж, улмаар Цэргийн нэгдсэн дээд сургуульд 1990 он хүртэл санхүү-эдийн засгийн багшаар ажилласан.

 
Монгол улсын 21 дэх ерөнхий сайд, Бэлтгэл ахмад Р.Амаржаргал

Мөн Техникийн их сургуульд санхүү-эдийн засгийн хичээл нэг жил заасны дараа 1991 оны 7 сард Эдийн засгийн коллежийн захирлаар томилогдон, шинэ санаачлага, шинэлэг сургалтын систем нэвтрүүлэн ажилласанаар одоогийн Санхүү эдийн засгийн их сургуулийг бий болгож чадсан. Эдийн засгийн коллежийг удирдаж байхдаа Р.Амаржаргал өөрийн сургуулийг улс орны хөгжлийн төлөө шинэ санаа, арга замыг эрэн хайдаг, мэтгэлцээн өрнүүлдэг оюуны хүч хуримтлуулагч төв болгон өөрчлөхийг чармайн ажилласан тухайгаа хожим дурссан байдаг.

Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд ажиллаж чадах мэдлэг хийгээд боловсрол бүхий боловсон хүчнийг тус сургууль шинэ нөхцөл, нийгмийн хэрэгцээнд бэлтгэж эхэлсэн юм. Залуу захирал, мэргэжил нэгт нөхдөөсөө бүтээлч хандлага, олон тохиолдолд анхдагч байхыг шаардаж байсан нь зах зээлийн эдийн засгийн чиглэлээр гаргасан анхны сурах бичиг, хичээлийн хөтөлбөр, энэ хамт олны бүтээл байсан нь үүнийг нотолно.

Тус коллежид хэлэлцэгдэж байсан макро эдийн засгийн шинэчлэл, хувьчлал, банкны бүтцийн өөрчлөлтийн талаархи үзэл бодлын нэлээд нь 1996 оны УИХ-д олонхи болсон ардчилсан хүчний бодлогын баримт бичиг, мөрийн хөтөлбөрийг боловсруулахад тусгагдсан билээ.

Амаржаргал нь Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөнд бүр анхнаас нь гар бие оролцсон. Тэрээр Шинэ Дэвшлийн Холбоо, Үндэсний Дэвшлийн Намыг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг бөгөөд улс төрийн дөрвөн нам нэгдэж одоогийн Монголын Үндэсний Ардчилсан намыг 1992 онд байгууллахад тус намын гишүүнээр элссэн юм.

1999 оны 11 сард Р.Амаржаргал засгийн эрх барьж буй Ардчилсан Холбоо эвслийн нэг нам болох Монголын Үндэсний Ардчилсан намын даргаар сонгогдож байсан юм.

УИХ-ын гишүүн

 
Монгол улсын 21 дэх ерөнхий сайд Р.Амаржаргал Voice of Business уулзалтанд оролцов

Монгол Улсын Их Хуралд ардчилсан хүчин олонхи болж чадсан 1996 оны сонгуулиар МҮАН, МСДН -ын Ардчилсан Холбоо эвсэлээс нэр дэвшин Р.Амаржаргал УИХ-ын гишүүн болсон юм. 2004 онд сонгуулийн 64-р тойрогт бие даан нэр дэвшиж 2 дахь удаагаа, 2008 онд Арчилсан намаас Ховд аймагт нэр дэвшин 3 дахь удаагаа, 2012 онд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж тус дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр 4 дэх удаагаа сонгогдон ажилласан. 2016 оны УИХ-ын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдэд боломж олгох үүднээс өөрийн нэрийг сайн дураар татсан.

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд

1998 оны Ц.Элбэгдоржийн Засгийн газарт гадаад хэргийн яамны сайдаар томилогдож, Монгол улсын хоёр талын хийгээд олон талын гадаад харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилтыг түлхүү анхааран ажилласан билээ.

Монгол улсын Ерөнхий сайд

Монгол улсын 21 дэх Ерөнхий сайд, ардчилсан засгийн газрын 5 дахь тэргүүнээр 1999 оны 7 сард Р.Амаржаргал 38 настайдаа томилогдсон.

Түүний эзэмшисэн мэргэжил мэдлэг, ажлын үр дүн, амьдралын туршлага нь хүнд хэцүү цаг үеийн Засгийн газрын тэргүүнээр томилогдон ажиллахад ач тусаа өгч, чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайн үед Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, шинэ баг бүрдүүлэх боломж хийгээд эрх мэдэл түүнд байсан ч цаг хугацаа алдаж байснаас ажиллаж байсан хүмүүстээ итгэд өгөөд гар нийлж ажиллая гэсний эцэст тэд бүгд чадлынхаа хэрээр зүтгэсэн юм. Өгөгдсөн улс төрийн хугацаа богино хэдий ч Р.Амаржаргалын засгийн газар тухайн үеийн банк, санхүүгийн шинэтгэл, тэтгэврийн тогтолцоо, амьжиргааны доод түвшинг дээшлүүлэх талаар дорвитой ажил хийж чадсан төдийгүй, банк санхүүгийн салбарын шинэчлэлийн бодлогыг анх хэрэгжүүлсэн.

Монгол улсын эдийн засгийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, үндэсний хөгжлийн стратеги болон шинэ тогтолцоонд зохицсон улс төрийн институтциудын гүйцэтгэх үүргийн талаархи үзэл санааг төлөвшүүлэх, мэдээлэл холбооны шинэ технологийг өргөн ашиглах, илүү тод засаглал гэсэн зорилтыг Р.Амаржаргал өөрийн засгийн газрын танхимын тэргүүлэх зорилт хэмээн тодорхойлон ажилласан билээ.

Амаржаргал сан

 
Р.Амаржаргал илтгэл (NOUS)

Монгол улс нийгэмэдийн засаг, улс төрийн томоохон өөрчлөлтөнд сүүлийн 15 жилд өртөж байна. Энэхүү үйл явдлыг онол практикийн хүрээнд судлах, судалгаа шинжилгээний үр дүнг хэрэгцээт байгууллагуудад хүргэх, өөрчлөлт шинэтгэлийн асуудлаар дотоод гадаадын байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллах, гадаадын зээл, тусламж болон хөрөнгө оруулалтыг татахад чиглсэн үйл ажиллагааг дэмжих, судалгаа шинжилгээний материалыг олон нийтэд хүргэх, иргэдийг нийгмийн амьдралд оролцох идэвхижлийг өрнүүлэх, нийгэм эдийн засаг, улс төр, эрх зүйн чиглэлийн судалгаа шинжилгээний ажил хийж буй хүмүүст, ялангуяа залуучуудад дэмжлэг үзүүлэх, ШУТехник, технологийн тэргүүний ололтыг Монголд нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих замаар Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилго бүхий ТББ Амаржаргал санг 2000 онд байгуулахаар үүсгэн байгуулагчид санаачилсан билээ.

Монгол улсын хөгжил дэвшлийг хангахад бүх талын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий дурын нийгэмд үйлчилдэг, аливаа намын харъяа бус, төрийн бус байгууллага юм.

Гавьяа шагнал